Минийх дууны ард


YOLO.mn | YOLO.MN
2022-02-24

USAID/DAI-гаас санаачлан сурталчилж буй “Миний минийх” кампанит ажлын хүрээнд хийгдсэн уг клип маань бусдын цахим аюулгүй байдал, хувийн орон зайг хүндлэх, халдахгүй байх түүнчлэн өөрийн орон зайгаа бусдаас хамгаалах маш чухал болохыг залуучуудад таниулж ойлгуулах зорилготой хийгдсэн. Бид бусдын хувийн орон зайд халдах гэдгийг зөвхөн орчин үед байдаг биш, эрт дээр үед ч байсаар ирсэн гэдэг утга санааг гаргахын тулд гурван өөр үеэр харуулсан. Магадгүй өдөр бүр хэн нэгэн бидний хувийн мэдээлэл орон зайд халдсаар уг үйлдэл бараг энгийн үзэгдэл мэт болсон цаг үед эдгээр нь цаанаа ямар үр дагавартай, хортой болохыг дууны үгээрээ ч бусдад таньж мэдүүлэхийг зорьсон.

1. Хишигдалай

Клипэнд гурван өөр үеийг харуулсан нь их сонирхолтой байсан. Дээр үеийн хэсэг дээр миний өмссөн дээл өмнө маш олон киноны гол дүрийн өмссөн дээл гэсэн. Тэгээд ч тэр үү их энергитэй санагдсан. Аль ч үеийн хувцас хэрэглэл бүгд бэлэн, яг цаг үедээ тохирсон байсан. 1980-аад оны хувцас бас л яг тухайн үеийн залуучуудын өмсөж байснаас ялгарахааргүй, орчин цагт хаанаас ийм имиж бүрдүүлсэн юм болоо гэж гайхмаар хувцаснууд байсан. Гадаа маш хүйтэн байсан ч баг хамт олны зохион байгуулалт сайн байсан болохоор хурдан хугацаанд авсан.

Надад энэ дууны хүмүүст хүргэх гэсэн санаа нь их таалагдсан. Манай Монголчууд ер нь бусдын орон зайд байнга шахуу дураараа халддаг. Тиймээс би хувьдаа нийгмийн эрүүл харилцаа, бусдын хувийн орон зайг хүндлэх хэрэгтэй гэдгийг бусдад ойлгуулахаар ажиллаж буй төслийн багийн нэг хэсэг болж, нийгэмд хэрэгтэй зүйл хийсэндээ баяртай байгаа..

2. Ганга /GangBay/

Багадаа тусдаа өрөөгүй байсан ч манай гэр бүлийнхэн миний хувийн орон зайд огт халдаж байгаагүй, би ч хэн нэгний орон зайд халдаж байгаагүй. Харин дүрийн хувьд бол маш хартай залуу, надаас шал өөр дүр байсан. Хайртай хүнээ хүндэлдэггүй бас итгэдэггүй үргэлж хувийн орон зайд нь бүдүүлгээр халддаг л даа. Хэрвээ би хартай байсан бол ингэж хардах байсан байх л гэж бодож дүрээ гаргасан. Өөрөөсөө тэс өөр хүний дүр гаргах нь бас нэгэн сорилт байлаа. Хүний гар утсыг өөрийн мэт дураараа булаан авах нь тухайн хүний цахим аюулгүй байдалд халдаж байгаагийн нэг илрэл. Яг үнэндээ энэ асуудал их түгээмэл байдаг ч хүмүүс тоодоггүй нь харамсалтай. Клипны явцад үнэхээр ийм хартай хүнтэй хамт байвал ямар дарамттай, хэцүү байдаг бол гэж бодогдсон. Гэхдээ мэргэжлийн баг хамт олон маань түргэн шуурхай, эмх цэгцтэй байсан болохоор ажиллахад үнэхээр хялбар байлаа.

3. Баянаа /GangBay/

Зураг авалтын хугацаанд ямар ч асуудал гараагүй бүх зүйлс бэлэн байсан нь ажиллахад үнэхээр урамтай байлаа. Гэрэлтүүлэг, нүүр хувиргалт, хувцас дизайн, зураг авалтын өнцөг зэргээс авахуулан нарийн жижиг деталь бүрийг орхилгүй ажилладаг мэргэжлийн хамт олонтой байсан болохоор маш хурдан хугацаанд чанартай бүтээл болсон гэж бодож байна. Үг, үйлдэл бүрд хяналт тавьж, яг л мэргэжлийн уран бүтээлч хүн ямар байдгийг мэдэрч ажилласан өдрүүд байлаа.

