Монголын байгаль, соёл, хүмүүст хандах хүндлэл, бишрэлийг уран бүтээлээрээ илэрхийлжээ


Б.Чимэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Поларис их дэлгүүрийн төв танхимд Япон уран бүтээлч Сого Шимизүгийн  бие даасан “Prism of Nomad” уран зургийн үзэсгэлэнг дэлгэнэ. 

“Prism of Nomad” нь уран бүтээлчийн амьдралыг харах өнцөг, Монгол орны байгаль, соёл, хүмүүст хандах гүн хүндлэл, бишрэлийг уран бүтээлээрээ илэрхийлсэн үзэсгэлэн аж. Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 23-ны пүрэв гарагт 17:00–19:00 цагт болно. 

Сого Шимизү Японы Токио хотод төрж өссөн. Кэйогийн их сургуульд гоо зүй, урлагийн түүхээр мэргэшин суралцаж, музей тайлбарлагчийн эрхтэй болсон. Японы нэрт Наокигийн шагналт зохиолч Курумизава Кожи түүний өвөө, домогт жазз төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Шибүя Цүёши түүний авга ах билээ.

Ийнхүү Японы соёл, урлагийн уламжлалыг үе дамжин өвлөсөн гэр бүлээс гаралтай тэрээр гурав дахь үеийн уран бүтээлч юм. Археологийн судалгаанаас олж авсан мэдлэгээ урлагийн мэдрэмжтэйгээ хослуулан нэгэн цогц болгон уран бүтээлээ туурвидаг нь нь түүний уран бүтээлийг улам онцгой болгодог билээ. 

Нагац талын удам нь Японы эртний самурайн Сого овог-оос улбаатай. Өнөөдөр ашиглаж буй “Sogo” хэмээх уран бүтээлчийн нэр нь ч үүнтэй холбоотой. Харин түүний өвөө Сибирийн цөлийг туулж, дараа нь мотоциклоор Торгоны замыг гаталж байсан нүүдэлчин сэтгэлгээ нь түүний уран бүтээлд илүү өргөн утга, гүн гүнзгий өнгө аясыг нэмж өгдөг.

Тэрээр Камакура хотод төрийн албанд археологичоор ажиллах хугацаандаа эртний модон бичээс, дүрслэлүүдийг судалж байсан.Энэ туршлага нь “дурсамж, цаг хугацаа, хүний оршихуй эд зүйлсэд хэрхэн хадгалагдан үлдэж, хожмын үед хэрхэн тайлагддаг вэ?” гэсэн асуулт түүний уран бүтээлийн гол цөм, суурь нь болсон билээ.

Дижитал эрин үед ч тэр өөрийгөө XXI зууны нүүдэлчин гэж тодорхойлдог. Өнөөдрийг хүртэл хорь гаруй улсаар аялж, тухайн орны хүмүүс, соёл, урлагийн орчинд дасан зохицож амьдарч ирсэн нь түүний бүтээл бүрийн суурь болсон. Грекийн Афин хотын Экзархиа дүүрэгт байрлах арт баранд бие даасан үзэсгэлэн зохион байгуулж, орон нутгийн эмэгтэй DJ-тэй хамтран өвөрмөц нээлт хийсэн нь түүний чөлөөт, хил хязгааргүй уран бүтээлчийн сэтгэлгээг илэрхийлэх нэгэн жишээ юм.

Түүний зургууд нь улс орны хил, газарзүйн ялгаа, өндөр намыг үл харгалзан хүн төрөлхтнийг нэгэн нийтлэг орон зайд холбож чадна гэсэн итгэлийг өгүүлдэг. Энэ утгаараа түүний бүтээлүүд бол өнөөгийн дэлхий ертөнцийг гэрэл, өнгө, мэдрэмжээр дамжуулан тэмдэглэн үлдээх “орчин цагийн призм” юм.

Түүний бүтээлүүд оюунлаг нарийн бүтэцтэй атлаа, бүтээл бүрээс нь дулаан, энэрэнгүй мэдрэмж цацарч байдаг. Учир нь зураг гэдэг бол зөвхөн хананд өлгөх эд зүйл биш, харин эзнийхээ амьдралын туршид хамт орших үнэ цэнтэй хамтрагч байх ёстой гэсэн философи түүний уран бүтээлийн гол үзэл санаа. 

