Фанта ундааны үүсэл нь Нацист Германтай холбоотой


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Нацист Германтай холбоотой түүхийг ярих болоход бид ихэвчлэн Гитлер, дэлхийн хоёрдугаар дайн зэргүүдийг боддог болохоос биш хэзээ ч фанта ундааны талаар боддоггүй. Угаасаа хэн л алдартай хийжүүлсэн ундааг нацистуудтай холбож бодох бил ээ? Төсөөлөмгүй хийгээд итгэхэд хэцүү.

Гэхдээ үнэхээр л дэлхийн хоёрдугаар дайны нацист германы хүчирхэгжилтийн үеэр фанта үүссэн байдаг бөгөөд хэрхэн үүссэн нь ч сонирхолтой. Бидний уух дуртай ундааг бий болгоход нөлөөлсөн тул тэдэнд баярлах ёстой ч юм шиг. Эсвэл нөгөө өнцгөөр нь бодвол уг ундаа хэдэн сая хүмүүсийн амь насаар бүтсэн ч юм шиг...

Тэгвэл яг яагаад, яаж яваад фанта нацист германтай холбогдох болсон талаар олж мэдэцгээе.

Фантаны үүсэл

Фанта нь 1941 онд дэлхийн хоёрдугаар дайны үеийн үймээнтэй нөхцөл байдалд Герман улсад бүтээгдсэн байдаг. Хэдийгээр дэлхийн хүмүүс хоорондоо дайтаж байсан ч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байсан бөгөөд энгийн иргэд яг л жирийн үеийнх шигээ дуртай хийжүүлсэн ундаагаа уухыг хүссэн.

Германд Кока-Кола анх 1929 онд хэрэглэгчдэд танилцуулагдсан ба дайн гарах хүртэл тус ундаа нэлээд алдартай болчихсон байсан юм. 1933 болон 1939 онуудад Германд зарагдах кола нь 100,000-аас 4,5 сая болтлоо пуужиндсан гээд л бод.

Гэсэн ч дайн эхэлсэнтэй холбоотойгоор Кока-Коланы герман дахь салбар тун ярвигтай нөхцөл байдалтай тулгарсан байдаг. АНУ Германыг дайн эхлүүлсэнтэй холбоотойгоор тус улсад худалдааны хориг тавьсан тул Коланд ордог чухал сиропын импорт гацалтын байдалд оров. Үүн дээр нэмээд Их Британий тэнгисийн хаалтаас болоод сироп Германы газар нутагт ирнэ гэдэг бараг л мөрөөдлийн зүйл болсон байна.

Өдөр өнгөрөх тусам германд байсан коланы сиропын нөөц дуусаж байсан ба энэ байдал нь салбарын захирал болох Макс Кейтэд дарамт болж байсан нь ойлгомжтой. Мөн коланы сиропоос гадна германд Кока-Кола гэх нэрийг ч ашиглах боломжгүй болов. Ингэж л Фанта гэх нэр үүсжээ.

Фанта гэдэг нь гайхалтай хэмээн орчуулагдах fantastisch гэх герман үгнээс үүсэлтэй. Жоү Нипп гэх худалдаалагч залуу уг нэрийг санал болгосон байна.

Фантаны найрлагад анх орж байсан орц

Ундааг бүтээхийн тулд Кейт мэргэжлийн багийг бүрдүүлсэн ба тэдэнд байгаа материалдаа тааруулан хийжүүлсэн ундаа бүтээхийг даалгасан байна. Тийм ч учраас фанта ундаа эхэн үедээ жаахан хачин амттай байж. Орцуудыг дурдах юм бол: маш бага хэмжээний жимс, шүүсийг нь шахсаны дараа хаягдал болж үлддэг алимын эд, бяслагийн шингэн үлдэгдэл болон элсэн чихэр.

Жинхэнэ Фанта бий болсон нь

Орц найрлагыг нь бодоод үзвэл яавч амттай баймааргүй Фанта нь санаанд оромгүйгээр сайн борлуулалттай байв. Германд 1943 онд гэхэд л 3 сая сетик бүхий фанта зарагдсан байна.

Фанта нь Германд олон зориулалтаар ашиглагдаж байжээ. Жишээ нь тухайн үед германд элсэн чихрийн татвар авдаг байсан тул иргэд элсэн чихэр авалгүйгээр түүний оронд фантаг элсэн чихэр мэтээр хэрэглэж байв.

Германд байсан Коланы нөөц албан ёсоор 1942 онд дуусахад коланы герман дахь салбар Фантаг зохион бүтээснээр брэндийг дампууруулалгүй дайн дуусах хүртэл амжилттай тэсэж үлдэж чадсан байдаг.

Харамсалтай нь ундааг 1949 оноос эхлэн хийхээ зогсоосон ч азаар 1955 онд дахин Италид үйлдвэрлэж эхэлжээ. Гэхдээ энэ удаад өмнө нь ундааны найрлагат орж байсан орцуудаар биш шинэ орц найруулгатайгаар. Энэхүү шинэ найруулгатай шинэхэн фанта нь бидний өнөөдрийн уух дуртай фанта юм шүү дээ.

Фантаны залгамжлал

Хэдийгээр фантаны үүсэл хар бараан түүхтэй холбоотой байдаг ч брэнд нь өөрийн нэрийг нацист германаас цэвэрхэн салгаж чадсан.

Гэхдээ бүх зүйл ямар ч асуудалгүй, дардан байна гэж ч юу байхав. Кока-Колагийн 75 жилийн ойн баяртай холбоотойгоор бүтээгдсэн сурталчилгаа олны дургүйцлийг төрүүлэв.

“Хуучин цагийн сайхан үес” гэх нэртэй тус сурталчилгаа нь фантаны дайны үеийн гарал үүслийг дурсах зорилготойгоор шинэ жор, шилэн савлагаатайгаар олонд танилцуулагдсан байна. Гэсэн ч сурталчилгаанд нацист германы эсрэг тавигдсан эдийн засгийн хоригоос үүдэлтэйгээр фанта ундаа үүссэн тухай дурдсангүй. Энэ нь олон хэрэглэгчдийг уурлахад хүргэжээ.

Тэгсэн ч Кока-Кола компани нь бодлогогүй сурталчилгаанаасаа болж тийм ч их хохиролгүй хүмүүсийн хэл амыг амжилттайгаар даван гарч чадсан бөгөөд Фантаны нэр хүнд ч хурдацтай өсөн дэлхий даяарх хамгийн алдартай хийжүүлсэн ундааны нэг болж чаджээ.

Эх сурвалж: History

#Фанта ундаа