4. Гэрэлтүүлэгч Баасандорж

Клипэнд маш олон төрлийн үйл явдал гарч байгаа ба тэр бүхэнд тохируулж гэрэл тавьдаг.Гэрэлтүүлэгч хүн юу хийж байгаадаа тааруулж гэрлээ тавих нь чухал. Бүх юман дээр нэг гэрэл давтагддаггүй, өөр өөр байдаг.

Энэ клип дээр гурван үеийн зураг авсан. Богдын музейд болон 1980-аад оны дээр үеийн зургууд дээр бол илүү сүүдэр ихтэй, констрасттай явна. Жишээ нь, цонхноос орж ирсэн гэрэл нь хурц туссан байх, гандан дотор гэрэл ямар байдаг яг л тэр гэрлийг гаргах, байгалийн гэрэл шиг харагдуулж байгаа ч сүүдэр ихтэй хуучин дүрс шиг болгож өгөх гэх мэт.Харин орчин үеийн хэсэг болох байран дотор сүүдэр багатай, зөөлөн гэрэл тавьсан. Энэ нь үзэж буй хүнд дулаан, дотно мэдрэмжийг төрүүлэх юм.


5. Найруулагч Хүрэлбаатар

Бид клипныхээ жижиг деталь бүр дээр юуг ч орхилгүй няхуур ажилладаг. Жишээ нь, Богдын музейд хийсэн зураг авалтад өмссөн Хишигдалайгийн хамбан дээл гэхэд 1980-аад онд кино зураг авалтад орж байсан “Кино үйлдвэр”-ээс авсан дээл. Хэдийгээр маш хуучин дээл ч гэсэн камерт он цагаа илтгэж чаддаг. Энгийн шинэ дээл өмсүүлээд зураг авч болох ч энэ нь камерт тухайн цаг үеэ бүрэн дүүрэн илтгэж чадахгүй. Мөн дээлэн дээрх улаан дарцаг, үсний засалт гэх мэт маш энгийн жижиг хүн анзаарахааргүй зүйлс тухайн үеийнхээ цаг хугацааг илтгэхэд ихээхэн том хувь нэмэр оруулдаг.Богдын үед бол бичиж буй захиагаа угаас нуух боломжгүй тод томруун харагддаг гэхдээ тэр нь уншиж болно гэсэн үг биш гэдгийг мэдэхгүй дураараа уншиж буйг харуулдаг.

1980-аад онд бол хүний хувийн тэмдэглэлийн дэвтрийг булаан авч уншиж байгаа нь маш бүдүүлэг орон зайд нь халдаж буйг илэрхийлж өгсөн. Харин орчин үед бол хүний бүх хувийн мэдээлэл гар утас дээр нь байдаг гэдгээр хамгийн түгээмэл болох хосуудын харилцаагаар гаргасан. Ер нь гол санаа нь бүгд адил ч цаг үе нь өөр байгаа. Энэ нь хэзээд бидний хөндөж буй сэдэв байсаар ирсэн гэсэн үг.


6. Туслах зураглаач  Ганаа

Миний үндсэн мэргэжил системийн аюулгүй байдал. Саяхнаас өөрийн сонирхлоо дагаад зураглаач болохоор шийдсэн. Клипны зураг авалтын үеэр найруулагч маань надад камераа хаана яаж байрлуулах, уран бүтээлчидтэйгээ хэрхэн хамтран ажиллах, гэрэл сүүдрээ тохируулах гэх мэт энгийн зүйлсээс эхлээд л бүх нарийн ширийн юмыг зааж өгдөг. Өмнө хэд хэдэн клип дээр ажиллаж байсан ч энэ клипны бусдад илэрхийлэх гэсэн санаа нь маш зөв, түүнчлэн цахим халдлага хувийн орон зай гэдгийг заавал орчин үетэй холбоогүй өнгөрсөн үед ч байсаар ирсэн гэсэн гурван өөр үеэр илэрхийлж гаргасан шийдэл клипыг илүү сонирхолтой болгож өгсөн.

Өглөө Богдын музейн гадаа очиход маш хүйтэн байсан, би өвлийн хувцас бээлийтэй камер барьж байгаа ч чичирч байсан. Тэгэхэд манай дуучин Хишигдалай маш нимгэн дээлтэй ч  даарч байгаагаа мэдэгдүүлэхгүй байж чадсан нь үнэхээр "wow" санагдсан.

