Жуулчдыг хамгийн их татдаг улсууд


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Японы цасархаг уулсын оройгоос Критийн нууцлаг орднууд хүртэлх дэлхий дээрх аялагчдын соронз болж тэдний сэтгэлийг хөдөлгөж чаддаг сонирхолтой, үзэсгэлэнтэй газруудыг танилцуулах энэхүү нийтлэл нь таны дараагийн аяллын газрыг тодорхойлоход тусална гэдэгт найдаж байна.

Аяллын компани болох Go2Africa жилд ирэх жуулчдын тоогоор тэргүүлэх улсуудын судалгааг гаргажээ.

1. Франц

Жилд ирэх аялагчдын дундаж тоо: 100 сая

Франц нь нар туссан дарсны талбай, алпийн нурууны цасархаг оргилууд болон чамин хийцтэй кафегаар дүүрэн цэцэрлэгт гудамжтай мөрөөдлийн улс юм.

Парисын мөнхийн романтик уур амьсгал, Провансын лавандагийн талбай гээд анх удаа Францад зочилж байгаа хүмүүс тус улсын нүд унагам урлаг, гоёмсог барилга, баялаг түүхийг бишрэн гайхдаг. Хэн л Версалийн алтан танхимууд болон Нотр-Дамын готик сүмийг нүдээрээ гэрчилчхээд алмайрахгүй байж чадах билээ?

Хоолонд дурлагсад болон хоолны тухай өргөн мэдлэгтнүүдийн хувьд ч Франц нь сэтгэл хөдөлгөм улс болж өгдөг.

Парисын нуугдмал газарт байх нарийн боовны газрын круассан, Атлантын эргээс барьсан шинэхэн хийгээд давслаг хясаа болон Шатоноф-дю-Пал дарс урсдаг чулуун ханатай агуулахад боловсорсон аманд ороод л уусах Бри де Мо бяслаг гэх мэт бүс нутгийн онцгой амттанууд өнцөг булан бүрд бий.

2. Испани

Жилд ирэх аялагчдын дундаж тоо: 94 сая

Андалүсиагийн маврын орд харшуудаас Барселоны модернист шедеврүүд зэрэг байршдаг Испани нь нээлттэй музей мэт мэдрэмжийг үзсэн хүн болгонд төрүүлдэг.

Уудам талбайд ургасан оливын моднууд, өндөр уул хад, төгсгөл нь үл харагдах алтан эрэг зэргүүд нь Испани улсыг жуулчлагчдын гол бай болгодог байна.

Мадридэд та өргөн цэцэрлэгт гудамжнууд, дэлхийн хэмжээний зургийн үзэсгэлэнгүүдтэй таарах бөгөөд эдгээрийг сонирхсоныхоо дараа тав тухтай бааранд суугаад тапас, вермут зэргийг амтлах боломжтой.

Харин Барселона хот нь Гаудын ид шидийн архитектур болон далайн эргийн шөнийн амьдралаар дүүрэн байдаг бол өмнө зүгт байрлах Гранада, Севиль зэрэг хотуудын гэрлээр дүүрэн гудамж талбайд фламенго шувууны дуу цуурайтаж, жүржийн үнэр агаарыг бүрхэн байх ажээ.

Энд хоол бараг л шашин болсон гэж хэлэхэд болно. Шүүслэг хамон иберико, шарсан пататас бравас, далайн шинэхэн паэлья зэргүүдийг Риоха дарс эсвэл шаргал албариньотой хослуулан амтлах боломжтой.

3. АНУ

Жилд ирэх аялагчдын дундаж тоо: 72.4 сая

Эргээс эрэг хүртэл үргэлжлэх Америк нь машинаар үйлчлүүлэх боломжтой хоолны газрууд, таван одтой ресторанууд, родеос болон Бродвей шоу зэрэг маш олон эсрэг тэсрэг зүйлс зэрэгцэн оршдог 50 мужтай улс юм.

Нью Йорк хотод тэнгэр баганадсан барилгууд болон дэлхийн хэмжээний музей байх бол баруун эргээр Калифорны нарлаг далайн эргүүд, Силикон хөндийн технологийн хөгжил дэвшил хийгээд Лос-Анжелес хотын хуучны тансаг кино театрууд үйл ажиллагаагаа явуулж байдаг.

