Эмч нарын амьдралыг бодитоор харуулсан ШИЛДЭГ таван цуврал


Мэргэжлээ хараахан сонгоогүй эсвэл сонголтоо хийсэн ч эргэлзэж байгаа өсвөр үеийнхэн минь анхаарлаа хандуулаарай. Бид энэхүү цуврал нийтлэлийнхээ дугаар бүрээр нэгэн мэргэжлийг сонгон авч, тухайн мэргэжлийн онцлогийг харуулсан кино, цувралуудыг санал болгох болно. 

Ийнхүү цуврал нийтлэлийнхээ эхний дугаарт эмч мэргэжлийг онцолж байна. 

ЭМЧ ГЭЖ ХЭН БЭ?

Тусгай мэргэжлийн буюу анагаах ухааны сургуульд 6-20 жил суралцаж эмчлэх эрхээ авсан хүнийг эмч гэж нэрлэнэ. Гавьяат эмч, доктор Ц.Мухарын хэлснээр “Эмч хүнд эм, мэс, үг гэсэн гурван зэвсэг байдаг бөгөөд сургуульд эм болон мэсээр өвчтөнийг яаж эмчлэхийг заалгадаг бол үгээр эмчлэхийг хүн өөрөө сурдаг” гэжээ.

МОНГОЛ УЛСАД...

Манай улсад эмч, эмнэл зүйн салбарт боловсон хүчин бэлтгэж буй олон сургууль байдгаас дурдвал:

-       Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

-       Ач Анагаах Ухааны Их Сургууль

-       Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

-       Этүгэн Их Сургууль

-       Оточ Манрамба Их Сургууль

-       Шинэ Анагаах Ухаан Их Сургууль

-       Энэрэл Дээд Сургууль

-       Улаанбаатар Их Сургууль

-       Монголын Үндэсний Их Сургууль

-       Их Засаг Олон Улсын Их Сургууль байна. 

Үргэлжлүүлэн эмчийн мэргэжилтэй холбоотой Өмнөд Солонгосын шилдэг таван цувралыг санал болгож байна.

1.     “DOCTOR STRANGER” (2014)

Ангийн тоо: 20

Ерөнхий үйл явдал: Бага байхдаа аавынхаа хамтаар Хойд Солонгост ирсэн Park Hoon цээжний хөндийн чадварлаг мэс засалч болно. Тэрээр эцгийгээ өөд болсны дараа Өмнөд Солонгос руу дүрвэх бөгөөд тэндээ эмчээр ажиллаж эхэлснээр киноны гол үйл явдал өрнөх юм.

Уншигч та уг цувралаас мэс заслын эмч нарын гайхалтай ур чадварыг харахаас гадна сэтгэл хөдөлгөм хайрын түүхийг үзэх боломжтой. 

Сонирхолтой баримт: Уг цувралын найруулагч “City Hunter” (2011), “The Legend of the Blue Sea” (2016), “Sisyphus: The Myth” (2020) зэрэг бүтээл дээр ажиллаж байсан билээ.

2.     “DOCTORS” (2016)

Ангийн тоо: 20

Ерөнхий үйл явдал: Ахлах сургуульд багш, сурагч... Ажлын байран дээр гараад хамтрагчид...

Гол дүрийн эмэгтэй Yoo Hye Jung өөрийнх нь хүсэл мөрөөдлийг олоход тусалсан багштайгаа 13 жилийн дараа уулзсанаар киноны үйл явдал эхэлнэ. Та энэхүү бүтээлээс эмч хүний хариуцлага, ёс зүйн талаар бага ч атугай суралцах болно.

Сонирхолтой баримт: Тус цувралын гол дүрийн эрэгтэй жүжигчин Kim Min Seok нь Өмнөд Солонгосын хамгийн том “Пэксан” урлагийн наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагналыг хүртжээ.

3.     “DR.ROMANTIC 1,2”

Ангийн тоо: Нэгдүгээр бүлэг-20, хоёрдугаар бүлэг-16

Ерөнхий үйл явдал: Ер бусын чадвараараа алдартай ерөнхий мэс заслын эмч Kim Sa Boo болон түүнтэй хамтран ажиллах залуу эмч нарын тухай өгүүлэх бүтээл. Та тус цувралын хоёр бүлгээс сэтгэл догдлом хайрын түүхийг хүлээн авахын зэрэгцээ яаралтай тусламжийн тасагт өрнөдөг адал явдлыг тухай үзэх болно.

Сонирхолтой баримт: Цувралын хоёрдугаар бүлэгт бодит амьдрал дээр тохиолдож байсан хэргүүдийг тусгаснаараа илүү үнэмшилтэй болсон аж.

4.     “PARTNERS FOR JUSTICE 1,2”

Ангийн тоо: Нэгдүгээр бүлэг - 32, хоёрдугаар бүлэг - 32

Ерөнхий үйл явдал: Тус кинонд задлангийн дүгнэлтэд үндэслэн гэмт хэрэгтнийг барьдаг Baek Bom эмчийн тухай өгүүлэх юм. Задлангийн эмч болох сонирхолтой хүмүүст уг цувралыг тусгайлан санал болгож байна. Түүний ур чадвар таны сэтгэлийг гарцаагүй хөдөлгөх болно.

Сонирхолтой баримт: Анги бүрт шинэ хэрэг, шинэ задлан... Киноны арын албаны ажилчдын хэлснээр үзэгчид асуултын хариултыг Baek Bom эмчтэй хамт хайх боломжтойгоороо онцлог аж. 

5.     “HOSPITAL PLAYLIST” (2020)

Ангийн тоо: 12

Ерөнхий үйл явдал: 1999 онд анагаах ухааны сургуульд хамтдаа элссэн таван найзын тухай түүх. Тэдний эмнэлгийн болоод хувийн амьдралд тохиолдох хөгжилтэй, гунигтай, жаргалтай үйл явдлуудыг уншигч та заавал үзээрэй.

Сонирхолтой баримт: Цувралын хоёрдугаар бүлэг ирэх сарын 17-нд үзэгчдийн хүртээл болно.

Дээрх цувралуудаас та эмчийн мэргэжлийн тухай чамгүй ихийг мэдэж авна гэдэгт итгэлтэй байна. Ингээд цагаан нөмрөгтэй баатар болох замналд тань амжилт хүсье!

#Кино урлаг #Эмч #Мэргэжил