Хүн зорилготой л бол АРГАА өөрөө олчихдог


Сондор | YOLO.MN
2020-12-23

Суугаа ажил, зохисгүй хооллолт, дасгал хөдөлгөөний дутагдал болон цаашлаад өнөөгийн нөхцөл байдалд авч үзвэл хөл хорионоос шалтгаалж хүмүүс жин нэмэх нь ихэсч байна. Жингийн илүүдэл нь аливаа хууч өвчний үндэс ч болдог хэмээн эмч мэргэжилтнүүд үздэг билээ. Бид энэ удаад өөрийгөө ялан дийлж хүссэн жиндээ хүрсэн буюу найман сарын хугацаанд 42,5 кг хассан 21 настай Н.Булгантамиртай түүний хэрхэн жин хассан түүх болон өөрийн туршлага дээр үндэслэн бичсэн номынх нь талаар ярилцлаа. 

- Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
- Намайг  Н.Булгантамир гэдэг. Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуульд дагалдан багшаар ажилладаг. Мөн 2015 оноос хойш илтгэх ур чадвар, мэтгэлцээний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэн бэлтгэж яваа залуу юм.

- Жингээ хасах шийдвэрийг яг хэзээ, магадгүй ямар үйл явдлын дараа гаргасан бэ?
- Их гоё асуулт байна. 2019 оны 9-11-р сар хүртэл “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны хүрээнд нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймаг тойрон ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын лекцээ хүргэх явцад "Голден Жим" фитнесс төвийн захирал Ц.Баянмөнх ах бүтэн нэг жил үнэ төлбөргүй явах эрхээр шагнасан юм. Монголчуудын хувьд үнэгүй юманд нугасгүй гэдэг дээ. (инээв) Тиймээс нэг удаа ороод үзье гэж шийдээд сарын дараа очсон. Анх очоод хэмжилт хийлгэтэл, бурхан минь би 137.5 кг жинтэй байсан. Тэгээд л турахгүй бол болохгүй юм байна гэсэн бодолтойгоо нүүр тулсан. 

Багшийн зааврын дагуу гүйлтийн зам дагуу багахан хурдаар гүйж эхэлсэн. Одоо бодоход уг нь их л бага хурдаар гүйсэн ч 20 минут ч хүрэлгүй гүйлтийн замаас буусан. Нүүр цайж, амьсгалахад хэцүү байсан болохоор багш дээрээ очоод юу гэж хэлэхээ мэдэхгүй, санаа зовсондоо ариун цэврийн өрөө орж амьсгаагаа даран амарч байсан мөч саяхан л юм шиг санагдаж байна. Маргааш нь дахиад очвол би чадах болов уу? гэж өөрөөсөө асуухад “Чи одоо л чадахгүй бол хэзээ ч өөрчлөгдөхгүй шүү дээ” гэж бодоод л дараа өдөр нь дахиад очсон. Магадгүй энэ үйл явдал, энэ үеийн шийдвэр өнөөдрийн Булгантамирыг бүтээсэн байх.

- Илүүдэл жинтэй байхдаа тулгардаг байсан бэрхшээл болон одоо үеэ харьцуулбал юу өөрчлөгдсөн бэ?
- Илүүдэл жин бол ер нь амьдралын буруу хэв маягийн үр дүн болон олон өвчний эхлэл юм шиг санагдсан. Богд уулын дугуй цагаан руу өмнө нь гарах гэж 2 цаг зарцуулахдаа дундаа маш олон амардаг байсан бол одоо нэг хэмнэлтэй хурдаар, удаандаа 40 минутад л гардаг болсон. Энэ л үед өөрчлөлтийг маш ихээр мэдэрсэн. Мөн хамгийн гоё мэдрэмж бол хувцас шинээр худалдан авах юм. Залуу хүний хувьд аль загварлаг зүйлийг нь л өмсөх гэж хичээх ч ихэнх нь таардаггүй байсан.  Мөн өмнө нь маш амархан ядардаг байсан. Одоо бол бие махбодийн хувьд улам л залуу, эрч хүчтэй болсон юм шиг санагддаг.

