
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид зургаан долоо хоног үргэлжлэх тэмцээний үеэр бэлтгэл, тэмцээний арын амьдрал, хувийн мөчүүдээ цахим сүлжээгээр хуваалцаж байгаа бөгөөд заримынх нь дагагч хэдэн арван саяар нэмэгджээ.
Мэдээж Криштиану Роналду, Лионель Месси, Неймар зэрэг супер оддын дагагч эрчимтэй өссөн. Гэхдээ тэд олон жилийн турш дэлхийн хэмжээний од байсан тул цахим сүлжээндээ ДАШТ-ээс үл хамааран үргэлж өндөр өсөлттэй байдаг.
2026 оны ДАШТ-ий үеэр цахим сүлжээнд хамгийн их анхаарал татсан тоглогчдыг онцолжээ.
Эрлинг Хааланд - Норвеги

195 см өндөр, хөгжилтэй, хошин мэдрэмжтэй, энгийн зангаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Эрлинг Хааланд энэ удаагийн ДАШТ-ий үзэгчдийн хамгийн хайртай тоглогчдын нэг болжээ.
25 настай довтлогч цахим сүлжээнд тун идэвхтэй. Snapchat-ын өдөр тутмын бичлэгүүд, ялалтын дараах шууд инстаграм нийтлэлүүд, бүр чихмэл элбэнхээ онгоцонд авч явсан зэрэг нь түүнийг цахим сүлжээнд алдаршуулжээ.
Хааландын инстаграм хаяг 70 сая гаруй дагагчтай болсон бөгөөд зөвхөн сүүлийн 30 хоногт гэхэд л 29 сая хүнээр нэмэгджээ.
Возиня - Кейпе Верди

Тэрбээр Испанийн эсрэг хэсгийн эхний тоглолтод гайхалтай хаалт хийснээр баг нь шуугиан тарьсан 0:0 харьцаатай тэнцээ авч чадсан юм.
Тоглолтын дараахан түүний инстаграм дагагчдын тоо 500 мянгаас бараг 5 сая болж өсжээ.
Одоогоор тэр 29.3 сая дагагчтай болсон бөгөөд эхний шуугиан намжаагүй хэвээр, нийтлэл бүр нь сая сая лайк, сэтгэгдэл авч байна.
40 настай хаалгач "ДАШТ эхлэхээс өмнө ихэнх хүн Кейп Вердийг газрын зураг дээр ч зааж чадахгүй байсан" хэмээн хошигносон ч багийнх нь хүчтэй тоглолт олон хүний анхаарлыг тус улс руу хандуулжээ.
Жүд Беллингхам - Англи

Царайлаг төрх, даруухан зан, авьяас чадвар, 50 сая гаруй инстаграм дагагч... Жүд Беллингхэмд байхгүй зүйл бараг алга.
Аргентиний шигшээд хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн ч Беллингхэмийн нэр хүнд улам өссөөр байна.
Өмнөх шатуудад Английг ялалтад хүргэхэд хөгжөөн дэмжигчид нь түүний нэрийг "Hey Jude" дуугаар дуулан уухайлдаг байсан.
23 настай Беллингхэм сүүлийн 30 хоногт бараг 9 сая шинэ дагагчтай болсон. Мөн аравдугаар сард сэтгэцийн эрүүл мэндийнхээ талаар илэн далангүй ярьсны дараа ганцхан сарын дотор 3 сая хүнээр дагагч нь нэмэгджээ.
Ламин Ямал - Испани

Испанийн шигшээ 2024 оны Европын аваргад түрүүлснээс хойш Ламин Ямал дэлхийн хэмжээний од болсон бөгөөд түүний цахим сүлжээ ч яг л өөртэй нь адил энгийн, тайван өнгө аястай байдаг.
19 настай довтлогчийн инстаграм хуудсанд тоглолтын дараах зураг, сурталчилгааны хамтын ажиллагаа, цом өргөсөн мөчүүд болон гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан зургууд зонхилдог.
Түүний дүү Кейне ч ДАШТ-ий үеэр олны хайртай нэгэн болсон. Ямал гурван настай дүүгээ талбайгаар дагуулан алхах, эсвэл гольф тоглох гэж хөгжилтэй оролдож буй бичлэгүүд цахим сүлжээнд түгээмэл тархжээ.
Түүний инстаграм одоогоор 49.6 сая дагагчтай байна.
Эх сурвалж: Al Jazeera
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!