Ш.Энхийн-Од NBA драфтад багтсангүй


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Ш.Энхийн-Од АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) 2026 оны драфтад албан ёсоор нэрээ дэвшүүлсэн. Гэвч тэрбээр энэ удаагийн драфтад сонгогдож чадсангүй.

Түүний аав МУГТ Ц.Шаравжамц "Зүгээр ээ, монголчууд аа. Одоо зуны лигийн багаа сонгоно, боломж байгаа. Анхаарал хандуулж, сэтгэлээ зориулсан та бүхэндээ баярлалаа" хэмээн цахим хуудсандаа сэтгэгдлээ илэрхийлсэн байна. 

Ш.Энхийн-Од энэ жил Лос-Анжелес Лэйкерс, Милуоки Бакс, Орландо Мэжик, Даллас Маверикс, Мемфис Гриззлис зэрэг NBA-ийн таван багийн бэлтгэлд хамрагдсан. Монголын сагсан бөмбөг сонирхогчид түүнийг драфтын хоёрдугаар тойрогт сонгогдох магадлалтай хэмээх хүлээлттэй байсан ч багуудын сонголтод багтсангүй.

Драфтад сонгогдоогүй нь түүний NBA-д тоглох мөрөөдөл бүрэн дууссан гэсэн үг биш юм. Түүний дараагийн боломж бол NBA-ийн Зуны лиг (Summer League). Ш.Энхийн-Од долдугаар сарын 9-нд Лас-Вегас хотноо эхлэх Зуны лигт  аль нэг багтай хамт оролцож, өөрийгөө батлан харуулах боломжтой.

Хэрэв Зуны лигт амжилттай тоглож, багуудын удирдлагын анхаарлыг татаж чадвал NBA-д хөл тавих боломж хэвээр байна.

Ш.Энхийн-Одын хувьд АНУ-ын их сургуулийн лиг (NCAA)-т тоглож туршлага хуримтлуулсан, бие бялдрын хувьд NBA-ийн түвшинд өрсөлдөхүйц (2 метр өндөртэй, холбон тоглогч) тоглогч гэдгээ харуулсаар байгаа билээ.

Ташрамд мэдээлэхэд, NBA-ийн драфт (NBA Draft) гэдэг нь NBA-ийн багууд жил бүр шинээр тоглох боломжтой болсон залуу тоглогчдыг өөрсдийн бүрэлдэхүүндээ сонгон авдаг үйл ажиллагаа юм. Драфт нь хоёр тойргоос бүрддэг. Баг бүр тойрог тус бүрт 1-1 сонголт хийх эрхтэй бөгөөд нийт 60 тоглогч сонгодог.

Ихэнх тоглогчид АНУ-ын их сургуулиудын (NCAA) лигээс ирдэг ч Европын болон бусад улс орны мэргэжлийн лигийн тоглогчид ч драфтад оролцох эрхтэй байдаг.

#сагсанбөмбөг