“Гүнж мэлхий хоёр” эргэн ирнэ: Disney Tiana гүнжийн түүхийг live-action кино болгон хөгжүүлж эхэллээ


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Disney-ийн хамгийн хайртай гүнжүүдийн нэг болох Tiana шинэ дүр төрхөөр дэлгэцнээ эргэн ирэх гэж байна. Тус компани 2009 онд гарсан “The Princess and the Frog” буюу монгол орчуулгаар “Гүнж мэлхий хоёр” хүүхэлдэйн киноны ертөнцөөс сэдэвлэсэн шинэ live-action бүрэн хэмжээний кино төслийг хөгжүүлж эхэлжээ.

Гэхдээ энэ бүтээл нь өмнөх хүүхэлдэйн киног шууд хуулбарласан remake биш бөгөөд Tiana гүнжийн түүхийг цааш өргөжүүлэх шинэ, оригинал өгүүлэмжтэй төсөл байх төлөвтэй байна. Төслийн зохиолыг Colman Domingo болон Robert O’Hara нар хамтран бичихээр яригдаж байгаа бөгөөд кино одоогоор хөгжүүлэлтийн эхний шатандаа явж байна.

Tiana гүнж бодит ертөнцөд хэрхэн амьдрах вэ?

“Гүнж мэлхий хоёр” нь Disney-ийн 2009 онд бүтээсэн сонгодог гар зурмал хүүхэлдэйн кинонуудын сүүлийн үеийн төлөөлөлд тооцогддог. Үйл явдал 1920-иод оны Нью-Орлеанс хотод өрнөж, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хичээдэг тогооч болох хүсэлтэй залуу бүсгүй Tiana болон ханхүү Naveen-ийн адал явдлыг өгүүлдэг.

Tiana нь Disney-ийн түүхэн дэх анхны хар арьст гүнж гэдгээрээ онцлог бөгөөд зөвхөн хайр дурлалын түүхээс илүүтэй хөдөлмөрч зан, бие даасан байдал, мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг дүрээрээ олон үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.

Шинэ live-action хувилбараар Нью-Орлеансын жазз хөгжим, Луизианагийн байгаль, хотын өвөрмөц соёл, Tiana-ийн рестораны мөрөөдөл зэрэг элементүүдийг бодит жүжигчид болон орчин үеийн кино технологийн тусламжтайгаар илүү өргөн хүрээнд харуулах боломжтой болж байна.

Фэнүүдийн хамгийн их хүлээж буй зүйлс

Одоогоор жүжигчдийн бүрэлдэхүүн, зураг авалтын хугацаа болон нээлтийн өдөр албан ёсоор зарлагдаагүй байгаа ч Tiana-ийн дүрийг хэн бүтээх вэ гэдэг нь олон улсын кино сонирхогчдын анхаарлыг татаж эхэлжээ.

Ялангуяа Tiana, Prince Naveen, Dr. Facilier зэрэг танил дүрүүд live-action хэлбэрээр ямар харагдах бол гэдэг нь фэнүүдийн хамгийн их сонирхож буй асуултуудын нэг болж байна.

Disney-ийн “амьд” ертөнцөд шилжих шинэ алхам

Сүүлийн жилүүдэд Disney “The Little Mermaid”, “Beauty and the Beast”, “Aladdin”, “The Lion King” зэрэг олон алдарт бүтээлээ бодит жүжигчид болон дэвшилтэт визуал эффект ашиглан дахин бүтээж байгаа. Харин Tiana-ийн шинэ төсөл нь зөвхөн хуучин түүхийг давтах бус, тухайн дүрийн ертөнцийг цааш хөгжүүлэх чиглэлтэй гэдгээрээ онцлог болж байна.

Одоогоор “The Princess and the Frog” live-action киноны албан ёсны нээлтийн огноо гараагүй байгаа ч Disney-ийн хамгийн өвөрмөц гүнжүүдийн нэг болох Tiana бодит дэлгэц дээр хэрхэн амьдрахыг дэлхий даяарх үзэгчид тэсэн ядан хүлээж байна.

#Гүнж мэлхий хоёр