Эртний археологийн дурсгалууд цаг хугацааг даван өнөөдөр хүрсэ шиг, тэр ч бас бүтээлүүдээ үе дамжин өвлөгдөж, олон хүний сэтгэлд амьдран үлдэхийг хүсдэг.

Үзэсгэлэнгийн тухай

Поларис их дэлгүүрийн төв танхимд болох энэхүү үзэсгэлэн нь Нина сого Шимизүгийн олон жилийн аялал, ажиглалт, дотоод ертөнцийг нэгэн дор цогцлоосон онцгой бүтээлүүд билээ.

Афин хотод амжилттай зохион байгуулсан үзэсгэлэнгийн дараах энэхүү томоохон үзэсгэлэнд Японд байх хугацаандаа шинээр туурвисан цоо шинэ уран бүтээлүүдийг толилуулах болно. Эдгээр бүтээл нь Грекийн өргөн уудам тэнгэр, өтгөн ногоон байгаль, намуухан дулаан уур амьсгалын талаар тод үлдсэн дурсамжаас төрөн гарсан юм.

Үзэсгэлэнгээр дамжуулан түүний дэлхий дахинаар хийсэн аяллууд нэгэн цогц түүх болон та бүхний сонорыг мялаах болно. 

Норвегийн байгалийн сүр хүч, амьдрал ба үхлийн тухай философи, Италийн эрч хүчтэй өнгө төрх, Японы уламжлалт “ва” буюу эв зохицлын үзэл зэрэг нь нэгэн урсгал болон холбогдож, үзэгчийг хил хязгааргүй аялалд хөтөлнө гэдэгт итгэлтэй байна. 
Мөн амьтдын төрөлхийн зөн совинг дүрсэлсэн поп өнгө аястай реалист бүтээлүүд, хошин мэдрэмж шингэсэн жижиг хэмжээний зургууд ч үзэсгэлэнгийн сонирхолтой хэсгийг бүрдүүлнэ. Тухайлбал, Унгарын Будапешт хотын Сечени халуун рашаанд цугласан хүмүүсийг эртний Египетийн Анубис бурханы дүртэй адилтган дүрсэлсэн цуврал бүтээл нь түүний өвөрмөц сэтгэлгээний нэг илэрхийлэл юм.

Үзэсгэлэнгийн төгсгөлд Монгол орны уудам тал нутаг, төгсгөлгүй хөх тэнгэрээс сэдэвлэн тусгайлан бүтээсэн шинэ цуврал бүтээлүүдийг анх удаа дэлгэнэ. 
Орчин цагийн нүүдэлчин сэтгэлгээний бэлгэдэл болсон Монгол оронд зориулсан энэхүү бүтээлүүд нь үзэсгэлэнгийн минь гол зүрх нь байх болно гэж уран бүтээлч онцлов. 

Гаргасан амжилтууд, үзэсгэлэнгүүд 
Бие даасан үзэсгэлэн

  • 2026.03 — Bright. (Камакура, Япон)
  • 2026.02 — Anima. (Афин, Грек)
  • 2025.12 — Accent (Токио, Япон)
  • 2025.02 — Getaway Destination (Токио, Япон)

Хамтарсан үзэсгэлэн, шалгарсан бүтээлүүд

  • 2025 — 34 дэх удаагийн Япон улсын Art Salon уран зургийн их наадам — Бүтээл нь шалгарсан 
  • 2025 — 77 дахь удаагийн Ямагүчи мужийн дүрслэх урлагийн үзэсгэлэн — Бүтээл нь шалгарсан 
  • 2025 — 71 дэх удаагийн Мияаконожо хотын дүрслэх урлагийн үзэсгэлэн — Бүтээл нь шалгарсан 
  • 2025 — Tokyo Art Tank Vol.13, Summer Island in the City (Токио) хамтарсан үзэсгэлэнд оролцов.

 

#мэдээ