

Зун цагийн дулаахан үдшээр та хөдөө хээр, агаарт цагийг сайхан өнгөрүүлэхэд шаардлагатай бүхнийг бэлдсэн гэж төсөөлье. Таны баруун гарт мөстэй ундаа байх бол хажууханд шарсан махны анхилам үнэр хамар гижигдэнэ. Жилийн ганц л улиралд ашигладаг эвхдэг сандлаа дэлгэж, аалзны торыг нь гөвчхөөд тухлан суух яг тэр мөчид чихэнд тань танил дуутай ялаа дүнгэнэх сонсогдоно. Ингээд л тэдний довтолгоо эхлэх нь тэр.

Хэчнээн гөвөөд ч цааш явдаггүй ялаанууд тэр л төгс амралтыг сүйрүүлж орхих нь олонтоо. Тэд үнэхээр ядаргаатай, төвөгтэй амьтад гэдэг нь үнэн. Ялаанууд дандаа буруугаар ойлгогдож, муу хэлэгддэг. Бид энэ удаагийнхаа нийтлэлээр ядаргаатай ялаануудыг арай өөр өнцгөөс харуулах болно.
Ялаанууд яагаад дулаарахаар бөөнөөрөө шавдаг вэ?
Шавжууд зуны турш биднийг зориуд бухимдуулах гэж ирдэг мэт санагдаж болох ч тэдний тоо дулааны улиралд гэнэт өсдөг шалтгаан нь өвлийн хур тунадас, хоол тэжээлийн олдоц болон агаарын температур нэмэгдэх зэрэгтэй маш нарийн хамааралтай байдаг. Шавжууд нь хүйтэн цуст амьтад учраас тэдний биеийн дулаан гадаад орчноос шууд хамааралтай. Тиймээс зуны улиралд агаарын температур нэмэгдэх нь шавжийн идэвхжилтийг шууд даган өсгөдөг байна.

Маш олон төрлийн шавж хавар, зуны улиралд гарч ирэхдээ нас бие гүйцсэн байдаг. Эдгээр маш хөдөлгөөнтэй, өлсгөлөн, үржих гэж улайрсан “залуучууд” нь л зуны турш хүн төрөлхтнийг зовоодог байна. Үүнийг шавжуудын хувьд бүтэн гурван сарын турш үргэлжилдэг төгсөлтийн баярын долоо хоног гэж ойлгож болно.
Тэд яагаад бусад саруудаас илүү яг зун биднийг ингэж зовоодгийг мэдсэн тул одоо дараах асуултыг тавих цаг болжээ. Ялаа гэж үнэндээ яг ямар ашиг тустай амьтан юм бэ?
Торгомсог тоос хүртээгчид
-141018-1190359256.jpeg)
Таны зун амтархан иддэг BBQ-ний орцууд шавжуудын ачаар ургаж, бий болсон байдаг. Тоос хүртээдэг шавж гэхээр таны толгойд хамгийн түрүүнд зөгийн эсвэл эрвээхэй бууж байгаа байх. Гэвч ялаанууд бол үнэндээ тоос хүртээгч “чимээгүй баатрууд” бөгөөд ургамалд зөгийнөөс дутахгүй сайн тоос хүртээдэг байна.
Зөгийнүүд ургамлын тоосыг хөлөн дээрх тусгай сагсандаа хураадаг тул тэрхүү тоосонцрууд нь дараагийн цэцэгт хүргэгдэх боломжгүй болчихдог. Харин ялаанд тийм сагс байдаггүй учраас тэдний биеийн үсэнд наалдсан бүх тоосонцор дараагийн цэцэгт шууд хүртээгдэх боломжтой байдаг аж.
Австралийн үндэсний шавж судлалын төвийн доктор, “Ялаачин Брай” хочит Барайан Лессард “Ялаа маш их үстэй учраас гайхалтай тоос хүртээгчид байдаг. Шинэ Английн их сургуулийн сүүлийн үеийн судалгаагаар жирийн хөх ялаа нь зөгийнөөс илүү их тоосонцрыг биедээ нааж тээвэрлэх чадвартай болохыг тогтоосон. Эм ялаа өндгөвчөө боловсруулахын тулд цусны уураг шаардлагатай болдог тул хаяа нэг цус сордог нь үнэн. Гэхдээ тэд ихэнх хугацаандаа цэцгийн балаар хооллодог бөгөөд яг ямар ургамалд тоос хүртээдэг нь одоогийн байдлаар нууц хэвээр байна” гэжээ.
Хоол тэжээлийн эх үүсвэр болох нь

