Селена Гомез: Таван минутын хурдтай гүйлт, явган аялал намайг сэтгэл гутралаас аварсан


Үжин | YOLO.MN
2017-03-03

Хэн бүхний амьдралд нь гунигт мөч, харуусал төрүүлэм зүйлс тохиодог билээ. Гэхдээ тухайн хүнд тэрхүү хэцүү үеийг даваад гарах сэтгэлийн тэнхээ, эерэг чадвар, зориг тэвчээр тэр хэмжээгээрээ байх ёстой. Учир нь ингэж чадахгүй бол хүн өөрийгөө болон ойр дотны хайртай хүмүүсээ сэтгэлийн дарамтанд оруулах сөрөгт талтай. Тэгвэл дэлхийн зарим одод сэтгэцийн эрүүл мэндийн ямар бэрхшээл тулгарч байсан болон түүнийгээ хэрхэн даван туулсан талаарх мэдээллийг хүргэе.

Дуучин Дэми Ловато
Түүнийг сэтгэлзүйн дарамт, стесстэй байсан гэдгийг хүн бүр л мэдэх байх. Бараг хоёр жил хэртэй үүндээ шаналж, хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй явсан. Өдгөө эрүүл саруул болсон тэрээр энэ талаар дурсахдаа “Би сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээнд явах хүртлээ өөрийгөө яагаа ч үгүй, эрүүл л гэж бодож байлаа. Гэтэл эргээд бодоход тийм биш байсан. Нэг шөнийн дотор долоон дуу бичиж дуусгах гэж улайран хичээхдээ би энэ өвчнөөр өөрийгөө зовоох нөхцлийг бүрдүүлж байгаагаа анзаараагүй. Харин одоо бол би өөрийгөө хянаж чаддаг, хэзээд нь юмаа хийх вэ, ямар цаг хугацаанд юмаа амжуулах вэ гээд өөрийгөө ямагт хянадаг болсон” хэмээн дурсчээ.


Усанд сэлэлтийн тамирчин, олимпын 28 медальтай Майкл Фелпс
Тэрээр жаалхүү байхдаа анхаарлаа удаан төвлөрүүлж чаддаггүй нэгэн төрлийн сэтгэцийн асуудалтай байжээ. Тиймээс түүнийг ямар нэгэн спортоор хичээллүүлэх шаардлага гарсны улмаас усанд сэлэлтыг сонгосон нь үр дүнгээ өгсөн гэдэг. Мөн тэрээр байнгын бэлтгэл сургуулилт, ширүүн өрсөлдөөн дунд байдаг учир сэтгэл санаагаа хааяа ч гэсэн тайван байлгахын тулд өсвөр наснаасаа эхэлж бясалгал хийдэг болжээ. Тэр өдгөө ч бясалгал үйлдэж тархи толгойгоо амраадаг байна.


Дуучин Леан Раймес
Kаунтри стилийн дуучин Леан Раймест хүнд хэлбэрийн сэтгэл гутралд автсан хар бараан өдрүүд бий. Тэрээр энэ талаар тухайн үед нэг ч дурсаагүй ч хэвийн болсныхоо дараа E! News телевизид өгсөн ярилцлагадаа энэ тухай ярьсан байдаг. “Би бүхэл өдөржин уйлдаг байсан, бүр орноосоо ч босдоггүй байлаа. Өсвөр наснаасаа буюу 13 настайгаасаа л би олны анхаарлын төвд байсан учир сэтгэлзүйн асуудал үүсэх нь аргагүй биз. Гэхдээ л би сэтгэл хөдлөлөө өөрөө захирч, сөрөг бодлыг бодохгүйг хичээх болж өөрийгөө ялан дийлж чадсан” хэмээжээ.


