Залуу манлайлал хөтөлбөрийн “Our 9 to five” төслийг онцлох нь


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Зориг сангийн зүгээс "Залуу манлайлал" хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг билээ. Тус хөтөлбөр нь Монголын залуу мэргэжилтнүүдийн хувь хүний болон манлайллын чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2003 оноос хойш хэрэгжиж байгаа ба өдгөө 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Нийгэмдээ эерэг өөрчлөлт, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй залуус тус хөтөлбөрт хамрагдаж төрөл бүрийн салбарын тэргүүлэгчидтэй уулзаж дэлхий дахинд болоод Монгол улсад тулгарч буй нийгмийн асуудлуудын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, манлайллын ур чадвараа дээшлүүлж, нийгэмд хандсан төсөл хамтран хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлог билээ.

Тэгвэл энэ жилийн “Залуу манлайлал” хөтөлбөрт оролцож буй "Our 9 to five" төслийг энэ удаагийн нийтлэлээрээ онцлон төслийн багийн ахлагч Д.Өсөхжаргалтай хийсэн ярилцлага болоод тус төслийн ерөнхий мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Тус төслийн баг нь Г.Хишигдалай, Д. Өсөхжаргал, А. Сэрээтэр, Э. Ундрах, Д. Мөнх-Очир, Б. Чимэдцэрэн гэх гишүүдээс бүрджээ.

-Сайн байна уу? “Our 9 to five” төсөлөө танилцуулж болох уу?
-Сайн байна уу? Намайг Д.Өсөхжаргал гэдэг. Манай төслийн баг нь Зориг сангийн "Залуу манлайлал" хөтөлбөрийн 23 дахь жилийн оролцогчдоос бүрдсэн "Our 9 to five" төслийн баг юм. 2003 оноос хойш хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах хүсэлтэй, ирээдүйн удирдагч залуусыг бэлтгэх зорилготой билээ.

Энэ хүрээнд бид өөрсдийн мэргэжлийн туршлага, судалгаанд үндэслэн залуу мэргэжилтнүүдийн ажлын байран дахь эхний алхмуудыг хөнгөвчлөх шинэлэг төслийг хэрэгжүүлж байна. Манай төсөл нь ажил олгогч болон ажил горилогч хоёрын хоорондын харилцааг сайжруулж, дасан зохицох хугацааг хүнд хэцүү үе бус эсрэгээрээ өсөлт хөгжлийн үе болгохыг зорьж байгаа. Ерөнхийдөө ажлын гараагаа хэрхэн амжилттай эхлүүлж тогтвортой ажиллах вэ? гэдэг дээр төвлөрсөн төсөл юм.

-Яагаад энэ төслийг эхлүүлэх болсон бэ?
-Ажлын ярилцлага, CV бэлтгэх тал дээр олон зөвлөгөө байдаг ч, "Ажилд орсны дараа яг яах ёстой байдаг вэ?" гэдэг нь маш олон залуусын хувьд бүрхэг асуудал хэвээр байна.

Мэдээлэл технологи, санхүү, эрүүл мэнд, хууль зүй, инженерчлэл, судалгаа гээд 6 өөр салбарт ажиллаж буй манай багийн гишүүд өөрсдийн ажлын гарааны туршлагаа эргэцүүлэн үзэж, дараах асуудлуудыг олж харсан юм.

Ажилтны хүлээлт: Шинэ залуу мэргэжилтнүүдэд ажлын байрны зөв хүлээлтийг таниулах мэдээлэл дутмаг байна.

Дасан зохицох үе: Компаниудын туршилтын хугацааны хөтөлбөр нь шинэ үеийн залуусын онцлогт бүрэн нийцээгүй байх тохиолдол элбэг.

Тогтвортой байдал: Ажлын байрны дасан зохицох үйл явц дутуу дулимаг байгаа нь залуус ажлаа солих эсвэл сэтгэл ханамжгүй ажиллахад хүргэж байна.

Бид дээрх асуудлыг шийдэх хамгийн чухал үе бол ажилд орсны дараах 90 хоног буюу туршилтын хугацаа гэж үзэн, энэ хугацааг үр бүтээлтэй, амжилттай өнгөрүүлэхэд нь туслахыг зорьсон.

-“Our 9 to five" төслийн үйл явцыг танилцуулбал?
-Төсөл хэдийнээ эхлээд эхэлсэн ба ажил олгогч болон ажил горилогч хоёрын хоорондын харилцааг сайжруулж, дасан зохицох хугацааг хүнд хэцүү үе бус эсрэгээрээ өсөлт хөгжлийн үе болгохыг зорьж байгаагийнхаа хүрээнд дараах үйл ажиллагааг хийж байгаа.

Дижитал гарын авлага: Мэргэжил харгалзахгүйгээр бүх салбарын залууст тулгардаг нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх гарын авлагыг боловсруулж байна. Энэ нь компаниуд шинэ ажилтнаа хүлээн авахдаа ашиглах боломжтой үнэ цэнтэй хэрэгсэл юм.

Content Campaign (Instagram): Ажлын байран дахь амьдралын үнэн төрх, туршлага, зөвлөгөөг хураангуйлан хүргэж, залуусын дуу хоолойг нэгтгэж байна.

Speed Mentoring: Салбар бүрийн туршлагатай мэргэжилтнүүдээс суралцах, хүрээллээ тэлэх боломжийг олгох уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн бид саяхан болсон "Noorog ContentCON 2026" эвентээр дамжуулан гарын авлагынхаа анхны дээжийг амжилттай танилцууллаа. Энэхүү үйл ажиллагаанд биднийг дэмжиж, оролцуулсан "Ноорог"-ын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Одоогийн байдлаар бид олон нийтээс ирсэн санал хүсэлт дээр үндэслэн гарын авлагаа илүү боловсронгуй болгож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Төслийн  хүлээж буй үр дүн

“Our 9 to five" төслийн зорилго бол залуус ажлын гараагаа эхлүүлэхдээ сандрах бус, бэлтгэлтэй, өөртөө итгэлтэйгээр эхлүүлэхэд чиглэнэ. Үүний үр дүнд нэгдүгээрт залуус ажлын байрандаа тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллана. Хоёрдугаарт, ажил олгогчид шинэ ажилтнаа дасан зохицуулах үйл явцад илүү анхаарал хандуулдаг болно. Гуравт, ажил олгогч болон ажилтны хүлээлт нэгдэж, ажлын байрны соёл сайжрах боломжтой юм.

Мөн тус төслийн багийн ахлагч Д.ӨсөхжаргалМанай гарын авлагыг өөрийн компанидаа ашиглах, хамтран ажиллах сонирхолтой байгаа бол, эсвэл бидний үйл ажиллагааг дэмжих хүсэлтэй хувь хүн бол бидэнтэй нээлттэй холбогдоорой. Бид илүү олон байгууллага, залуустай хамтарч, хөдөлмөрийн зах зээлийг эерэгээр өөрчлөхийг хүсэж байна.” хэмээв.

Инстаграм хаяг: https://www.instagram.com/our9tofive/

#Залуу манлайлал