- Нийт 42 кг хасна гэдэг багагүй тэвчээр шаардах нь тодорхой. Өөрийгөө хэрхэн зоригжуулж, хэнээс урам зориг авч байсан бэ?
- Ер нь 2019 оныг хүртэл олон ч удаа турах гэж оролдсон. “Дахиад л буугаад өгөх юм биш байгаа даа” гэсэн бодол байсан. “Залуу хүний хувьд таргалалт бол арчаагүй байдлын шинж шүү” гэж өөртөө хатуухан хэлээд л зоригжуулдаг байлаа. Өдөр болгон жингээ үзээд долоо хоног болгон өөртөө зорилт тавин, хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн, амьдралын хэв маягаа өөрчлөх болсон. Хэн гэдгийг нь мэдэхгүй ч булчинлаг залуусын зураг хараад ийм болохгүй юм аа гэхэд өөрийгөө дийлэх хэрэгтэй шүү гэж нэг бодоод, эргэн тойронд хичээллэж байгаа мундаг хүмүүсийг хараад тэднээс юугаар дутах вэ дээ гэж бодоод л тэвчдэг байсан.

- Ямар хоолны дэглэм, спортын төрлийг хослуулж жингээ хассан бэ?
- Би саяхан “МИА ӨДРҮҮД” гэсэн номоо бичиж дууссан. Түүн дээр яг энэ талаар өгүүлсэн л дээ. Олон хүмүүс янз бүрийн дэглэм санал болгодог. Гэхдээ хүн болгонд тохирсон дэглэм гэдэг тун ховор шүү дээ. Тиймээс эхлээд надад юу тохирох, надад ямар амин дэм илүү хэрэгтэй гэдгээ мэддэг болох хэрэгтэй санагдсан. Спортын хувьд мөн л хүн болгонд өөр. Зарим нь сагс тоглох дуртай бол зарим нь теннис, усанд сэлэлт гээд л олон төрлийн спорт байна. Миний хувьд эхний 30 орчим кг хасах үедээ өглөө нь гүйлтийн зам дагуу гүйгээд, өдөр нь сагс тоглох дуртай байсан. Харин сүүлийн 10 кг-ийн хувьд сул унжсан арьсаа чангалах зорилготой усан сэлэлтээр хичээллэсэн.

Гэхдээ тодорхой спортын ур чадвар, сонирхолгүй хүн ч байдаг. Миний хувьд хөлсөө гаргах нь маш үр дүнтэй гэдгийг хамгийн сайн ойлгосон. Хөлсний үнэр бол хамгийн гоё үнэр. (инээв) 2020 он бүгдийн хувьд хөл хориотой жил болж өнгөрч байна. Энэ үед гэрийнхээ шал, цонх гээд л цэвэрлэж, хөдөлж болох бүх зүйлийг л хийж хөлсөө гаргадаг байсан. Үр дүнгээ ч өгсөн шүү.

- Бие даан жингээ хассан уу эсвэл дасгалжуулагч, зөвлөгч гэх мэт хэн нэгний тусламж байсан уу?
- Энэ асуултад тийм бас үгүй гэж хариулмаар байна. Үнэндээ хэн ч хэнийг ч турааж чадахгүй. Жингээ хасах бол тухайн хүний сэтгэлзүйн шийдвэр л байдаг. Сэтгэлзүйн шийдвэрээ гаргасан хүнд дэглэм, дасгал, хүндрэл бэрхшээл бүрийн арга замыг нь олоод харчихдаг юм шиг санагдсан. Фитнесс клубийн багш, усанд сэлэлтийн багш, зөв хооллолтын зөвлөгөө өгч байсан хүмүүс гээд дэмжиж байсан хүн олон.

Найз нөхөдтэйгөө уулзахдаа аль болох спортоор хичээллэх гэж оролддог болсон.  Мөн гадуур хоол идэхгүй байхыг хичээдэг. 

Харин эцсийн шийдвэрийг турах гэж шийдсэн хүмүүс өөрсдөө л гаргадаг. Учир нь хүний нүдийг хуурч болох ч бие махбодь, биеийн жингээ хуурч болохгүй шүү дээ.

