Цагаан морьтой ханхүүгээ хайсаар л байна уу?


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Охид бүсгүйчүүд бид бага байхаасаа эхлээд л царайлаг ханхүүг мөрөөдөн гүнж болж ордонд амьдрахыг хүсдэг байсан. Гэтэл юу биднийг энэхүү гайхалтай үлгэрийн амьдралыг хүсэхээ болиход хүргэсэн юм бол оо? Мэдээж хүн бүр өөр хариулт хэлж магадгүй ч би энэ асуултад “ханхүү гэдэг чинь үлгэрт л гардаг дүр” гэж хариулах байлаа. Гэхдээ одоо ч зарим улс орнууд хаан хатадтай байдаг бөгөөд үүнийгээ дагаад маш олон ханхүү нар бидэнтэй зэрэгцэн, энэ 21-р зуунд амьдарч байна. Ингээд одоо ч ганц бие яваа ханхүү нартай танилцахдаа бэлдээрэй.

1. Грек болон Данийн ханхүү Ахилеас-Андреас

Угсаа залгамжлах ханхүү Павлос болон угсаа залгамжлах гүнж Мари-Шанталь нарын гурав дахь хүүхэд болох “Ачи” нь Лондонд хүүхэд насаа өнгөрүүлсэн ч Нью-Йоркийн Их Сургуульд суралцахаар Америкийг зорьсон нэгэн. Одоогоор 25 настай тэрээр жүжигчин, нийгмийн идэвхтэн бөгөөд No Hard Feelings хэмээх кинонд алдарт жүжигчин Женнифер Лоуренстэй тоглоод амжсан. Мөн тэрээр нийгмийн арга хэмжээнүүдэд байнга харагдаж байдаг.

2. Грек болон Данийн ханхүү Константин Алексиос          

Зүгээр ч нэг ханхүү биш ирээдүйн хаан сэнтийний эзнийг мөрөөдөгсдийн хувьд өнөөдөр таны азтай өдөр бололтой. Учир нь ханхүү Ачигийн ах одоо ч ганц бие хэвээрээ байгаа юм. Константин нь 27 настай бөгөөд уран зураач, барималч нэгэн юм. Түүний загалмайлсан эцгүүдийн тоонд Испаний зургаадугаар Фелипе болон Ханхүү Уильям нар багтдаг.

Түүний уран бүтээлүүдийн хувьд ихэвчлэн Грекийн домгоос санаа авсан байдаг. Урлагийн ажлаас гадна тэрээр Dior брэндийн моделийн ажлыг ч хийж байсан. Тодруулбал, ханхүү Константин тус брэндийн эрэгтэй хувцасны анхны ном болох The Dior Sessions-д моделиор ажилласан байна.

3. Ханхүү Тассило Эгон Максимилиан фон Фюрстенберг

Германы язгууртан ханхүү Эгон фон Фюрстенберг болон домогт дизайнер Диана фон Фюрстенбергийн ач хүү болох Тассило Эгон Максимилиан фон Фюрстенберг нь бага байхаасаа эхлээд л ирээдүйд охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэх нэгэн болно гэдэг нь баттай байв.

Аавынхаа талаас Герман хааны гэр бүлийн цустай ч ээжийнхээ талаас тэрээр Грекийн хааны гэр бүлтэй ч ураг төрлийн харьцаатай буюу Грекийн ханхүү нар түүний үеэл юм. Өдгөө 24 настай ханхүүг түүний ээж “хамгийн эелдэг, догь хүн” гэж тодорхойлсон байдаг.

4. Жайпурын Махаража Савай Падманабх Сингх

Махаража нь Энэтхэгийн Жайпур хотын хааны угсааны төлөөлөгч юм. Энэтхэг нь холбооны парламентын бүгд найрамдах улс учраас түүний цол хууль ёсоор хааны эрх мэдэлтэй гэж тооцогдохгүй ч олон нийт түүнийг Жайпурын албан бус хаан гэж нэрлэх нь бий.

