Сайн дурын ажил хийх ХҮСЭЛТЭЙ залууст санал болгох байгууллагууд


Өнөөгийн нийгэмд сайн дурын ажил хийх нь хувь хүнийг тодорхойлох чухал хүчин зүйлсийн нэг болжээ. Сайн дурын ажил хийснээр нийгмийн идэвх оролцоогоо нэмэгдүүлэх, хамт олонтой болох, өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах, шинэ зүйлс сурч мэдлэгээ тэлэх зэрэг олон давуу талтай. Цаашлаад тэтгэлэгт хөтөлбөрт горилох, дадлага хийх, ажилд орох, гадаадад суралцахад хүртэл хэрэгтэй байдаг шүү дээ. Тиймээс уншигч залуус та бүхэнд Монголдоо ямар сайн дурын ажил хийж болох мөн ямар сайн дурын клубуудын үйл ажиллагаанд хамрагдаж болох талаарх нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

/Доор дурдсан байгууллагуудын ихэнх нь одоо үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан сайн дурын ажилтан элсүүлэн авахгүй байгаа тул байгууллага бүрийн албан ёсны хуудас руу хандан мэдээлэл авахыг зөвлөж байна. Байгууллагын нэрэн дээр дарахад албан ёсны Фэйсбүүк хуудас руу нь үсрэх болно./

1. САЙН ДУРЫНХНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

"Сайн дурынхны хөгжлийн төв" ТББ нь хоёр төрлийн сайн дурын ажил зохион байгуулдаг. Эхнийх нь өөрсдийн зүгээс хийж буй сайн дурын ажлууд, нөгөөх нь бусад байгууллагуудын зохион байгуулж буй ажлуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын ажилтнуудыг холбон, гүүр нь болох. 

Хэрэв та энэхүү байгууллагын сайн дурын ажлуудад оролцохыг хүсвэл Фэйсбүүк хуудсыг нь, эсвэл “VDC Сайн дурын ажил&Хувь хүний хөгжил” Фэйсбүүк группийг дагаж, шинээр зарлагдсан сайн дурын ажлуудад тухай бүрд нь хамрагдах боломжтой. Та бүхэнд нэгэн нууцыг задлахад "Сайн дурынхны хөгжлийн төв" ТББ тун удахгүй шинэ, сонирхолтой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

2. ACHILLES INTERNATIONAL MONGOLIA

"Achilles International Mongolia" ашгийн бус байгууллага нь жил бүр "Итгэл найдвар, Боломж Улаанбаатар" бүх нийтийн марафоныг зохион байгуулдаг бөгөөд уг марафоныг зохион байгуулахад туслалцах сайн дурын ажилтнуудыг бүртгэж авдаг байна. Та сайн дурын ажилтнаар бүртгүүлснээр бүх нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэл, амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах юм.

3. “БИД ЧАДНА” САЙН ДУРЫН ХӨТӨЛБӨР

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоотой нийгмийн загварыг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй, тууштай, хариуцлагатай оюутан сурагчдыг "БИД ЧАДНА- САЙН ДУРЫН ХӨТӨЛБӨР"-т бүртгэж авдаг байна. Гэвч энэ жилийн хувьд одоо үүсээд буй энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан ямар нэгэн хөтөлбөр зохион байгуулаагүй. Харин та үнэхээр тэдэнтэй нэгдэхийг хүсвэл дараа жилийн үйл ажиллагаанд нь бүртгүүлж болох юм. 

4. MONGOLIAN YOUTH COUNCIL / МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЭВСЭЛ

Монголын залуучуудын эвсэл нь бусад иргэний нийгмийн байгууллагууд болон ТББ-уудын зохиож буй арга хэмжээ, менторшип хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэдэг. Мөн гадаадын байгууллагуудтай хамтран зохиож буй үйл ажиллагаандаа сайн дурын ажилтан элсүүлдэг.

5. TEDX

Жил бүр манлайлагч залуусын сонирхолтой илтгэлийг хүргэдэг "TedX" арга хэмжээний зохион байгуулагчид багтаа сайн дурын залуус бүртгэн авч ажиллуулдаг. Энэ жил арга хэмжээгээ өмнөх жилүүдийнхээсээ ялгаатай байдлаар буюу онлайнаар зохион байгуулсан билээ.

6. PLAY TIME ХӨГЖМИЙН НААДАМ

Наадмыг амжилттай зохион байгуулахад оролцож, баг болж ажиллах хүсэл эрмэлзэлтэй, эх дэлхийгээ хайрладаг, ногоон тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй залуусыг "Playtime Festival"-д жил бүр сайн дурын ажилтнаар бүртгэж авдаг байна. 

Гэвч энэ жилийн хувьд мөн л виртуал хэлбэрээр зохион байгуулагдсан билээ. 

7. ЛАНТУУН ДОХИО ТББ

Лантуун дохио ТББ бидний мэдэх маш олон сайн үйлсийг нийгэмд хийж бүтээсэн хамт олон билээ. Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцдэг тус ТББ нь жилд нэгээс хоёр удаа шинэ гишүүд бүртгэж авдаг. Гишүүн болсон тохиолдолд тус байгууллагын хийж буй нийгмийн сайн сайхны төлөөх олон үйл ажиллагаануудад тогтмол биечлэн оролцох боломжтой юм.

8. НАЙЗ НЬ НАЙЗЫГАА ДЭМЖЬЕ ТББ

Найз нь найзыгаа дэмжье ТББ-аас жил бүр Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нэг хогийг Нэг амттанаар” хэмээх аяныг зохион байгуулдаг аж. Тус аяныг зохион байгуулахад туслах сайн дурын ажилтнуудыг баярын өмнөх саруудад шалгаруулан, сургалтад хамруулан бүртгэж авдаг байна.

Дээрх нэр дурдсан байгууллагуудаас гадна нэг удаагийн төсөл дээр ажиллах сайн дурын ажилтнууд бүртгэж авдаг маш олон үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг шүү. Тиймээс та бүхэн өөрсдөө эрэлч, хайгуулч байж өөрт тохирох сайн дурын ажилд оролцоорой.

#Сайн дурын ажил #Зөвлөгөө #Залуус