- Жингээ хассанаар эрүүл мэнд, амьдралын хэв маяг, хандлагад гарч байгаа эерэг өөрчлөлтүүд юу байна вэ?
- Муу гэдгийг нь мэдсээр байж иддэг түргэн хоол, хийжүүлсэн ундаа, хэрэггүй гэдгийг нь мэдсээр байж худалдан авдаг эд бараа гэх мэт олон зүйлд өөрчлөлт орсон. Найз нөхөдтэйгөө уулзахдаа аль болох спортоор хичээллэх гэж оролддог болсон.  Гадуур хоол идэхгүй байхыг хичээдэг. Ундаа гэхээс илүү ус, органик жүүс уухыг хүсэмжлэх болсон. “Миа өдрүүд” номоос “Жолооч нар машиндаа муу шатахуун хийхээс татгалздаг байхад хүмүүс бид ходоодондоо муу бүтээгдэхүүн хийдэг юм биш биз” гэдэг өгүүлбэр их олон зүйл бодогдуулах байх гэж бодож байна.

- Өмнө нь илүүдэл жинтэйгээсээ шалтгаалж үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан уу? Өөртэй чинь асуудал нэг хүүхэд залууст хандаж хэлэх үг?

-“Тарган хүн тал бүрийн өвчтэй, тарган мал тал бүрийн ашигтай” гэсэн Монгол ардын зүйр үг байдаг шүү дээ. Хэнийг ч буруутгах билээ дээ. Өөртөө итгэх итгэлгүй байдал бол таргалалттай шууд холбоотой.  Дарамт шахалт гэх зүйл бараг мэдрээгүй. Учир нь хүрээлэл минь их эерэг байсан. Гэхдээ бас огтоос мэдрээгүй гэвэл худлаа болно.

Урмын үгсийг  уншаад, сонсоод л турдаг байсан бол илүүдэл жин, таргалалт гэдэг зүйл байхгүй байх байсан биз. Тиймээс одоогийн өөрийгөө хараад маргаашийн өөрийгөө бүтээгээрэй. Чи чадна. Миа өдрүүддээ баяртай гэж хэлээрэй л зөвлөмөөр байна. 

- “Унаган мах”, “Эгдүүтэй” гэх мэтчилэнгээр хүүхдийн таргалалтыг өөгшүүлэх, үл тоох тохиолдол байдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-“Жингийн илүүдэл, илүүдэл жин” гэдэг утгаараа ч илүү зүйл байгааг сануулдаг. Эртний суут сэтгэгч Күнз аливаа зүйлийн хэмжээ ихдэх болон дутуудах нь агаар нэг гэж хэлсэн байдаг шүү дээ. Үүнээс үзэхэд ч илүү бол аваад хаячих л хэрэгтэй. Буян байгаа юм, эгдүүтэй гэх үгүүд чинь ирээдүйд чамайг богино наслуулах шатны эхлэл л биз дээ. Шинжлэх ухаанч байдлаар хандсан эмч мэргэжилтнүүдийн ярилцлага, нийтлэл цахим ертөнцөд байдаг шүү.

- Гэнэтийн өөрчлөлтөөс тань үүдээд хүн танихгүй байх, цочирдож хүлээж авах тохиолдол гарч байна уу?
- Өмнөговьд цэргийн алба хааж байгаа хүнийг бид олуулаа эргэхээр явсан юм. Эргэчихээд буцахдаа бага зэрэг оройтсон учир машинд байсан бүх хүн ядарсан байдалтай эхнээсээ унтацгаав. Би жолоо барьж байлаа. Явдал дунд толь руугаа хальт хартал арын суудалд нэг хүн над руу хараад сууж байна. Яриа өдөх санаатай хэн юм бол гэж бодоод арагш хартал бүгд унтаж байна. Тэгээд нэг их ач холбогдол өгсөнгүй. Дахиад харсан чинь толинд харагдсан өнөөх эр дахиад л харж байна. Сандарсандаа машинаа нам зогсоов. Толиндоо дахин хартал би өөрийгөө харж байсан юм байна лээ. Ийм л хөгжилтэй гэх үү, инээдтэй зүйл болсон. (инээв)

