Цагаан сартай холбоотой ЁС ЗАНШЛУУДАА мэдэж авцгаая


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-02-15

Хаврын тэргүүн сар эхэлж байгаа буюу Монгол түмэн шинэ жилээ угтан авж айл хотлоороо цуглан ахмад буурлуудаасаа үнэтэй сургаалиа сонсож, монгол ардын тоглоом наадгайгаараа тоглодог эртний ёст баяр болж байна. Бид бүгдийн тэр бүр мэдээд байдаггүй цагаан сарын ёс, заншлуудыг уншигчид та бүхэндээ хүргэж байна.

-ЦАГААН САРЫН ҮҮСЭЛ-

Монголчууд жилийн эхийг тэмдэглэхдээ голдуу намар, өвлийн заагаар их махан тайлга үйлдээд түүнээсээ овгийнхоо гишүүн бүрт хувь хүртээж, шүүс идээгээрээ ёсолдог байсан нэгэн үе бий. Түүхэн баримт дээр тулгуурлаад үзвэл, 1207 оны улаагчин туулай жилийн эхний өдөр Чингис хаан өглөө эртлэн босч тэнгэр хангайдаа мөргөж, өвөг дээдэстээ тахил өргөн, Өүлэн эхдээ золгосон гэдэг.

Ингээд 1207 онд буюу Чингис хааны II онд тэмдэглэсэн тэр үеэс эхлээд сүү цагаан идээгээр голлуулан ёслодог "Цагаан сар" гэдэг ёслол эхэлж, төр ёсны баяр болсон. Үндсэндээ энэ баяр нь монголчуудын хувьд малын сүү шимээр голлон аж ахуйгаа эрхэлсэн цагаас тэр цагаас л эхлэлтэй. Нөгөөтэйгүүр хавар гэдэг улирал монголчуудын хувьд хамгийн хатуу улирал. Газар ногооны шим, малын тарга хүч, хүний тамир тэнхээ ч буурсан хатуу цаг, хаврын  "хар сар" гэгддэг.

Энэ хаврын хар сарыг цайлгах бэлгэдлийн утгаар цагаан сар гэдэг баярыг бий болгосон. Тийм болохоор цагаалга хүртэж, их идээ засч, хэн хэдэн үе идээ засах зэргээс эхлээд бүгд  нарийн дэг журамтай байсан юм билээ. Мэдээж хэрэг цагаалгаар голдуу шинэлж байгаа учраас "Цагаан сар" гэж нэрлэсэн. Цагаан сарыг зарим Монгол угсаатан цэгээ сар, сүүн сар, сагаалган (буриадууд) гэж нэрлэдэг.

-БИТҮҮЛЭХ ЁСОН-

Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн жилийн отгон өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.

Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр бүтээн дал дөрвөн өндөр, шаант богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан, мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгшээдэг.

БИТҮҮНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ЗАН ҮЙЛ

Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.

  • Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдоно.
  • Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй.
  • Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.
  • Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
  • Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ.

-ШИНИЙН НЭГНИЙ ЗАН ҮЙЛ-

Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагааг арвин бэлдэн, сэтгэл санааны ариунаар их билэг дэмбэрэлтэй өдөр болгодог. Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний өглөө алганы хээ харагдах төдий гэгээтэй байхад босдог аж. Хүн бүр тухайн жилийнхээ зам мөрийг тэгшилж мөрөө гаргадаг. Нар гарах үед ахмад, буурлууддаа золгодог.

-МЭНДЛЭХ ЁСОН-

Хаврын тэргүүн сарын Шинийн нэгний өглөө нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцсаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөнө. Гэр бүлийн гишүүд эхлээд өрхийн тэргүүнтэйгээ золгоно.

Хөдөө газарт бол хот айлын ойр орчмын өндөрлөг уул толгойн орой дахь овоон дээр гарч, цай сүүнийхээ дээжийг өргөөд нэн ялангуяа төрийн сүлд аль зүгт байна тэр зүгт голдуу сацал идээгээ өргөдөг.

Энэ бол монголчуудын төрөө дээдлэх уламжлалтай холбоотой. Үүний дараа аав, ээж болон хамгийн ахмад настныдаа очиж золгодог. Монголчуудын энэ ёслол бол ахмад настнаа хүндэлж буйн илэрхийлэл болно. Ахмад настантай ивээл жилтэй хүн түрүүлж амар мэндийг нь асууж золгодог.

Амар эрэх нь монголчуудын хувьд их утга учиртай. Хүүхэд 13 наснаас эхэлж хүний амрыг асуудаг. Насаар залуу нь "Та амар байна уу", "Та амар айлдаж байна" гэхчлэн мэндчилнэ. Үүнийх нь хариуд "Мэнд ээ, амар сайн уу" гэж ахмад настан нь хэлээд золгодог. Түүнээс ахмад настан нь дүүмэд хүнийг “Амар байна уу” гэж мэндлэх учиргүй юм.

Нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Эхнэр, нөхөр хоёрыг бие, сэтгэл нэгэн ертөнц гэж үздэг тул хоорондоо золгодоггүй. Мөн давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэгтэй холбоотой.

-ЦЭЭРЛЭХ ЗАН ҮЙЛ-

  • Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
  • Эд, мал зээлээр өгвөл гарзын үүд нээгдэнэ.
  • Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр гэдэг.
  • Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй.
  • Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг цээрлэнэ.
  • Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хүн боловч ёс билэгдлийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
  • Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
  • Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно.

#Lunar #NewYear #Holiday