Дэлхий дээрх хамгийн эртний арван их сургууль


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Их сургуулиуд хэдэн зууны туршид оршсоор ирсэн ч төдийгөөс өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй нь ховор. Ихэнх их сургуулиуд нэг бол ажиллахаа больж, коллеж болон хуваагдаж, эсвэл бүр танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн байдаг.

Харин орчин үед ч үүдээ хаалгүй тэсэж үлдсэн дээд сургуулиудын хувьд энэ байдал нь тэдгээрийн хүч чадлыг харуулж байна уу гэлтэй.

Гэхдээ энэхүү жагсаалт нь дэлхийн хамгийн эртний их сургуулиудыг он оноор нь жагсаасан гэхээс илүүтэй олон улсад дээгүүр бичигддэг эртний их сургуулиуд болохыг анхаараарай.

БОЛОНЬЯГИЙН ИХ СУРГУУЛЬ

Байршил: Итали

Байгуулагдсан он: 1088 он

“Суралцахуйн эх өлгий” хэмээх уриатай 1088 онд байгуулагдсан Болоньягийн их сургууль нь үйл ажиллагаагаа зогсоож байсан удаа байхгүй бөгөөд дэлхийн хамгийн эртний их сургууль гэсэн нэрийг зүүдэг.

Гэхдээ анхандаа уг их сургуульд зөвхөн докторын зэрэг горилогсод суралцдаг байсан ч орчин үед үүнийгээ өөрчлөн бүхий л ажил мэргэжил, зэрэг дэвийн боловсролыг оюутнуудад олгож байна.

Болоньягийн их сургуульд одоогийн байдлаар нийт 87,760 оюутан суралцдагийн 6,400 нь олон улсын оюутнууд. Их сургуулийг төгссөн алдартай төгсөгчид гэвэл гурван Пап лам, маш олон бизнесменүүд болон хэд хэдэн Италийн улс төрчдийг нэрлэж болно.

ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛЬ

Байршил: Их Британи

Байгуулагдсан он: 1096-1167 он

28 Их Британий ерөнхий сайд, Кантербэр сүмийн 20 тэргүүн, 12 ариун лам, 77 Нобелийн шагналтнууд болон цор ганц Стивен Хокинг зэргээрээ Оксфорд нь эртний сургууль гэдгээсээ гадна дэлхийд хүндлэгддэг.

Хэдийгээр Оксфорд яг хэзээ байгуулагдсан гэдэг нь тодорхойгүй байдаг ч зарим нэг баримтаар 1096 оны үед хичээл зааж байсан нь нотлогддог. Зарим хүмүүс бүр 1096 оноос өмнө үйл ажиллагаа явуулж байсан ч гэдэг.

Оксфордын их сургууль нь үнэхээр л чансаагаараа дээр бичигддэг эртний их сургууль мөн бөгөөд 24,300 гаруй сурагчтай.

САЛАМАНКАГИЙН ИХ СУРГУУЛЬ

Байршил: Испани

Байгуулагдсан он: 1134 он

Саламанкагийн их сургууль нь 1134 онд байгуулагдаж, 1218 онд эзэн хааны гэрчилгээг авснаараа одоо үйл ажиллагаагаа явуулахаа больсон Паленсиагийн их сургуулийн дараа ордог Испаний хамгийн эртний их сургууль юм.

Мадридийн баруун талд байрлах энэхүү их сургууль нь 15-р зууны сүүлээр Христофер Колумб Энэтхэгийн далайн аялалд хааны дэмжлэгийг авах хүсэлтээ тавьсан газар билээ.

Саламанкагийн их сургуульд 26,746 гаруй оюутан суралцдаг бөгөөд нийт есөн кампустай.

ПАРИСЫН ИХ СУРГУУЛЬ

Байршил: Франц

Байгуулагдсан он: 1160-1250 он

Хэдийгээр Францын хувьсгалын дараа 1793 болон 1896 онуудад үйл ажиллагаагаа түр зогсоож байсан ч Францын нийслэлд байрлах Парисын их сургууль нь 1160-1250 оны хооронд байгуулагдсан гэдгээрээ Европын хамгийн эртний сургуулиудын нэгт тооцогддог.

1970 онд тус сургууль 13 хэсэгт хуваагдан үйл ажиллагаагаа явуулах болсон ч анхны нэр хүндээ алдаагүй байсаар буй.

КАМБРИЖИЙН ИХ СУРГУУЛЬ

Байршил: Их Британи

Байгуулагдсан он: 1209 он

Камбрижийн их сургууль нь улс төрийн үзлээсээ болж Оксфордын их сургуулиас гарсан хэсэг бүлэг эрдэмтдийн байгуулсан сургууль юм.

