Б.Амаржаргал: Бид урлагийн сэтгэл заслаар дамжуулан 37 сэтгэл зүйчийг чадавхжуулна


YOLO.mn | YOLO.MN
2022-06-06

Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь сэтгэл зүйн гэмтэл шархтай хүүхэдтэй ажилладаг халамж асрамжийн төвүүдийн болон хүүхэд хамгаалах байрны сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг урлагийн сэтгэл заслын арга техникээр чадавхжуулах “BayARTai” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Бид энэ талаар Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Үйл ажиллагааны захирал Б. Амаржаргалтай ярилцлаа.
 
Танай байгууллагын үйл ажиллагааны талаар хоёулаа яриагаа эхэлье.

- КРИСТИНА НОБЛИЙН ХҮҮХДИЙН САН Анх 1989  онд  Вьетнам,  1997  онд  Монгол  улсад байгуулагдаж  байсан.  Америк,  Вьетнамын дайны дараа Вьетнам улсад энгийн иргэд тэр дундаа хүүхдүүд  хамгийн  ихээр  дайны  хөлд  үрэгдэн, хохирч үлдсэн хүнд хэцүү нөхцөл байдлыг нүдээрээ үзсэний дараа  хатагтай  Кристина Нобле  хараа хяналтгүй,  гудамжинд  амьдарч  буй  зуу,  зуун хүүхдүүдийн  төлөө  өөрийн  бие  сэтгэл,  амь амьдралаа  зориулж  эхэлснээр сангийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Бид одоогоор үйл ажиллагаа хэрэгжүүлэгч хоёр орон, үйл ажиллагааг  дэмжигч,  санхүүжүүлэгч долоон оронд нийт  дэлхийн  есөн оронд  31  жилийн  туршид  үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Манай  байгууллага Монгол болон Вьетнам улсуудад зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх,  хамгаалах,  биеэ  даасан,  хувь хүн бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг улс төр, шашнаас ангид, ашгийн бус олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм. Энэ жилийн хувьд бид Монголд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулаад 25 жилийн ой болох гээд ажиллаж байна.   

Асрамж халамж болон түр хамгаалах газар ямар ямар хүүхдүүд ирдэг вэ? Өнөөгийн нийгэмд халамж асрамжийн төвд ажилладаг сэтгэл зүйчдэд ямар асуудал бэрхшээлүүд  тулгардаг  гэж та боддог вэ?

- Асрамж халамжийн төвүүд болон түр хамгаалах байруудад асран хамгаалагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй буюу хүүхдийг үл хайхрах, хоол ундгүй хэдэн өдөр орхиж явсан эсвэл ямар байгааг нь мэдсэн ч тоохгүй мөнгө олдвол архи уучихдаг, мөн хүүхдээ биеийн болоод сэтгэл зүйн хувьд хүчирхийлдэг байнгын хэл амаар доромжилдог шалтгаантай шалтгаангүй биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэт төрөл бүрийн хүчирхийлэлд өртөж эрх нь зөрчигдсөн болон хагас өнчин, бүтэн өнчин хүүхдүүд ирдэг.

Сэтгэл зүйчид бол тэдгээр хүүхдүүдийн сэтгэл зүрх тархиараа мэдэрч байгаа хүлээн авсан тэр гэмтлүүдийг эдгээхэд, ирээдүйд сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй бие хүнийг бий болгох зорилготой ажилладаг. Гэхдээ манай Монголын нөхцөлд сэтгэл зүй гэдэг залуухан салбар учраас төдийлөн яг ийм сэтгэл зүйн гэмтэл шарх авсан хүүхдүүдтэй хэрхэн ажиллах вэ гэдэг арга техникийг ажилд ороход нь зааж зөвлөдөг ч юм уу эсвэл тусдаа мэргэшсэн сургалтаар дамжуулан олгодог газар байхгүй байгаа нь ажиглагддаг.  Тиймээс мэргэжлээрээ төгсөж буй мэргэжилтнүүдээ нарийн мэргэшүүлээд авбал олон мянган хүүхдүүдэд шууд хүрч ажиллах боломжтой гэж харж байна.

Урлагийн сэтгэл засал гэж юу вэ? Сэтгэл зүйн гэмтэл шархтай хүүхдүүдтэй урлагийн сэтгэл заслаар дамжуулан ажиллахын  ач холбогдол нь юу вэ?

- Сүүлийн жилүүдэд арт терапи буюу урлагийн сэтгэл засал гэх нэр томьёо их сонсогдох болсон ба манайд одоохондоо шинэ соргог сонсогдож буй боловч дэлхий нийтийн хэмжээнд хөгжиж, судлагдаад аль хэдийн 200 гаруй жил болсон байна. Мөн урлаг болон сэтгэл зүй гэх хоёр том ойлголтын огтлолцол дээр үүссэн хүний мэдрэхүй, мэдрэмж, сэтгэл хөдлөлд тулгуурладаг, орчин үеийн сонирхолтой, гайхалтай өндөр ач холбогдол, үр дүнтэй сэтгэл заслын нэг гэж хэлж болно. Ялангуяа хэл яриа бүрэн хөгжөөгүй бага насны, эсвэл өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжгүй хэл ярианы хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хүүхдүүдтэй ажиллахад үр дүн өндөр байдаг. Үүгээр юу хэлэхийг хүссэн бэ гэвэл асрамж халамжийн төв, түр хамгаалах байруудад ирж буй хүүхдүүд ихэвчлэн сэтгэл зүйн гэмтэл шархтай, гэмтлийн дараах стрессийн эмгэг өөрчлөлттэй, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүүхдүүд байдаг.