Мэргэжлийн хүний үүднээс зөвлөхөд сошиал медиагаас харсан бүх мэдээлэлдээ битгий итгэж байгаарай. Эдгээр нь хүмүүсийг лайк даруулж хандалт авах мэт харагдаж байгаа ч ямар нэг мэдээллийг өөрт чинь дамжуулах зорилготой байдаг. Нүдэнд энгийн нэг зураг харагдаж байгаа ч түүн дээр дарахад компьютер дээр чинь өөр нэг юм татагдах ч юм уу тиймэрхүү асуудлууд их гардаг. Тиймээс маш хянуур няхуур хандаж байгаарай.


7. Гүйцэтгэх продюсер Азбаяр

Хүний хувийн орон зай гэдэг маш чухал сэдэв л дээ. Би өөрөө цахим халдлагад яг өртөж байгаагүй ч хэн нэгэн миний сошиал медиа хаягаар нэвтрэх гэсэн оролдлого хийж байсан. Бараг хүн бүрд л энэ асуудал тохиолдсон байдаг байх. Гэхдээ би ээж, эмээ гээд гэр бүлийнхнийхээ банкны нууц үг зэргийг мэдэж байна гэдэг бас л тухайн хүний хувийн орон зайд халдаж буйн нэг хэлбэр л дээ. Гэхдээ энэ компанит ажлын нэг хэсэг болсон клипыг хийж байх хугацаандаа ер нь ээж, эмээдээ цахим хувийн орон зайгаа хэрхэн хамгаалах, банкны нууц үгээ зөвхөн өөрөө л мэддэг байх гэх мэт аюулгүй байдлын талаар зааж өгөх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авсан.

Ер нь залуучуудын хамгийн их сонсож байгаа хамтлаг бол GangBay. Тиймээс залуучуудад хүргэх зорилготой хип хоп дуу хийе гэж багаараа ярилцан шийдсэн. Гэхдээ бас өөр стилээр дуулдаг хүнтэй хослуулан, сонирхолтой хамтрал гаргахыг хичээсэн. Мөн хүмүүсийн сонсох дуртай чадварлаг дуучин Хишигдалайтай хамтарснаар манай компанит ажлын цар хүрээ илүү өргөн хүрээнд хүрнэ гэж харсан. Клипны утга санааг ярилцаж гаргахдаа хувийн орон зай гэдэг нь зөвхөн таны гар утас биш ээ, ямар ч үед байсаар ирсэн гэдгийг гаргахыг зорьсон.


ЗУРАГ АВАЛТЫН СОНИН ХАЧИН

9Орчин үеийн зураг авалтыг байранд хийсэн бөгөөд Ганга зургаа ахуулж байх хооронд Хишигдалай уйдсан уу, сахилгагүйтэн харж байна

Хахир хүйтэнд гадаах зураг авалтыг баг хамт олны шаргуу хөдөлмөрийн хүчээр амжилттай дуусгаад бүгд бие биедээ халуун баяр хүргэж байна.
Клипны зураг авалтын анхны өдөр, манай гурвын анхны селфи.
Хэдхэн секундын зураг авахуулахын тулд хэдэн удаа нэг үйлдлээ давтан бичүүлдэг гэж бодож байна? Хишигдалай маань захиа бичиж байсан бийрээрээ Гангаагын нүүрэн дээр зураг зуржээ
Зураг авалт эхлэхээс өмнө бүгд хаана, хаана хэрхэн зургаа авах талаар хэлэлцэж, ойлголтуудаа нэгтгэж байна.
Хасах 25 хэмд гурван уран бүтээлч маань баг хамт олонтойгоо хамт 1980-аад онруу аялахад бэлэн болсон зураг.
Студид Ганга дуулж байхад цаана нь бяцхан хэмжээний жүжигчилсэн тоглолт хийж байгаа нь
Клипны зураг авалт болон өөрт төрсөн сэтгэгдлийнхээ талаар ярилцлага өгөхөөр текстээ бэлдэж буй Баянаа
Зураг авалтын дундуур манай хэд бас байнга зургаа авна
Хэдэн үе дамжин хардаад л байсан, гэтэл яасан байв? Дүү нь байсан байх нь, одоо Гангаа хэдэн үе дамжин бантах бол?

Монгол хүн бүрт  цахим аюулгүй байдлын талаар мэдлэг хүргэх зорилгоор USAID/DAI-аас санаачлан хэрэгжүүлж буй “Миний Минийх” кампанит ажил.

Илүү дэлгэрэнгүйг “Миний Минийх” фейсбүүк хуудас болоод @minii_miniih инстаграмм хуудсаас аваарай.

#Дуу хөгжим #Энтертайнмент