

Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд баян ходоодны даагыг цоллосон хүүтэй ярилцлаа. Түүнийг А.Түвшинбаяр гэдэг. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 9а ангид суралцдаг. Баян ходоодны даагыг цангинуулан цоллосон хүү тухайн үеийн мэдрэмжээ хуваалцсан юм.
-Баян ходоодны даага цоллоход чамд ямар мэдрэмж төрж байв?
-Эхлээд Төв цэнгэлдэх рүү ороход маш их сандарсан. Наадамлаж байгаа хүмүүс бүгд над руу харахаар ичээд, сандардаг юм билээ. Мордсон морь минь “Зүгээр ээ. Битгий ай.” гэж байгаа юм шиг ханьтай санагдаж байв.
Наадамчид алга ташин, хурайлахад өөрөөрөө их бахархаж, сайхан санагдсан. Энэ жил Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат аймгийн алдарт уяач Т.Ганжаргалын хул даага баян ходоодод хурдаллаа. Айргийн тавд орсон морьдын цолыг илүү эрэмгий, хурдтай гэж магтдаг. Баян ходоодны дааганы цолд
“Ганга жалга таараа юу
Галуу шувуунаас үргээ юу
Ийшээ тийшээ хадуураа юу” гэсэн хэсэг хамгийн их таалагддаг. Хамгийн сүүлд орсон ч зүгээр дээ гээд өхөөрдөж, урам өгч байгаа мэт санагддаг юм.
-Морь цоллоход ямар саад бэрхшээл тулгарсан бэ?
-Хааяа морь цоллож байхдаа өөр юм бодоод үгээ мартчихдаг. Дотроо “Яагаад мартчихав аа” гэж боддог. /инээв/
-Энэ жилийн Үндэсний их баяр наадмын баян ходоодны даага цоллох хүүхдийг хэрхэн сонгодог юм бэ?
-Би анх 2024 оноос эхлэн морь цоллож сурсан. Налайхад байрлах н.Цэрэндагва багшийн удирдсан “Тонж манлай” сургалтад долоо хоногийн турш суралцсан. Тухайн үед багш хүүхдүүдээ сонгон шалгаруулж авна гэж байв.
Аймагтаа нэгээр шалгарчхаад, улсын баяр наадмын цоллоочдыг дахин шалгаруулдаг. Таван хүүхэдтэй өрсөлдөж, баян ходоод цоллохоор шалгарч үлдэв. Баян ходоодны дааганы цол урт учраас долоо хоногийн турш шаргуу бэлдсэн.
-Аав, ээж нь юу гэж захидаг вэ?
-Цол дуудахдаа үгээ битгий мартаарай гэдэг. Би гэртээ аавдаа тусалж морио уяна. Түлээгээ хагалж, хөрөөднө. Усандаа явна гээд ажил ихтэй. Аав “Ажил сайн сур.Хэн ч булааж авахгүй” гэж хэлдэг.
Манайх ам бүл тав. Аав минь морь уядаг. Сумын алдарт уяач. Ээж маань сур харвадаг. Сумын мэргэн цолтой. Миний доод талын дүү чөлөөт бөхөөр барилддаг. Улсын аваргаас хүрэл медаль хүртэж байсан. Манай гэр бүлд эрийн гурван наадам байгаа юм шиг санагддаг.
-Ирээдүйн мөрөөдлөөсөө хуваалцвал... Ямар мэргэжилтэй, ямар хүн болохыг хүсдэг вэ?
-Манай суманд н.Эрдэнэболд гэдэг эмч мэргэжилтэй ах бий. Тэр ах ажлаа ч хийдэг, морио ч уядаг. Тийм учраас том болоод эмч болж олон хүнийг эдгээх хүсэлтэй. Хими, биологи, газарзүйн хичээлдээ маш их дуртай. Хүнийг эмчилж амьдрал бэлэглэнэ гэж бодохоор сайхан санагддаг.
Хамгийн бага дүү минь хоёр настай. Ирээдүйд дүүгээрээ бахархуулахыг их хүсэж байна. Мөн моринд их хайртай болохоор уяач болох мөрөөдлөө гээлгүйгээр аймаг, сумдын наадамд морио сойж уралдуулна гэсэн зорилготой.
-Чамд хамгийн их тусалдаг хүн хэн бэ?
-Миний бүх зүйлд аав, ээж тусалж дэмждэг. Улсын баярт өмссөн дээлийг нагац эгч маань оёж өгсөн. Мөн авга ах уртын дуучин учраас надад их урам зориг өгдөг. Цол дуудахад хоолойн цар шаарддаг учраас сайн бэлдэх хэрэгтэй гэж зөвлөсөн.
-Морь цоллоход ямар мэдрэмж төрдөг вэ? Анх яагаад морь цоллох болов?
-Анх хурдан морь унадаг байхдаа айрагдаж, морио цоллуулсан. Тэгэхэд их бахархалтай сайхан санагдсан. Хурдан морь унах наснаас хасагдчихаад морь цоллож сурахаар шийдэж байв. Хоёр жилийн өмнөөс сумынхаа наадамд морь цоллож эхэлсэн. Цуг цоллодог хүүхдүүдтэйгээ морьдоо хуваана. Би ихэнхдээ хязаалан шүдлэн, даага, их насны морьдын цолыг дууддаг.
Хамгийн анх би дааганы түрүү магнайн цолыг цээжилж байсан болохоор их дуртай.
“Хулан тахийн адил давхисан
Хурсан олон наадамчид аа
Хурайлан хурайлсан уухайн гийнгоотой
Унасан хүүхэд нь улсын баатар
Уясан эзэн нь хөдөлмөрийн баатар” гэж гэсэн шүлэг уншихад огшмоор санагддаг.
Архангай аймгийн 102 жил болон энэ жилийн Налайхын наадамд очиж цоллосон. Уяач нар нь “Сайхан цоллолоо. Баярлалаа миний дүү” гэж хэлдэг.
-Хурдан морь унахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Бэлх багийн наадамд зургаан нас унаад тавд нь айрагдаж байсан. Хурдан морь унаад салхи сөрөөд явж байхад их сайхан. Би бөхийн цол, гуншинг цоллож мэднэ. Баянгол багийн наадамд цоллож байсан. Гэхдээ хурдан морь унадаг байсан болоод ч тэр үү морь цоллох илүү дуртай. Дараа жил ч бас улсын наадамдаа морь цоллохыг хүсэж байна.
-Орон нутгийнхаа тухай яривал?
-Би сумандаа төрж өссөн болохоор их хайртай. Хануй багийн буган хөшөө, Чулуутын хавцал гээд үзэсгэлэнт газрууд олон бий. Тэдгээр дурсгалт газруудыг харахаар хогоо хаяхгүй, сүйтгэхгүй хайрламаар санагддаг. Сумандаа байхад цаанаа л тайван, сайхан байдаг. Оюутан болохдоо л сумаасаа гарах байх аа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Ирэх жилийн наадмаар дахин морь цоллож, наадамчин олноо баясгаарай.
Ярилцсан М.Лхагвадулам
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!