

Холливудын хамгийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг Том Холланд энэ жил Кристофер Ноланы "The Odyssey" болон "Spider-Man: Brand New Day" гэсэн оны хамгийн их хүлээлттэй хоёр бүтээлээрээ үзэгчидтэй уулзаж байна. Эдгээр киноны сурталчилгааны үеэр тэрээр өмнө нь төдийлөн ярьж байгаагүй нэгэн сонирхолтой зүйлээ хуваалцжээ.
Тэрээр Dish Podcast-ын өмнө долоо хоногийн дугаарт оролцохдоо кино сурталчлах үеэр жүжигчдэд ямар мэдрэмж төрдөг талаар нээлттэй хуваалцжээ.
"Өөрийнхөө дуртай, бахархдаг киног сурталчлах үнэхээр амархан байдаг. Хүмүүс яагаад энэ киног үзэх ёстой вэ? гэж асуухад худлаа ярих шаардлагагүй. Чи өөрөө ч хүмүүсийг үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг." хэмээн тэр тодотгож байлаа.
Гэхдээ "Өмнө нь яагаад энэ киног үзэх хэрэгтэй вэ? гэж асуухад дотроо үнэндээ үзэх хэрэггүй дээ гэж бодож байсан үе бий” гэж байв Холланд ямар кинонуудынхаа тухай ярьж байгаагаа нэрлээгүй ч Холливудад жүжигчид өөрсдийн тоглосон бүтээлүүдийг чанараас нь үл хамааран сурталчлах шаардлагатай болдог талаар ийнхүү илэн далангүй хуваалцсан нь олон хүний анхаарлыг татжээ.

Энэ удаад харин өөр сэтгэгдэлтэй байгаа гэнэ. Энэ жилийн хувьд Том Холланд сурталчилгааны ажлаа маш дуртай хийж байгаагаа хэлсэн байна. Учир нь тэрээр энэ жил тоголсон кинонуудын чанарт үнэхээр итгэлтэй байгаа гэжээ.
"Үнэнийг хэлэхэд яг л шагналаа авах гэж байгаа юм шиг санагдаж байна. Би энэ бүх цаг мөчөө үнэхээр их нандигнаж байгаа. Хоёр киногоороо хоёулангаар нь маш их бахархаж байна."
"The Odyssey" кино нь алдарт найруулагч Кристофер Ноланы найруулсан Гомерын алдарт туульсаас сэдэвлэсэн түүхэн, адал явдалт бүтээл бөгөөд Том Холланд Телемакусын дүрийг бүтээсэн юм. Харин "Spider-Man: Brand New Day" нь түүний Spider-Man дүрээр эргэн ирж буй шинэ бүлэг билээ.
Ярилцлагын үеэр Холланд хамтран тоглогч Энн Хэтэуэйгээс олон зүйл сурч байгаагаа мөн дурдсан байна. "Сүүлийн хэдэн өдөр Энн Хэтэуэйтэй хамт олон ярилцлагад оролцлоо. Миний хувьд энэ бол үнэхээр том сургамж байлаа. Тэр үнэхээр мэргэжлийн хүн." гэж байлаа.
Том Холландын хувьд энэ жил томоохон шинэ кинонуудаараа жүжигчний карьерынхаа шинэ үе шатыг эхлүүлж буй он болж байна. Харин өөрийнх нь хэлснээр энэ удаад үзэгчдэд энэ киног заавал үзээрэй гэж хэлэхдээ өмнөхөөсөө илүү итгэлтэй байгаа хэмээн хуваалцжээ.
Эх сурвалж: Dish Podcast
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!