Тедди бамбаруушийн сэтгэл хөдөлгөм түүх


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Та өмнө нь Тедди бамбаруушийг яагаад Тедди хэмээн дууддаг юм бол оо гэж бодож байсан уу? Хэрэв тийм бол хариулт нь маш энгийн буюу Тедди бамбаруушийн нэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн нэрээс санаа аван оноожээ. Гэхдээ яг яаж яваад хүүхдийн зөөлөн бамбаруушин тоглоом Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдэж цаашлаад үүсэл нь хүртэл Рузвельттэй холбогдож буй талаар уншигч танд сонирхуулъя.

Түүхийн эхлэл

Бүх зүйл 1902 онд Ерөнхийлөгч Теодор Рузвельт Миссисипи мужийн амбан захирагч Эндрю Х. Лонжиногийн урилгаар тус мужид хийсэн ангийн аяллаас эхлэлтэй. Ан эхлээд гурван өдөр болж байхад Рузьвелтээс бусад ангийн багт байсан хүмүүсийн ихэнх нь баавгай олж харсан болов ч Рузвельт л ганцаараа баавгай олж чадахгүй байлаа.

Ерөнхийлөгчийн баавгайн ан бараг л бүтэлгүйтэх магадлалтай болж ирсэн бөгөөд ангийн дөрөв дэх өдөр хөтчүүд нохдод хөөгдөж нэлээд ядарч сульдсан хөгшин хар баавгайг олсон байна. Тэгээд тэд өнөөх хөөрхий баавгайг бургаснаас уячхаад Ерөнхийлөгчийг дуудан баавгайг буудахыг хүсжээ.

Та түүнийг баавгайг буудсан гэж бодон айж байвал тайван байж болно. Учир нь Рузвельт тийм ч хатуу сэтгэлтэй хүн байгаагүй бололтой. Тэрээр уяатай байгаа баавгай руу харчхаад буудахаас татгалзсан юм. Ерөнхийлөгч өөрийгөө хамгаалах чадваргүй нөхцөл байдалд байгаа амьтныг агнах нь ёс зүйд үл нийцнэ гэж үзжээ. Мөн баавгай аль хэдийн шархадсан байсан тул улам илүү өвтгөхгүйн тулд суллахыг тушаасан байна.

Шог зураг болсон нь

Уг үйл явдлын тухай мэдээ орон даяар тархаж, улс төрийн шог зураач Клиффорд Берриман энэхүү түүхийг өлгөн авч, Ерөнхийлөгч Теодор Рузвельт Миссисипид ан хийж байхдаа баавгайг агнахыг татгалзаж буй талаарх дүрслэлийг харуулсан шог зургийг зурж сонинд хэвлүүлжээ.

1902 оны 11-р сарын 16-нд Вашингтон Пост сонинд гарсан энэхүү зурагт Рузвельтийн ард ангийн хөтөч болон баавгай хоёр байх бөгөөд хөтөч болон баавгай хоёрын биеийн хэмжээг бараг л адилхан хэмжээтэй зурсан байв. Гэвч дараа дараагийн цуврал зургуудад баавгайн хэмжээ жижгэрч явсаар айсандаа чичирч буй хөөрхийлөлтэй зулзага болж хувирчээ. Энэхүү баавгайн бамбарууш нь Рузвельтийн улс төрийн карьерын турш шог зураач Клиффордын уран бүтээлүүдэд дүрслэгдсээр байсан байдаг. Ингэж л бамбаруушийн дүрслэл Ерөнхийлөгч Теодор Рузвельттэй холбогдох болсон ажээ.

Тедди бамбарууш үүссэн нь

Бруклины чихрийн дэлгүүрийн эзэн Моррис Мичтом зураач Берриманы зурсан өнөөх алдарт шог зургийг олж харснаар “Тедди бамбарууш”-ны түүхэн холбоос эхэлжээ. Моррис сонинд гарсан зургийг харсан даруй түүний толгойд гайхалтай санаа төрж, эхнэрийнхээ оёсон хоёр ширхэг чихмэл баавгайг дэлгүүрийнхээ цонхон дээр тавьсан байна. Улмаар Моррис Ерөнхийлөгч Рузвельтээс өөрөөс нь эдгээр тоглоомон баавгайнуудаа “Теддигийн бамбаруушууд” гэж нэрлэх албан ёсны зөвшөөрлийг авч чадсан байдаг.

Мэдээж сэтгэл дулаацуулам түүхтэй, мөн ерөнхийлөгчийнх нь нэрээр нэрлэгдсэн өхөөрдөм хөөрхөн чихмэл тоглоомууд алдартай болох нь цаг хугацааны л асуудал байв. Чихмэл бамбаруушууд маш богино хугацаанд хүмүүсийн хайрыг татаж, эрэлт нь огцом өссөнтэй холбоотойгоор Моррис тэдгээрийг олноор нь үйлдвэрлэж эхэлсэн. Энэ нь яваандаа алдарт ‘Ideal Novelty and Toy Company’ тоглоомын компаний үндэс суурь болсон байдаг.

Яг энэ явдалтай зэрэгцэн Германы ‘Steiff’ хэмээх компани мөн л чихмэл баавгай үйлдвэрлэж эхэлжээ. Компанийг үүсгэн байгуулагч Маргарет Штайф анх оёдол хийж л амьжиргаагаа залгуулдаг байсан ба эхлээд чихмэл заан дараа нь бусад төрлийн амьтдыг оёдог болов. Улмаар 1903 онд нэгэн Америк эр түүний оёсон баавгайг хараад маш олон тоогоор захиалсан байна.

Ийнхүү Германд үйлдвэрлэсэн бамбаруушууд ч мөн адил “Тедди бамбарууш” нэрээр алдаршиж, олон улсад танигдах болжээ.

Тедди бамбарууш бий болсон цагаас хойш нэг зуунаас ч илүү хугацаа өнгөрсөн боловч бамбаруушийн нэр алдар одоо хүртэл бүдэгрээгүй нь Миссисипи дэх тэр нэгэн антай холбогддог билээ.

Эх сурвалж: Theodor Roosevelt Association

#teddy