Кпопын эргэн тойронд: BIG BANG хамтлаг ШИНЭ УРАН БҮТЭЭЛ гаргана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-06-15

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп хөгжим сонсогчдодоо зориулан өнгөрсөн долоо хоногт Кпоп ертөнцийн эргэн тойронд болсон сонирхолтой үйл явдлуудыг багцлан хүргэж байна.

"КПОПЫН ХААД" BIG BANG ХАМТЛАГ ДУУ ГАРГАНА

Big Bang хамтлаг гурван жилийн хугацаанд завсарлага авсны эцэст сонсогчидтойгоо "Coachella 2020" наадмын тайзан дээрээс шинэхэн уран бүтээлээрээ уулзах ёстой байсан боловч тус наадам "COVID-19" цар тахлын улмаас цуцлагдсан юм.

Харин зургадугаар сарын 12-ны өдөр БНСУ-ын Naver сайтаас “Big Bang хамтлаг BLACKPINK хамтлагийн эргэн ирэлтийн дараа шинэ дуу гаргана” гэж мэдээлжээ. Хэдийгээр YG энтертайнментийн зүгээс энэ мэдээллийг баталж, нэмэлт тайлбар хийгээгүй боловч Naver сайтын мэдээлэл үнэн байх магадлал өндөртэй аж. Учир нь Naver сайт YG энтертайнментийн томоохон хувьцаа эзэмшигч юм.

Мөн Sports DongA сайтаас “Домогт Big Bang хамтлаг шинэ дуу гаргахаар бэлдэж байгаа. Coachella наадам цуцлагдсан ч тэд шинэ дуугаа гаргах болно” гэжээ. Мөн тус сайтаас YG энтертайнментийн өмнөх мэдэгдлийг жишээ татсан байна:

- “Big Bang хамтлаг шинэ уран бүтээл хийж Кпопын түүхийг үргэлжлүүлэн бичих болно. Big Bang хамтлагийн гишүүд 2020 онд эргэн ирэлт хийх төлөвлөгөөтэй байгаа”

BLACKPINK ХАМТЛАГИЙН ШИНЭ ДУУНЫ TEASER ЗУРАГ ЦАЦАГДЛАА

YG энтертайнментийн шилдэг охидын хамтлаг болох BLACKPINK хамтлаг энэ онд бүрэн хэмжээний цомог гаргана гэдгээ мэдэгдсэн билээ. Ийнхүү цомгийн нэг дуу нь энэ сарын 26-ны өдөр цацагдах бөгөөд YG энтертайнментаас албан ёсны тизер зургуудыг гаргажээ.

BLACKPINK хамтлаг одоогоор 10 гаруй дуу бичүүлсэн бөгөөд бүрэн хэмжээний цомог нь есдүгээр сард нээлтээ хийнэ гэдгийг YG энтертайнментаас мэдэгдсэн юм. Мөн цомог нээлтээ хийсний дараа тус хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээлээ гаргах аж.

BTS ХАМТЛАГ ШИНЭ РЕКОРД ТОГТООЖЭЭ

Ази төдийгүй дэлхий дахиныг байлдан дагуулж буй BTS хамтлаг дахин нэг рекорд тогтоолоо.

Зургадугаар сарын 14-ний өдөр BTS хамтлаг “Bang Bang Con: The Live” нэртэй онлайн тоглолт хийсэн бөгөөд ойролцоогоор 100 минут үргэлжилсэн тус тоглолтыг 107 орны 756,600 хүн үзсэн байна. Ийнхүү Big Hit энтертайнментаас Yonghap мэдээллийн сайтаар дамжуулан "BTS хамтлагийн Bang Bang Con: The Live онлайн тоглолт нь дэлхийн хамгийн олон хүн үзсэн онлайн тоглолт боллоо" хэмээн зарласан байна.

TWICE ХАМТЛАГ ХӨГЖМИЙН НЭВТРҮҮЛГИЙН 100 ДАХЬ ЦОМОО АВЛАА

БНСУ-ын “Үндэсний охидын хамтлаг” тодотголтой TWICE хамтлаг “More and More” нэртэй шинэ уран бүтээлээ шүтэн бишрэгчдэдээ толилуулсан билээ. Ийнхүү тус дуугаараа зургадугаар сарын 12-ны "Music Bank" хөгжмийн нэвтрүүлэгт ялалт байгуулжээ. Энэ нь тэдний 100 дахь ялалт буюу хөгжмийн нэвтрүүлгээс авч буй 100 дахь цом болсон байна.

Кпопын түүхэнд хоёр л охидын хамтлаг хөгжмийн нэвтрүүлэгт 100 удаа ялалт байгуулсны нэг нь Girls Generation хамтлаг бол нөгөөх нь TWICE аж.

