

Контент бүтээгч, медиа салбарынхны цугласан ContentCon арга хэмжээ дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулагдлаа.
"From Noise to Trust" уриан дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ хоёр дахь удаагаа болж байгаа ба контент бүтээх салбарын ирээдүйн чиг хандлага, хиймэл оюун ухаан, сэтгүүлзүйн ёс зүй, залуу контент бүтээгчдийн үүрэг оролцоо зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тиймээс тус арга хэмжээний онцлох мөчүүд болон оролцогчдын анхаарлыг татсан илтгэл хэлэлцүүлгийн тоймыг хүргэхээр бэлтгэлээ.
Арга хэмжээнд нас насны хүмүүс ирсэн байлаа. Зохион байгуулалтын хувьд хоорондоо танилцаж, амрах нөхцөлийг бүрдүүлж нэг цаг болон гучин минутын завсарлагыг гаргаж өгсөн байв.
Мөн бүх илтгэгчдийн гол санааг нэгтгэн дүгнэхэд контент бүтээхдээ шууд л гоё зүйл рекламдаад мөнгө олох биш хийж байгаа зүйлийнхээ үнэ цэнийг ойлгож бусдад түгээх нь чухал гэдгийг харж болохоор байв.
ШИНЭ МОНГОЛ АНИМЕЙШН "АМИРА"

Жүжигчин Г.Ундармаа Ufilm студийн бүтээж буй "Амира" нэртэй Монгол анимэйшны трэйлэрийг танилцуулсан нь арга хэмжээний онцлох мөчүүдийн нэг болов. Тус анимэйшн нь нэг ангит байх байна. Энэхүү бүтээл нь Монголын анимэйшн салбар хөгжиж байгааг харуулж байлаа.
PHYSICAL ASIA: МОНГОЛ УЛС ХАМГИЙН ОЛОН ФЭНТЭЙ БАГ БАЙВ

“Physical Asia”-ын Монголын багийн төслийн удирдагч Э.Боргилын хувьд манай улсын баг тамирчид тус БНСУ-ын тэмцээний гуравдугаар улиралд хэрхэн оролцох эрхээ авсан тухай түүхээ хуваалцлаа. Нийт найман оролцогч улсаас Монголын баг хамгийн олон фэн үзэгчидтэй байсныг онцлон хэлж байв. Мөн БНСУ-ын зүгээс тус төслийн тамирчдын сонгон шалгаруулалт болон үйл явцад ямар өндөр ач холбогдол өгч байсанг тодотгож байлаа.
Энэ жилийн “Physical Asia”-тай холбоотой зун болох арга хэмжээг түүнээс тодруулахад “Энэ жил Physical Asia Монголын “ARA фестивал”-тай хамтарч ажиллаж байгаа. ARA фестивалд Монгол болон бусад орны оролцогч тамирчдыг хүрэлцэн ирүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Лхагва-Очир хоёр долоо хоногийн турш үзүүлбэр үзүүлэх гэх мэт төлөвлөгөөтэй явж байна.” хэмээн ярилцлага өглөө.
Мөн “Ирээдүйн контент бүтээх залуусдаа хандаж хэлэхэд яг өөрийнхөө хүсэл мөрөөдөл, гаргасан санаандаа үнэнч байх хэрэгтэй. Дараа нь тэрнийхээ төлөө тууштай байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.” гэж байлаа.
"TONIGHT SHOW"-НЫ ЭРХИЙГ 71 ЖИЛИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА ӨӨР УЛСАД ӨГСӨН НЬ МОНГОЛ УЛС

Г.Анхбаяр АНУ-ын хамгийн том телевизийн сувгуудын нэг NBC телевизийн "Tonight Show" форматыг Монголд гаргах эрхийг хэрхэн олж авсан тухайгаа хуваалцсан юм.
АНУ-д 71 жилийн турш гарч буй энэ шоуны эрхийг өөр нэг ч улсад өгч байгаагүйг тэр онцолж байлаа. NBC-ийн "That is My Journey" форматаар дэлхийн олон улсаас ирсэн бүтээлүүдийг үнэлэхэд монголчуудын хийсэн бүтээл хамгийн өндрөөр үнэлэгдсэн байна.
Үүний дараа NBC-ийн зүгээс "Азийн зүрхэнд гэрэлтээрэй" хэмээн зарлаж Tonight Show-ны эрхийг Монголд өгсөн тухай ярилаа. Мөн тэрээр "Мөрөөдөл гэдэг ганцхан хүнийх байдаггүй." гэдгийг онцолж, энэхүү амжилт нь зөвхөн нэг хүний биш, харин хамтын хүчин чармайлтын үр дүн гэдгийг тодотгон яриагаа дуусгав.
ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ХҮНИЙ ЭРХ

Дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг "Amnesty International" байгууллагын Г.Сүхбат хиймэл оюун ухааны нөлөө болон хүний эрхтэй холбоотой асуудлуудтай холбоотой илтгэл хэлэлцүүлэв.
Тэрээр хэрэглэгчид чатботуудад хуваалцаж буй хувийн мэдээлэл хэрхэн ашиглагдаж болох талаар онцгойлон анхааруулав.
Чатботод бид өдөр тутамдаа сэтгэлзүйн зөвлөгөө авах өөрийнхөө мэдээллийг хуваалцах зэргээр маш олон дата мэдээллүүдийг өгч байна. Хиймэл оюун нь хоёр талдаа үзүүртэй сэлэм болж байгаа юм. Технологийг хэн, ямар зорилгоор ашиглаж байгаагаас шалтгаалаад үр дагавар өөр байх тул хэрэглэгчид хэрэглээндээ няхуур, анзаарагтай байгаасай гэдгийг уриалж байлаа. Мөн улс орнуудын засгийн газрууд хиймэл оюун ухааны зохицуулалт журмыг гаргах ёстойг дурдлаа.
ГУРВАН ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Нэг. Залуус, улс төр, нийгэм
Эхний панел хэлэлцүүлэгт залуусын улс төрийн оролцооны ач холбогдлыг голлон авч хэлэлцлээ. Залуус улс төрөөс зайлсхийхийн оронд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах нь зайлшгүй чухал гэдэг нь хэлэлцүүлгийн гол дүгнэлт байлаа.

Хоёр. Хэвлэл мэдээллийн салбар
Хоёр дахь панел хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн сэтгүүлчид өдөр тутмын ажлынхаа хүндрэл, давуу тал, ёс зүйн асуудлуудаа нээлттэй хэлэлцлээ. Тус хэлэлцүүлэгт Noorog, Unnu.mn, graph.mn, newsroom гэх дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Тэд сэтгүүлзүйн гол давуу тал нь байнга шинэ зүйл сурч, дасан зохицох чадвар явдал гэдгийг ярьж байлаа. Харин сул талын хувьд техникийн болон хүний нөөцийн дутагдалтай холбоотой сорилтуудыг хэлэлцэв. Цаашлаад сэтгүүлзүйн салбарын хувьд улс төрөөс ангид, талбөртэй мэдээ гаргах асуудал зэргийг оролцогчдын асуулт дээр тулгуурлан ярилцлаа. Мөн хиймэл оюун ухааныг сэтгүүлзүйд зөвхөн туслах, бүтээмжийг нэмэгдүүлэх зориулалтаар ашиглах журам гаргахаар хэлэлцэж буйг танилцуулсан юм.
Дараачаар iToim сайтын Э.Мөнхцэцэг редакцын ёс зүйн стандарт, нөлөөллөөс ангид байх тухай нарийвчилсан илтгэл тавин, тус сайтын дүрэм журмаа танилцуулав.

Гурав. Контент бүтээгчид
Сүүлийн хэлэлцүүлэгт дөрвөн подкаст бүтээгч залуус туршлагаасаа хуваалцаж, практик зөвлөгөө өглөө. Тэдний ярианаас нийтлэг дүгнэлт нэг байсан нь контент гэдэг харагдах байдал нь биш үзэгчдийн итгэл дээр суурилсан үнэ цэнтэй зүйл юм.
Панелд оролцсон контент бүтээгчдийн онцлон ярьсан гол зүйлүүдийг тэмдэглэв.
“Хүн бүрийн сурах арга зүй өөр. Гэхдээ нэг зорилготой, хүнтэй өрсөлдөхгүйгээр, хамтдаа сурах процессыг бий болговол илүү эерэг үр нөлөө гарна. Сурсан зүйлээ хамтдаа бүтээ.” ~Б.Мандуул
“Өөрийнхөө дуртай зүйлийг олоод тэрнийхээ төлөө сониуч бас тууштай байх хэрэгтэй. Хамгийн гол нь оролдоод үзэх нь чухал.” ~Г.Бөридэм
“Миний дуртай зүйл нэгт. Бусдын дуртай зүйл хоёрт буюу өөрийнхөө багаасаа л сонирхолтой, дуртай байсан зүйлийг хийгээсэй.” ~Х.Санжсүрэн
“Гадаадын тэргүүлэх их сургуулиудад тэнцэхийн тулд эсээ маш том нөлөө үзүүлдэг. Сайн эсээ бичихийг тулд бүтээлч сэтгэхүй хэрэгтэй бөгөөд үүний тулд өдөрт дор хаяж 15 хуудас ном уншдаг байгаасай.” ~Н. Амаржин
Ерөнхийдөө ContentCon 2026 арга хэмжээ нь Монголын контент, медиа салбар илүү мэргэжлийн, хариуцлагатай түвшинд болж байгааг харуулж байв.
Мөн Sharely платформын "Нөлөөллөө үнэ цэн болгон орлого олох" уриагаас эхлээд залуусыг зөв контентыг зөвхөн ашгийн төлөө бус өөрөө шинэ зүйл сурахын хажуугаар бүтээдэг байгаасай гэж уриалсан арга хэмжээ болов.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!