Жүжигчин Гвинет Пэлтроу
Холливудын алдарт жүжигчин Гвинет Пэлтроу хүү Мосесийг төрүүлснийхээ дараа буюу 2006 онд сэтгэл гутралын хүнд үетэй нүүр туулжээ. “Аз болж би эмнэлэгт хэвтэх шаардлага гараагүй, би өөрөө өөрийгөө эмчилсэн гэж боддог. Намайг харж байгаа олны нүднээс би ичсэн, тиймээс би өөрийгөө хянан захирч чадах ёстой гэж өөртөө байнга хэлдэг байсан учир энэ бүх сэтгэл гутралыг би даван гарсан. Хүүхэд гаргасны дараа ихэнх эмэгтэйчүүдэд энэ асуудал их, бага хэмжээгээр тулгардаг байж магадгүй юм. Гэхдээ даваад гарсны дараах эцсийн үр дүн хэвийн нөхцөл байдлыг авчрахаас гадна маш гайхалтай боломжийг шинээр нээж өгч болдог юм байна гэдгийг ухаарсан” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцаж байсан удаатай.


Жүжигчин Дрю Бэрримор
“Анхны 50 болзоо” киноны жүжигчин Дрю Бэрримор сэтгэл гутралын хурц хэлбэр бүхий дарамттай байжээ. Өсвөр насны охин байхдаа ч үүндээ шаналж элдэв хорт зуршлуудаасаа гарах гэж ихэд хичээдэг байж. Энэ бүх хар бараан зүйлээс түүнийг “бясалгал” аварсан гэж тэрээр хэлэх дуртай. Түүний амьдралын салшгүй нэг хэсэг нь өдгөө ч бясалгал юм.


Жүжигчин Жим Кэрри
Инээдмийн киноны жүжигчин  Жим Кэрриг срессний эсрэг эмчилгээ хийлгэж байсан гэхэд нэг л итгэмээргүй. Учир нь түүний хэзээд хөгжилтэй, байнга л инээж явдгийг хүн бүр л мэднэ шүү дээ. Гэхдээ хүн л болсон хойно сэтгэл гутралд өртөж хэсэгтээ л уран бүтээлээ түр завсарласан билээ. “Түм түжигнэж бум бужигнасан орчноос заримдаа хэсэг зуур тасрах хэрэгтэй. Зарим нь ч тэндээ үүрд үлдэхийн илүүд үздэг. Бидэнд гарахыг хүсмээр олон оргил бий, гэхдээ л тэд бүгд янз бүр гэдгийг санах хэрэгтэй. Магадгүй бэлд нь байхад ч сэтгэл санаа тайван байж болно шүү дээ” хэмээн нэгэн ярилцлагадаа тэрээр алдар нэрийн өөд тэмүүлэх нь эцэстээ стресс үүсгэх магадлалтай болохыг дурдаад амжжээ.


Дуучин Селена Гомез
Найз залуу Жастин Биберээс салсны дараагаар өөрийгөө хэвийн мэт байлгахыг туйлаас хүсч, олны өмнө байнга инээмсэглэсэн царай гаргаж, аз жаргалтай юм шиг харагдахыг хичээж байгааг олон хүн анзаарсан байх. Гэхдээ тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ, Жастины шинэ найз охин Софиа Ричитэй авахуулсан зургаа Инстаграмд тавьснаас үүдэн сэтгэгдлээр үг хаяж маргасны дараа Жастин инстраграм хаягаа түр устгасан нь түүндээ хүнд цохилт болж сэтгэлээр унах нэг том шалтгаан болсон билээ.

Түүний дараагаар Селена  АНУ-ын Теннесси муж улсын нөхөн сэргээх төвд сэтгэл гутралын эсрэг эмчилгээ хийлгэсний эцэст тайзнаа эргэн ирсэн билээ. “Би гутрах гээд эхлэхээрээ 5 минут маш хурдтай гүйчихдэг. Түүний дараагаар өөр зүйл бодоод эхэлдэг. Мөн би явган аялал хийх дуртай болсон, ингэх нь надад байгалийн сайхныг харахаас гадна өөр зүйлд сатаарах нэг шалтгаан болдог. Амьдралын маш энгийн жижиг зүйлс л намайг эрүүл болгож, өөр зүйлд төвлөрүүлж чадах юм байна гэдгийг би мэддэг болсон” хэмээн Elle сэтгүүлд өгсөн саяхны ярилцлагадаа сэтгэгдлээ хуваалцжээ.

#music #celebrity #Weeknd #SelenaGomez #Justin #mentalhealth