Байгальд дурлагчдын хувьд ч мөн Америк нь уйдаахаар газар биш бөгөөд Номхон далайн хойд бүсийн манант ой дундуур алхах, Гранд Каньоны эртний өргөн уудам төрхийг харах эсвэл Еллоустоуны халуун рашаан дээр очих боломжтой.

4. Итали

Жилд ирэх аялагчдын дундаж тоо: 68.5 сая

Амальфи эргийн нарлаг хавцлаас эхлээд Тусканигийн дарсны налгар талбай, цасанд хучигдсан Доломитын нуруу хүртэл Итали нь үргэлжид сэтгэл татам орон байсаар ирсэн бөгөөд тус улсын урлаг, түүх, хоол, романтик уур амьсгал бүгд хоорондоо нягт сүлжилдсэн байдаг.

Ромд та Колизейгээс Ватикан хүртэл алхаж явахдаа эртний байшин барилгуудын үлдэгдэл болон чамин Барокко усан оргилууруудыг зэрэгцэн байхыг харах болно.

Харин Венец хот нь манант усан сувгууд болон цаг хугацааны эрхэд хуучирч буй тансаг барилгуудтай ба уг өгөгдлүүд нь танд өнгөрсөн үеийн дурсамж мөн дээрээс нь нэмээд тансаг байдлыг мэдрүүлнэ.

Хойд зүг рүү яван Миланд очвол та тус хотын орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж буй хэв маяг, дээд зэргийн хувцасны соёлд татагдах бол Флоренц нь Ренессансын үеийн сүр жавхлан, дэлхийн хэмжээний галерейгаар гайхшируулдаг.

Хоолонд дурлагчид яах ёстой вэ гэж үү? Пьемонтын налгар толгод дээр зөөлөн Бароло дарс шимэх, Болоньяд гараар хийсэн пастаг сэрээгээрээ ороон идэх, Сицилийн хавтгай чулуун талбайд гараар хийсэн кремлэг желатог амтлах гэх мэт сэтгэл догдлом хоолнуудыг туршиж үзэх боломжтой.

5. Турк

Жилд ирэх аялагчдын дундаж тоо: 52.6 сая

Европ болон Азийн зааг дээр орших Турк улс нь Каскарын нуруун дахь тэвчээр шаардсан аялал, хэдэн зууны турш уламжлал болсон баялаг тансаг хамамын ёслолуудтай зэрэгцэн оршдог гэдгээрээ тэс өөр мэдрэмжүүдийг нэгэн зэрэг авах боломжтой улсуудын тоонд яах аргагүй ордог.

Өрнө ба Дорно уулздаг Истанбул хотод та Айя Софиягийн сүр жавхлан дунд алхаж, төөрдөг байшин мэт Гранд Базаарт төөрч, цай уунгаа Босфорын хоолойгоос нар жаргахыг харж болно.

Улсынхаа гүн хэсэгт Анатол хот сүндэрлэн байх ба тус хотод та Каппадокийн байгалийн үзэсгэлэнтэй танилцаж, яг л зүүд бодит болсон мэт харагдах тэнгэрт хөөрсөн өнгө өнгийн агаарын бөмбөлгүүдийг харах боломжтой.

Түүхэнд дурлагсдын хувьд гайхал төрүүлэм Эфес, Грек-Ромын үеийн сайтар хадгалагдаж үлдсэн хот, Троягийн эртний сүйтгэгдсэн барилгууд аяллын маршрутынх нь гол зогсоол болох нь дамжиггүй.

Харин номин ногоон эрэг дагуу Анталия, Бодрум зэрэг орших ба тэнд наранд гялалзан байх далайн эрэг, амьдрал буцалсан боомтууд байдаг.

Гэхдээ Турк нь зөвхөн байгалийн сайхан, үзэсгэлэнт хотуудаасаа гадна зочломтгой зангаараа алдартай. Та гудамжинд худалдаалагдах шарсан кебаб, олон давхар баклава, шинэхэн болсон смитийг идэж турк өтгөн кофег уунгаа уугуул иргэдийн сонирхолтой түүхийг сонсох боломжтой.

Эх сурвалж: Forbes

#аялал