Гол дүрээсээ илүү хайр татам туслах дүрүүд


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Гол дүр дэлхийг аварч байх зуур түүний ард хамаг хөгжилтэй, сонирхолтой мөчүүдийг бүтээж байдаг туслах дүрүүд л бидний хамаг анхаарлыг татах үе байдаг шүү дээ. Заримдаа найруулагчид гол дүрийг хэтэрхий төгс эсвэл хэтэрхий драматик болгочихдог. Харин туслах дүрүүд яг бидний амьдралд байдаг шиг хөгжилтэй, алдаа дутагдалтай, маш бодит байдаг учраас үзэгчдийн зүрх сэтгэлийг шууд булаачихдаг билээ.

Ингээд гол дүрийнхээ анхаарлыг бүдгэрүүлж, поп ертөнцийг байлдан дагуулсан хамгийн хайр татам туслах дүрүүдтэй танилцацгаая.

Rex (Toy Story)

  • Vibe: Сэтгэл түгшүүртэй, өөртөө итгэлгүй, гэхдээ хамгийн өхөөрдөм үлэг гүрвэл.
  • Яагаад хайр татам бэ: Уг нь тэр түүхэн дэх хамгийн аюултай махчин Тираннозавр Рекс шүү дээ. Гэвч түүний бодит зан чанар нь маш зөөлөн, аймхай, бусдад гологдохоос байнга айж явдаг нь үзэгчдийн хайрыг татдаг. Вүүди, Базз хоёр үргэлж чухал даалгавар биелүүлж, лидер хийдэг бол Рекс хөгжилтэй хариултууд, мэдрэмтгий байдлаараа Toy Story-ийн анги бүрийг чимж, үзэгчдийг инээлгэж чаддаг.

Anxiety буюу Түгшүүр (Inside Out 2)

  • Vibe: Байнга сандарсан, хэтэрхий их боддог (overthinking), кофе уучихсан мэт эрчимтэй.
  • Яагаад хайр татам бэ: Сүүлийн үеийн залуусын сэтгэл зүйн толин тусгал болсон дүр. Хэдийгээр тэр Райлигийн толгой дотор зөндөө асуудал үүсгэж, эсрэг талын дүр шиг ажилладаг ч эцсийн дүндээ ердөө л Райлигийг ирээдүйн эрсдэлээс хамгаалах гэсэн чин сэтгэлтэй тул үзэн ядах ямар ч аргагүй. Кино дуусахад хүн бүр Түгшүүрийг хайрлаж, би яг ийм шүү дээ гэж өөртэйгөө адилтгасан билээ.

Groot (Guardians of the Galaxy)

  • Vibe: I am Groot гэдэг ганцхан өгүүлбэртэй, дэлхийн хамгийн өхөөрдөм ургамал.
  • Яагаад хайр татам бэ: Түүний Baby Groot болон өсвөр насны Teen Groot хувилбарууд нь Марвелын ертөнцийн хамгийн алдартай мийм болон поп соёлын бэлгэдэл болсон. Хэлж чадах ганц өгүүлбэрээрээ бүх сэтгэл хөдлөлийг илэрхийлж, найзуудынхаа төлөө амиа өгөхөд ч бэлэн түүний үнэнч зан, хүүхэд шиг араншин биднийг уяраадаг.

Илжиг (Shrek)

  • Vibe: Яриа, ядаргаатай, гэхдээ зөөлөн сэтгэлтэй.
  • Яагаад хайр татам бэ: Шрек хэдийгээр өөрийнхөө түүхийн гол баатар ч гэлээ, илжиггүйгээр энэ киног төсөөлөхийн аргагүй. Киноны хамгийн хөгжилтэй харилцан ярианууд, трэнд миймүүд бүгд түүнээс үүсэлтэй. Шрекийн уур уцаартай, зожиг занг зөвхөн түүний уйгагүй яриа, хөгжилтэй байдал л зөөлрүүлж чаддаг юм.

#Кино