“The Uncanny Counter” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2021-01-27

Бид өмнөх дугаартаа “Mr.Queen” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа адал явдалт, ер бусын кинонд дуртай үзэгчдэдээ зориулан “The Uncanny Counter” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 8.1/10

Киноны үнэлгээ /AsianWiki/: 94%

Эхний анги цацагдсан огноо: 2020 оны арваннэгдүгээр сарын 28

Нийт ангийн тоо: 16

Үйл явдал: Ахлах сургуулийн сурагч So Mun багадаа машины ослоор эцэг эхээ алдан, өөрөө хөлөө хүнд бэртээж насаараа доголж явдаг болно. Нэг өдөр түүний биед хачирхалтай байдлаар муу ёрын сүнсийг барихад тусалдаг сахиус орох ба тэрхүү сахиус So Mun-ийг өөрт нь тусалбал эцэг эхийнх нь сүнстэй уулзуулж өгнө гэж амлана. Ийнхүү So Mun өөртэйгөө адил хүмүүстэй нэгдэж муу ёрын сүнснүүдийг барьж эхэлснээр киноны гол үйл явдал өрнөнө.

КОМИК ЗОХИОЛООС СЭДЭВЛЭСЭН

Энэхүү цувралыг “Amazing Rumor” хэмээх комик бүтээлээс сэдэвлэн бүтээжээ. Тус комик зохиол нь бүх насны уншигчид дунд алдартай байсан ба шинэлэг сэдэв, зураглалтай гэдгээрээ онцлог.

ЖИРИЙН НЭГЭН ОХИН АЛДАРТАН БОЛСОН НЬ

Do Ha Na-гийн дүрийг бүтээсэн жүжигчин, дуучин Kim Se Jeong нь өөрийн хичээл зүтгэл, авьяас чадвараараа алдаршсан гэдгээрээ олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Тэрээр 2016 онд Кпоп хамтлаг байгуулах зорилго бүхий “Produce 101” хэмээх өрсөлдөөнт нэвтрүүлэгт орж, чамгүй өндөр амжилт үзүүлснээр дуучин болж байжээ.

Тэрээр нэвтрүүлгийн багийнхан дунд сайхан сэтгэлтэй гэдгээрээ алдартай байсан ба жүжиглэх авьяастай гэдгээ ч баталж байсан. Харамсалтай нь Se Jeong-ийн харьяалагддаг Gugudan хамтлаг нь саяхан албан ёсоор тарсан гэдгээ мэдэгдсэн билээ.

ШИЛДЭГ ЦУВРАЛ

“The Uncanny Counter” нь зэрэгцэн гарч байсан цувралууд дундаасаа хамгийн өндөр үзүүлэлттэй цувралаар тодорсон. Хоёрдугаар байранд “Mr.Queen”, удаах байранд “True Beauty” зэрэг цувралууд орсон аж. Мөн энэхүү цуврал нь OCN сувгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлттэй кино юм.

ТӨСӨӨЛӨӨГҮЙ ДҮР

Цувралын 15-р ангид жүжигчин Son Ho Jun cameo дүр бүтээсэн билээ. “Cameo” буюу зочин дүр нь цувралд 2-3 минут үзэгдээд өнгөрдөг дүрийг хэлдэг. Хэдий зочин дүрүүд кинонд чухал үүрэг гүйцэтгэдэггүй ч ихэвчлэн алдартнууд байдаг учир үзэгчид эдгээр дүрүүдэд дуртай байдаг ажээ. Тэрээр өөр нэгэн “counter” буюу муу ёрын сүнс баригчийн дүрээр гарч ирсэн ч тус анги дээрээ Ga Mo Tak-ийг хамгаалах гэж байгаад нас бардаг тул үзэгчид бага зэрэг сэтгэл дундуур байгаа гэнэ.

 СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ХЭСГҮҮД

Тус цуврал нь гунигтай, баяр хөөртэй түүхүүдийг адал явдалт, сонирхолтой үйл явдалтай нэгтгэж өгсөн гэдгээрээ олны дунд ихэд алдартай байгаа билээ. Анги бүр нь үзэгчдэд хүргэх гэсэн далд утга санаатай бөгөөд адгийн муу юм бодож явдаг хүний биед л зөвхөн муу ёрын сүнс шүглэдэг, хэчнээн сайхан сэтгэлтэй хүн байсан ч эргэн тойрны нөлөөллөөс болж өөрчлөгдөж болдгийг тод томруунаар харуулсан тул үзэгчид маш ам сайтай байгаа юм.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Өмнөд Солонгос улсын ихэнх цувралын үйл явдал ганцхан бүлгээр төгсдөг. Харин “The Uncanny Counter” цувралын хоёрдугаар бүлэг гарах нь албан ёсоор батлагджээ. Гэхдээ цувралын гол дүрүүд өөрчлөгдөж магадгүй гэнэ.

Ингээд нийтлэлийн төгсгөлд цувралын хамгийн алдартай хэсгээс хүргэж байна.

Эх сурвалж: Soompi

#Бидний мэдэхгүй баримтууд #The Uncanny Counter