Энэ хүүхдүүдтэй шууд харилцан яриагаар холбогдож, сэтгэл зүйн тусламж үзүүлэхийн тулд буюу сэтгэл зүйч хүүхэд хоёрын хооронд итгэлцэл төрүүлэхэд мэргэжилтэнд ур чадвар, туршлага хэрэгтэйгээс гадна урт хугацаа шаардлагатай болдог. Мөн хүүхэд маань цочролд байгаа бол харилцан яриа өрнүүлэхэд бүр ч төвөгтэй нөхцөл үүсдэг. Энэ тохиолдолд тухайн мэргэжилтэн урлагийн сэтгэл заслын чиглэлийн мэдлэг туршлагатай бол хүүхдэд төрж буй хүчтэй мэдрэмжүүдийг бууруулахад тусалж чадна.

Өөрөөр хэлбэл урлагийн сэтгэл засал нь үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн хамгаалалтыг бууруулж, мэдрэмжүүдтэй холбогдож, сэтгэл хөдлөлийн хүчтэй нөлөөг бууруулдаг ба сэтгэлийн гэмтэл шархтай ажиллахад үр дүнтэй. Тиймээс асрамж халамжийн төв, түр хамгаалах байруудад буй сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийг сэтгэл зүйн гэмтэл шархтай хүүхэдтэй ажиллах урлагийн сэтгэл заслын арга техникүүдэд сургаж, ур чадварыг нэмэгдүүлэх нь тухайн хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэхэд зайлшгүй хэрэгтэй, бас үр дүнтэй юм.

- Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь яагаад “BayARTai” төслийг яагаад хэрэгжүүлэх болсон бэ?

- Жил бүр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн байдал, нийгмийн байдлын талаар олон судалгаа шинжилгээнүүдийн үр дүн гарч байдаг. Бид үүнтэй танилцан үзэхэд НҮБ Хүүхдийн сангийн 2021 оны тайланд ДЭМБ-ын тодорхойлсноор 10-19 насны өсвөр үеийнхний 13-аас илүү хувь нь сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношлогдсон байна. Сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал нь эдгээр оношлогдсон сэтгэцийн эмгэгийн 40 орчим хувийг эзэлдэг. Сэтгэлзүйн хямрал нь эпидемиологийн эмгэгийн түвшинд хүрэхгүй ч амь нас, эрүүл мэнд болон ирээдүйдээ итгэх байдлыг алдагдуулж байгааг хүүхэд өсвөр үеийнхэн өгүүлж байна.

Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Өөрчлөгдөж буй хүүхэд нас тайланд зориулан Gallup байгууллагаас хийсэн судалгаанд 21 орны 15-24 насны залуусын 19 хувь нь 2021 оны эхний хагаст өөрийгөө сэтгэлийн хямралд орсон эсвэл юу ч хийх сонирхолгүй болсон гэж хариулжээ. Жил бүр 45,800 өсвөр насныхан амиа хорлодог бөгөөд энэ нь 11 минут тутамд нэг хүүхэд нас барж байна гэсэн үг юм. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Өөрчлөгдөж буй хүүхэд нас тайланд зориулан Gallup байгууллагаас хийсэн судалгаанаас үзвэл хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар авах арга хэмжээний хэрэгцээ шаардлага маш өндөр байна.

Судалгаанаас үзвэл бага насандаа наад зах нь дөрвөн удаа сэтгэл зүйн цочролд  өртөх нь цаашдаа бэлгийн эрсдэл, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, архи хэтрүүлэн хэрэглэхэд хүргэдэг бөгөөд мансууруулах бодисын хэрэглээ, бусдыг болон өөрийгөө хохироох хүчирхийллийн үйлдэлтэй илүү холбоотой байна.

Харин Монгол улсын хэмжээнд 2021 оны байдлаар 2823 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан. Сүүлийн 5 жилийн хугацаанд 1426 бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн, 14,401 гэр бүлийн хүчирхийллийн хэрэг бүртгэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд 124 хүүхэд оролцсон гэсэн тоо мэдээ гарсан байдаг. Өнгөрсөн онд гэмт хэрэгтэй холбогдсон судалгааг харахад 125 хүүхэд ял шийтгэл авсан.