“Пачо” хэмээх хочтой тэрээр өндөр урлагийн мэдрэмжтэй нэгэн бөгөөд Ромд соёлын өв, урлагийн чиглэлээр суралцсан. 27 настай түүний сонирхолд морин доло спорт хүчтэй байр суурийг эзэлдэг. Уг спортдоо нэлээд чадварлаг тоглогч хэмээн тооцогддог. Мөн Махаража нь загварын тайзанд гарч, Dolce & Gabbana брэндийн шоунд оролцож байсан нь түүнийг олон улсын загварын ертөнцөд таниулжээ.

5. Люксембургийн ханхүү Себастьен

Ханхүү Себастьен нь Люксембургийн хуучин Их гүн Анри болон Их гүнгийн авхай Мария Тереза нарын тав дахь буюу хамгийн отгон хүүхэд юм.

Энэ оны эхээр түүний ах Их гүн Гийомийн хаан ширээнд залах ёслол болсон. Ёслолын үеэр царайлаг Себастьен олон хүний анхаарлыг татсан. Сандхёрстын язгууртны цэргийн академийг төгссөн тэрээр 33 настай ба одоогоор Ирландын харуулын ангид алба хааж байгаа юм. Сонирхолтой нь тэрээр нийт таван хэлээр ярьдаг гэнэ шүү.

6. Артур Чатто

Ах Самынхаа адил Артур Чатто нь албан ёсны хааны цолгүй ч Гүнж Маргаретын ач хүүгийн хувьд хааны гэр бүлийн гишүүн мөнөөс мөн юм. Түүнийг эмээгийнхээ адал явдалд дуртай зан чанарыг өвлөн авсан гэж ярьцгаадаг.

Өдгөө 26 настай тэрээр алслагдсан газруудад хийгддэг адал явдал дүүрэн спортод дуртай бөгөөд Гренландад мөсөн дор шумбах, Альпийн нуруунд авирах, уртын зайны сэлүүрт завины уралдаанд зэрэгт идэвхтэй оролцдог юм байна.

Тэрээр өмнө нь хувийн дасгалжуулагчаар ажиллаж байсан ба Эдинбургийн Их Сургуулийг төгссөнийхөө дараа Royal Marines-д элсэж 2021 оны 03 сард болсон Ханхүү Филипийн дурсгалын ёслолд цэргийн дүрэмт хувцастайгаа оролцож байжээ.

7. Линлийн гүн Чарльз Армстронг-Жонс

Гүнж Маргаретийн ганц бие байгаа өөр нэг ач нь Чарлз Армстронг-Жонс билээ. Тэрээр “Висконт Линли” хэмээх цолтой юм. Чарльз өмнө нь Хатан хаан хоёрдугаар Элизабетийн ёслолын дагагч байжээ.

Этон коллежид боловсрол эзэмшсэн тэрээр Лафборогийн Их Сургуульд бүтээгдэхүүний дизайны инженерчлэлээр суралцсан бөгөөд Сноудоны гүнгийн цолыг өвлөх дараагийн хүн юм. 26 насыг зооглоод буй Армстронг ханхүү нь төгөлдөр хуур, гитар зэргийг тоглож чаддаг авьяаслаг хөгжимчин юм.

8. Данийн гүн Феликс

Гүн Феликс нь Ханхүү Йоахим болон түүний анхны эхнэр Гүнж Александра нарын хүү бөгөөд 23 настай. Тэрээр ах Гүн Николайгаасаа харьцангуй бага танигдсан ч атгаад авбал алдаж боломгүй залуу гэдэг нь гарцаагүй.

Феликс Копенгагены Бизнесийн Сургуулийг төгссөн ч одоогоор моделийн карьер хөөж байгаа нь тун амжилттай явж буй юм. Тухайлбал тэрээр Georg Jensen, Burberry, Dior зэрэг нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажиллаж байсан байна.

9. Монпезагийн гүн Николай

Царайлаг гэдгээрээ алдаршсан Гүн Николай нь дүүгийнхээ адил хэдэн жилийн турш модел хийж байгаа. Өмнө нь Burberry брэндийн Лондонгийн загварын долоо хоногт анхныхаа тайзны алхааг хийж байжээ.