Оксфорд, Камбриж хоёр нь маш олон уламжлалыг хуваалцдаг ба бие биестэйгээ найрсгаар өрсөлддөг.

Камбрижид нийт 23,247 оюутан суралцдаг бөгөөд үүний 5,340 нь Европын Холбооны улсуудаас гаднах улсуудаас ирсэн суралцагчид юм.

ПАДУЯГИЙН ИХ СУРГУУЛЬ

Байршил: Итали

Байгуулагдсан он: 1222 он

Падуягийн их сургууль нь 1222 онд байгуулагдсан бөгөөд Итали дахь одоо ч үүд хаалга нь нээлттэй эртний их сургуулиудын нэг.

Тус сургууль нь сансар судал, хууль эрх зүй, анагаах ухаан, философийн салбаруудад бүр эртнээс судалгаа шинжилгээ хийж байснаараа алдартай. Одоо Падуягийн их сургууль ойролцоогоор 62,500 сурагчтай.

Падуя нь Уильям Шекспирийн алдарт жүжиг “The Taming of the Shrew”-ийн үйл явдал өрнөдөг хот юм.

1545 онд Università di Padova нь Падуягийн Ботаникийн цэцэрлэгийг байгуулсан бөгөөд энэ нь дэлхийн хамгийн эртний академик цэцэрлэгүүдийн нэг болжээ. Мөн сургууль нийт есөн музей ажиллуулдаг.

НЕАПОЛЬ ХОЁРДУГААР ФЕДЕРИКОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Байршил: Итали

Байгуулагдсан он: 1224 он

Ариун Ромын эзэн хаан байсан хоёрдугаар Фредрик уг сургуулийг 1224 онд байгуулсан Неаполь хотод байршдаг. Неаполь нь Италийн гурав дахь хамгийн том хот, мөн дэлхий дээрх хамгийн эртний одоо ч хүн амьдарч буй хотуудын нэг.

Неаполь хоёрдугаар Федерикогийн их сургууль нь маш олон хөтөлбөртэй тул ойролцоогоор 80,000 гаруй мянган оюутныг суралцуулдаг.

Энэхүү их сургуулийн хамгийн нэрт түүхэн төгсөгчдийн нэг нь философер, шашны теологич Томас Аквински юм.

СИЕНАГИЙН ИХ СУРГУУЛЬ

Байршил: Итали

Байгуулагдсан он: 1240 он

Сиенагийн жижиг хотод байрлах уг их сургууль нь дэлхийд чансаагаараа өндөрт бичигддэг эртний их сургуулиудын нэг.

Нийт 20,000 гаруй сурагчдыг суралцуулдаг нь тус хотын иргэдийн хагастай тэнцэх хэмжээний тоо юм.

КОИМБРАГИЙН ИХ СУРГУУЛЬ

Байршил: Португал

Байгуулагдсан он: 1290 он

Хэдийгээр анх уг их сургууль нь Португалийн нийслэл хотод байгуулагдсан хэдий ч эзэн хааны зарлигаар хэд хэдэн удаа байршлаа солин эцэст нь Португалийн гурав дахь том хот болох Коимбрад байрших болжээ.

24,000 гаруй оюутнуудтай тус сургуульд маш олон өөрчлөлтүүд хийгдэж байсан ба 18-р зууны үед Португал дахь цорын ганц их сургуулийн үүргийг гүйцэтгэгч болж байв.

Коимбрагийн их сургууль нь өөрийн түүхэн барилга, соёлын уламжлал болон үзэсгэлэнтэй хотын үзэмжээрээ ЮНЕСКО-гийн соёлын өвд 2013 онд бүртгэгдсэн байдаг.

АЛ-АЗХАР ИХ СУРГУУЛЬ

Байршил: Египет

Байгуулагдсан он: 970 он

Ал-Азхар нь их сургууль гэх нэршлийг албан ёсоор 1961 онд авсан боловч Египетийн Каир хотод 970 онд үүсгэн байгуулагдсан тул жагсаалтад бичигдэх ёстой сургууль юм.

Анхандаа уг сургууль нь анхан шатны боловсролоос дээд шатны боловсрол хүртэлх түвшний хичээлүүдийг заадаг байсан Ислам шашны төв байв. Гэхдээ он цагийн аясаар энэ байдал өөрчлөгдөж орчин үеийн мэргэжлийн хичээлүүдийг заах болжээ.

Эх сурвалж: TopUniversities

#их сургууль