Таны хувьд ялаа ядаргаатай амьтан байж болох ч маш олон амьтад ялаагаар хооллодог. Шувуу, гүрвэл, мэлхий гээд бүгд л амттай ялаагаар хооллох дуртай байдаг. Шавжууд байгалийн амьдралын гинжин хэлхээнд хэдийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид мэдэх ч сүүлийн үеийн судалгаагаар тэдний үүрэг үүнээс их байдаг болох нь батлагдсаар байна.
Бид идэж буй зайдас дээрээ тэднийг суулгахыг хүсэхгүй боловч тэдгээр ялаанууд бидний идэж буй зайдасны гахайн махыг тэжээсэн гол хоол нь байж болох юм.
Эрдэмтэд ялааны авгалдайгаар хийсэн тэжээл нь уламжлалт хөдөө аж ахуйн малын тэжээлийг хэсэгчлэн эсвэл бүр мөсөн орлож чадна гэдгийг батлан харуулжээ. Судалгаагаар энэхүү тэжээл нь тахиа, гахай, матар, яргай загас, хавч зэрэг фермийн далайн амьтдын хоолны дэглэмд туйлын тохиромжтой бөгөөд тэдгээр амьтдын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болох нь тогтоогдсон байна.
Ялгадсаар хооллогчид

Ялаанууд шууд утгаараа ялгадсаар хооллодог ба бусад төрлийн хөг хаягдлыг ч бас цэвэрлэж, хүн төрөлхтний тарьсан бохирдлыг цэвэрлэхэд тусалдаг. Тэд бидний ахуйн хог хаягдлыг идэж, хогийн цэг рүү ачигдахаас нь өмнө устгах чадвартай. Жишээлбэл, нэг ялаа 600 хүртэл авгалдай гаргадаг бөгөөд авгалдай тус бүр өдөрт хагас грамм бүхий органик бодисыг иддэг. Энэхүү жижигхэн гэр бүл жилд бүтэн нэг өрхийн органик хог хаягдлыг бүрэн цэвэрлэж чадна.
Ялаанууд байгаль дээрх өмхийрч муудсан органик бодисуудыг устгагчийн үүрэг гүйцэтгэдэг тул хүмүүс бид тэдгээр бохир зүйлстэй зууралдах шаардлагагүй болдог. Хэрэв ялаа байгаагүй бол хаа сайгүй өмхий хог хаягдал, амьтны сэг зэмээр дүүрэн байх байлаа.
Эрүүл мэндийн ашиг тус

Өмхийрч муулсан зүйлсийг идэх талаар ярьсных, ялааны авгалдайг антибиотик хэрэглэхгүйгээр үхэжсэн шархыг эмчлэхэд ашиглаж болдог байна. Шарх цэвэрлэхэд авгалдай ашигласан тухай анхны тохиолдол Америкийн иргэний дайны үед цэргүүд дээр ашиглагдаж байсан тухай бүртгэгдэн үлджээ.
Хөх ялааны авгалдайг халдвар авсан хэсэгт тавьснаар чихрийн шижингийн гаралтай шархлаа, холголт болон бусад ил шархыг эмчлэхэд ашиглаж болдог байна. Авгалдайнууд нь халдварлаж үхэжсэн эд эсийг идэж, өөрсдийн нянгийн эсрэг үйлчилгээтэй шүлсээрээ шархыг цэвэрлэхийн зэрэгцээ шинэ эд эс ургах явцыг хурдасгадаг аж.
Гэхдээ үүнийг гэрийг нөхцөлд хэзээ ч туршиж болохгүй шүү. Авгалдайн эмчилгээнд орж буй өвчтөнүүдийг мэргэжлийн сувилагч нар тусгайлан хянаж, шархыг цэвэрлэж буй шавж нарыг сайтар ажигладаг.
Тэд чинь үзэсгэлэнтэй шүү дээ

Зарим ялаанууд үнэхээр нүд унагам үзэсгэлэнтэй байдаг. Жишээ нь, Lecomyia notha хэмээх ялааг дурдаж болно. Тус ялааны гаднах бүрхүүл нь гялалзсан нил ягаан өнгөтэй бөгөөд яг л эрдэнийн чулуу мэт харагддаг.
Хэдэн жилийн өмнө манай ялааны мэргэжилтэн “Ялаачин Брайан” Канберра дахь Австралийн үндэсний шавж судлалын төвийн 12 сая орчим ялааг судалж байжээ. Тэгтэл гялалзсан хойд хэсэг нь алтан шар өнгөтэй нэгэн шавж түүний харааг булаасан байна. Тус ялаа нь өмнө нь огт мэдэгдэж байгаагүй ялааны шинэ төрөл зүйл байсан ба тухайн ялааг алдарт дуучин Beyonce-ийн нэрээр нэрлэсэн гэнэ.
Эх сурвалж: CSIRO
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!