26 настай тэрээр дараа нь Euroman сэтгүүлийн нүүрийг чимж, GQ Australia сэтгүүлээс түүнийг “загварлаг язгууртан” хэмээн тодорхойлж байсан удаатай. Одоогоор тэрээр гэрлээгүй байгаа ч 2018 оноос хойш Данийн модель Бенедикте Туструптэй үерхэж байгаа ба ойрын ирээдүйд хурим болох эсэх нь олны анхаарлыг татсан сэдэв болоод буй.

10. Александр Огилви

Александр Огилви нь талийгаач Хатан хааны үеэл болох Кентийн гүнж Александрагийн ач хүү юм. “Хүсэмжит залуу” гэх нэрийг эзэн болсон тэрээр Сандхёрстын язгууртны цэргийн академид суралцаж, Ханхүү Уильям болон Харри нарын замналыг дагасан.

29-тэй Огилви өнгөрсөн зун сургуулиа төгсөж одоо Blues and Royals-д офицероор алба хааж байна. Мөн тэрээр энэ жил Tatler Little Black Book Party-ийн хамгийн их анхаарал татсан зочдын нэг байсан бөгөөд нийгмийн хүрээнд “хамгийн эрэлттэй” залуусын нэгт зүй ёсоор багтдаг.

11. Альторпын гүн Луис Спенсер

Альторпын гүн Луис Спенсер нь Чарльз Спенсерийн отгон хүү мөн өв залгамжлагч юм. Тэрээр өөрийн шаргал үс, дур булаам төрхөө авга эгч Уэльсийн гүнж Дианагаасаа өвлөж авчээ.

Лондонд төрсөн ч Кейптаунд өссөн тэрээр өдгөө 31 настай ба жүжигчин нэгэн. Түүний тайзны нэрийг Луис Ляонс гэдэг юм байна. Ирээдүйд Спенсер ойролцоогоор 100 сая паундаар үнэлэгдэх Алторп ордны эзэн болох билээ.

12. Кассиус Тейлор

Кассиус Тейлор нь олны анхааралд тийм ч их гарах дуртай биш даруухан нэгэн. Тэрээр Хатагтай Хелен Тейлор болон Тимоти Тейлор нарын дөрвөн хүүхдийн хоёр дахь нь.

Өмнө нь Тейлор өөрийн арга хэмжээ зохион байгуулдаг компанитай байсны дээр тус салбартай нэлээд эрэлттэй байжээ. Хааны гэр бүлийнхний уламжлал ёсоор Кассиус ч гэсэн урлагт хайртай гэдэг нь олон улс орноор аялан DJ хийдэг байснаас нь тод харагддаг. Түүний үйлчлүүлэгчдээс хамгийн нэр хүндтэйг нь дурдвал Soho House, Mulberry зэргийг нэрлэж болно.

Хэрвээ та түүнийг биечлэн харахыг хүсвэл Лондон хотод байрлах Fabric клубын тайзнаас эсвэл DJ хийж байхад нь олж харах бүрэн боломжтой.

13. Александр Гримальди

Гримальдигийн угсааны шинэ үеийн төлөөлөгч 22 настай Александр Гримальди нь Монакагийн Ханхүү хоёрдугаар Алберт болон хуучин найз бүсгүй Николь Косте нарын хүү юм. Түүний нэр хүнд сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа бөгөөд 2023 оны 12 сард Tatler сэтгүүлийн нүүрэнд гарснаар дэлхий дахинд илүү танигдсан.

Өдгөө тэрээр загварын долоо хоногийн урд эгнээнд алхдаг болсон төдийгүй өөрийгөө Монакогийн “дэлхийн элч” хэмээн тодорхойлдог.

14. Альберт Виндзор

18 настай Альберт нь Британий хааны удмын хамгийн залуу насанд хүрэгчийн хувиар олон нийтийн өмнө анх удаа гарч ирж байна. Тэрээр Лорд Николас Виндзор болон Хатагтай Николас Виндзор нарын ууган хүү, мөн тавдугаар Жорж хааны ачийн ачийн ач юм.

Ромд өссөн түүнийг хүмүүс аав шигээ Оксфордын Их Сургуульд шашин судлалын чиглэлээр суралцаж магадгүй талаарх таамаглал олны дунд үүсээд байгаа.

Эх сурвалж: Tatler

#Цагаан морьтой ханхүү