Энэ үйл явдлын дараа TWICE хамтлаг “Music Core” нэвтрүүлэгт “More and More” дуугаараа ялалт байгуулж 101 эх цомоо гардан авснаар Кпопын түүхэн дэх хамгийн олон хөгжмийн нэвтрүүлгийн цомтой охидын хамтлаг болсон байна.

TVXQ CHANGMIN ГЭРЛЭНЭ

Кпопын домогт хөвгүүдийн хамтлаг болох TVXQ хамтлагийн гишүүн Changmin тун удахгүй гэрлэхээр болжээ. Тэрээр өөрийн гэрлэж буй талаараа захидал бичсэн байна.

- “Сайн байцгаана уу. TVXQ Changmin мэндчилж байна.

Шүтэн бишрэгчдэдээ хэлэхийг хүссэн зүйл байгаа учраас зориг гарган энэ захидлыг бичиж байна. Энэ бол амархан хэлчих зүйл биш учраас үг бичих бүрдээ маш их сандарч байна.

Нөгөөтээгүүр энэ гэнэтийн мэдээ намайг хайрладаг зарим шүтэн бишрэгчдийн минь урмыг хугалж, бухимдуулахвий гэхээс шаналж байна. Гэсэн хэдий ч миний амьдралын томоохон үйл явдал учраас бусдын биш өөрийн үгээр мэдэгдэх ёстой гэдгийг ойлгож байна.

Дуучин болоод 17 жил өнгөрчээ. Тэр үед гэнэн, алдаа дутагдал ихтэй ахлах сургуулийн сурагч байсан бол одоо миний нас аль хэдийнэ 30 гарсан байна. Миний амьдралын бараг тэн хагас нь TVXQ хамтлагт өнгөрсөн. Эргээд харахад Yunho бид хоёр TVXQ хамтлагт юу хийх ёстойгоо мэддэггүй байсан бол шүтэн бишрэгчид минь биднийг хамгаалдаг байжээ. Та нар минь биднийг агуу хайраар хайрласан болохоор бид хоёр энэ хүртэл явж чадсан юм. Маш их баярлалаа.

Та бүхэн мэдээ уншсан бол намайг үерхэж байгааг мэдсэн байх. Бид бие биендээ итгэж, бие биенийгээ хайрладаг бөгөөд энэ л хүнтэй амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа тул есдүгээр сард хуримаа хийхээр шийдлээ. Миний шийдвэрийг дэмжсэн хамтлагийн гишүүн Yunho болон надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгсөн агентлагийн ажилтнууддаа маш их талархаж байна.

Миний өнөөг хүртэл явсан замаас илүү ирээдүйд явах замд минь асар их үүрэг хариуцлага хүлээж байгаа гэж бодож байна. Тиймээс агшин бүрд хичээнгүйлэн амьдарч, өрхийн тэргүүний үүргээ биелүүлэх болно. Үүнийг минь хамгийн их дэмжиж, урам өгч буй хүн бол TVXQ хамтлагийн Yunho юм.

Хэдийгээр одоо зун болж байгаа ч дэлхий дахинд хүйтэн жавартай байгаа мэт санагдаж байна. Хүн бүр өөрийн эрүүл мэнд, сэтгэл зүйдээ анхаарал тавиарай. Миний урт захидлыг уншсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье”

YOUNG MIN AB6IX ХАМТЛАГААС ГАРНА

Brand New Music энтертайнментаас AB6IX хамтлагийн гишүүн Young Min хамтлагаасаа гарахаар болсныг мэдэгджээ.

Зургадугаар сарын 4-ний өдөр BNM энтертайнментийн зүгээс Young Min түр хугацаанд хамтлагийн үйл ажиллагаанаас завсарлага авна хэмээн мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч Lim Young Min цаашид хамтлагийн бусад гишүүддээ хохирол учруулахгүйн тулд хамтлагаасаа гарахаар болсон байна. Ийнхүү BNM энтертайнментийн зүгээс тус хамтлагийн шүтэн бишрэгчдэд ийм мэдээ дуулгаж байгаадаа уучлалт хүсчээ.

ASTRO ХАМТЛАГ ОНЛАЙН ТОГЛОЛТ ХИЙНЭ

Fantagio Music энтертайнментаас ASTRO хамтлаг “2020 ASTRO Live on WWW” нэртэй онлайн тоглолт хийхээр болсныг мэдэгджээ.

Энэ нь ASTRO хамтлагийн нэг жил зургаан сарын дараах анхны тоглолт бөгөөд зургадугаар сарын 28-ны өдөр "Kiswe Mobil" хэмээх стартап платформоор шууд дамжуулагдах юм байна.

ASTRO хамтлагийн онлайн тоглолтын тасалбар зургадугаар сарын 16-наас эхлэн Melon сайтаар худалдаалагдах аж.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#kpop #Big bang #Twice #BLACKPINK