Энэ бүхний ард олон мянган хүүхэд өнчирч, сэтгэлийн шархтай үлдэж, нийгмийн амьдралд хөл алдсаар байна. Хамгийн хүнд хэцүү сорилт, бэрхшээлтэй тулгарч буй хүүхдүүдийг асран хамгаалахаас гадна сэтгэцийн эрүүл мэндийг нь ойлгож дэмжих, хамгаалахад чиглэсэн хөрөнгө оруулалт чухал байна гэж харж байна.

Хүүхдийн хөгжлийн чухал үеүдэд хүүхдийн үзэж туулж буй зүйлс, орчин тойрных нь хүчин зүйлс сэтгэцийн эрүүл мэндийг нь хамгаалж эсвэл эрсдэлд оруулж байдаг. Тиймээс бодлогын чиг хандлага нь эрсдэлийг аль болох бууруулж, хамгааллын хүчин зүйлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх ёстой. Сэтгэцийн эрүүл мэнд нь бие махбодын болон сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал, хүчирхийлэл гэх мэт бага насанд тохиолдсон сөрөг туршлагаас үүдэлтэй хортой стресс зэрэг тархины хөгжлийн чухал үеүдэд нөлөөлж чадах хүчин зүйлстэй холбоотой байдаг. Хүмүүнлэгийн нөхцөл байдлын үед сэтгэлийн хямрал, түгшүүр, гэмтлийн дараах стрессийн эмгэгт яаралтай хариу өгөх богино хугацааны, зохион байгуулалттай арга хэмжээг нарийн төлөвлөн хэрэгжүүлэх нь хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд дэмжлэг болдог.

Танай байгууллагын хэмжээнд хэрэгжиж эхлэх гэж буй “BayARTai” төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу ?

- Нийгмийн гадуурхалд өртсөн, сэтгэл зүйн гэмтэл шархтай хүүхдүүдийн сэтгэл зүй, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс мэргэжил нэгт мэргэжилтнүүдээрээ дамжуулан Кристина Ноблийн Хүүхдийн Сан (КНХС)-гаас “BayARTai” төслийг санаачлан урт хугацааны туршид хэрэгжүүлэхээр зорьж байна. Төслийн хүрээнд бид Монголд анх удаа урлагийн сэтгэл заслын тусламжтайгаар асрамж халамжийн газар, хүүхэд хамгаалах байгууллагын сэтгэл зүйчдийг чадавхжуулж, тэднээр дамжуулан 6-10 насны 1000 хүүхдэд хүрч ажиллан, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, нэмэгдүүлэх зорилготой ба нийт 18 сарын хугацаанд хэрэгжих юм.

Төслийн хүрээнд бид “Монгол улсын хэмжээнд байгаа бүх асрамжийн газар, хүүхэд хамгаалах байгууллага, сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тэдний амьдралын чанарыг урлагийн сэтгэл заслаар дамжуулан эмчлэх, дээшлүүлэх боломжийг бий болгох, олон нийтэд КНХС-аас боловсруулсан сургалтын хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломжийг олгох, Монгол улсын хэмжээнд анх удаа Арт терапистууд болон 6-10 насны  хүүхдүүдэд зориулсан гарын авлага болон танин мэдэхүйн ном бэлтгэх, сэтгэл зүйчдийг чадавхжуулах зорилгоор Урлагийн сэтгэл заслын хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Мөн бид энэхүү төслийг хэрэгжүүлснээр урт хугацаандаа “Хөтөлбөрөө улам өргөжүүлж, насны ангиллыг нэмэгдүүлэх, Үндэсний хэмжээнд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Их сургуулиудын сэтгэл зүйн сургалтын хөтөлбөрт оруулах, Олон улсын жишгээс суралцах, туршлага солилцох” зэрэг үр дүнг хүлээж, цаашид ч энэ чиглэлээр бодсон төлөвлөсөн ажил маш их байна.

Сүүлийн асуултыг танд үлдээе.

- Манай сангийн зорилго хүүхэд хамгааллын үйлчилгээг хамгийн боломжит сайн түвшинд хүргэн ажиллахаас гадна хүүхэд нэг бүртэй ажиллан тэдний хэрэгцээ шаардлага болоод сэтгэл зүйн байдалд тулгуурлан тухайн хүүхдэд тохирсон аргаар үйлчилгээ үзүүлдэг мөн бодлогын түвшинд гэхээсээ илүүтэйгээр хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдээр дамжуулан гэр бүлд нөлөөлөх, тухайн гэр бүлийг ядуурлын тойргоос хүүхдээр нь дамжуулан гаргаж нийгэмдээ эерэг, идэвхтэй иргэн өсгөн хүмүүжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Энэ оноос эхлэн хэрэгжүүлж байгаа хоёр төрлийн сэтгэл зүйн төсөл нь бидний дараа дараагийн жилүүдийн сэтгэл зүйн чиглэлээр хийх томоохон ажлуудын эхлэл бөгөөд цаашид нийтэд зориулсан сэтгэл зүйн мэдлэг мэдээлэл, боловсрол олгох олон төрлийн сонирхолтой өндөр ач холбогдолтой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. 

Ярилцсанд баярлалаа.

#Сэтгэл зүй