Турсан царайндаа дасахгүй, өөрийгөө ч танихгүй болтлоо жингээ хассанаа тэр үед ойлгосон. Одоо өмнө нь цахим сайтуудад өгч байсан ярилцлага, зураг, видеонуудаа үзэхээр үнэндээ тэр үед яагаад өөрийгөө сайхан мэт бодож явдаг байсан юм бол доо гэж их гайхдаг. Бурхан минь, надад таардаг хувцас байсанд нь талархаж явдаг. (инээв)

- Өөрийн туршлага дээр үндэслэн ном бичжээ. Номынхоо талаар ерөнхий мэдээлэл өгвөл? Номоороо дамжуулж уншигчдад ямар санааг хүргэхийг зорьсон бэ?
-Дээр дурдсанчлан “МИА ӨДРҮҮД” гээд ном бичсэн. Өөртөө үл итгэгчдэд зориулсан үр дүнгийн хөтөч гэж би хувьдаа нэрлээд байгаа юм. Нэг л болохгүй, чадахгүй юм шиг санагдаад өнөөдрийг хүрсэн хүмүүс уншаад урам аваасай. Номын хувьд өөрөө өөртэйгөө ажиллах боломжтой хүснэгт, өдөр бүрийн хэмжилт, өөрийгөө зоригжуулах үгс гээд зөвхөн турах шийдвэр гаргасан хүмүүс ойлгох, тийм л хүмүүс дагаж хэрэгжүүлэх боломжтой бүтээл гэж хувьдаа дүгнэж байна.

Нэрний хувьд ч их бодож байж өгсөн. Ер нь илүүдэл жинтэй байсан өдрүүд бүгд үнэндээ “миа” байсан. Өөртөө итгэлгүй байдалтай, гоё ганган хувцаснаас хол, үнэндээ хэн ч урдаа жорлон чирээд явахыг хүсэхгүй шүү дээ гэж боддог. “Жорлонгоо хэдий болтол чирэх гэсэн юм бэ?” цахим хуудсанд байршуулсан видеоны доор “ТУРААЧ” гэх мэтчилэн олон зүйл байсан даа. Тиймээс тэр мэтийн “миа” зүйлээр баялаг өдрүүдийг мартаж, баяртай гэж хэлэхийн хувьд “МИА ӨДРҮҮД” гэж нэрлэсэн.

- Хөл хорионы үед хүмүүс гэрээс гарахгүй байгаа нь жин нэмэх нэг шалтгаан болж байна. Энэ дашрамд, гэртээ байхдаа жингээ хэрхэн барьж болох эсвэл жингээ хасах өөрийн энгийн аргуудаас хуваалцаач.
- Гэрт, гадаа гэлтгүй олон газар л хүн жингээ хасах боломжтой. Хөл хорионы үед хэцүү байгааг ойлгож байна л даа. Гэхдээ миний хувьд өөрөө өөрийгөө их зоригжуулах тал дээр ажиллах ёстой юм шиг санагддаг. Жишээ нь, гахай хөдөлгөөнгүй газар хоригдож, хоолоор шахуулан бордуулсаар эцэст нь амиа алддаг. Бид чинь гахай биш хүн шүү дээ. Тиймээс хэзээ, юу идэхээ мэдэх ёстой. 

Мөн хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг дээ. Би гүйлтийн зам дээр дасгал тогтмол хийдэг байхад 70 настай өвөө хөлбөмбөгийн талбайг 10 удаа ядах юмгүй тойрч байсан. Харин би хажууд нь хөлд нь чирэгдээд үлдсэн. Турсны дараа одоогийн надаас туранхай хоёр дүү минь уул руу хамт гарах гэж их зовсон. Тиймээс хөдөлгөөн л хий. Хөдөлгөөн бол заавал фитнесс, спорт зааланд байдаг зүйл биш. Бичлэг үзээд дагаад хий, шалаа мөлхөөд эрч хүчтэй угаа. Эцэст нь хэлэхэд, хүн зорилготой л бол аргаа өөрөө олчихдог юм.  

#Булгантамир #таргалалт