

Попын хааны намтарчилсан кино болох “Michael” кино энэ Баасан гарагт кино театруудад нээлтээ хийх гэж байна. Киноны гол дүрд Майклын төрсөн ах Жермен Жексоны хүү Жафар Жексон тогложээ.
Кино албан ёсоор нээлтээ хийхээс өмнө шүүмжлэгчдийн сэтгэгдлүүд гарч эхэлсэн бөгөөд ихэнх нь нэлээд шүүмжлэлтэй өнгө аястай байна.
Антуан Фукуагийн найруулсан энэхүү кино нь талийгаач Майкл Жексоны 1960-аад онд "Jackson 5" хамтлагаас эхэлсэн алдар нэрийн замнал, дэлхийн хамгийн том энтертайнер болсон түүхийг 2009 онд нас барах хүртэл нь өгүүлнэ.
Даваа гарагийн орой Долби Театрт болсон киноны нээлтэд Жексоны гэр бүлийн олон гишүүн оролцсон ч түүний ганц охин Парис Жексон ирээгүй. Тэр өмнө нь кинонд оролцоогүйгээ илэрхийлж, “нооргийг уншаад надад худал санагдсан, таалагдахгүй зүйлс байсан, гэвч тэд хэлсэн ч засахгүй байсан” гэж шүүмжилж байсан.
Rotten Tomatoes гэдэг кино, цувралын шүүмжийн үнэлгээг нэгтгэдэг вебсайт дээр “Michael” кино мягмар гарагийн байдлаар 31 хувийн үнэлгээтэй байна.
Шүүмжлэгчдийн гол сэтгэгдлүүд
Жафар Жексоний дүр бүтээлт маш үнэмшилтэй, дуу бүжгийн хэсгүүд, тайзны үзүүлбэрүүд гайхалтай. Харин кино Майклыг “хэт цэвэрхэн” харуулсан. Хүнд, маргаантай асуудлуудыг орхигдуулж зарим хэсэг "өнгөцхөн мэт байсан" гэж дүгнэжээ.
Зарим онцлох шүүмж
The Guardian:
“Нэлээд өнгөц кино болжээ. Аав нь түүнийг зодож сэтгэлзүйн дарамтад байлгадаг байсан, хүүхэд насыг мэдрээгүй өнгөрсөн гэдгийг бүрэн харуулж чадаагүй. Мөн зочид буудлын тагтнаас хүүхдээ өргөсөн явдал, мөн хүүхдийн бэлгийн хүчирхийллийн буруутгалуудын талаар гаргасангүй” гэжээ.
The New York Times:
“Кино Жексоны амьдралын хамгийн хүнд асуудлуудыг орхисон. 1984 оны гуравдугаар зэргийн түлэгдэлтийн хагалгааг амжилтын хөдөлгөгч мэт харуулсан ч үүнээс үүдэлтэй өвчин намдаагчийн хамаарлыг огт харуулдаггүй. Кино нь олон хүний биширдэг хүний ялалт, алдар нэрийн түүх болжээ” гэж бичжээ.
Rolling Stone:
“Энэ бол жинхэнэ намтар кино биш, харин гэгээнтэн Майклын тухай бүтээл. Жафар ахтайгаа маш адилхан, хөдөлгөөн, инээмсэглэл, биеийн уян хатан байдал зэргийг яг дуурайсан. Гэхдээ "Thriller", "Motown 25", "Beat It" зэрэг алдартай үзүүлбэрүүдийг яг хуулбарлан харуулах нь бага зэрэг гунигтай мэдрэмж төрүүлсэн."
The Independent:
“Эцэст нь "түүний түүх үргэлжилнэ" гэсэн тайлбар гарч, үргэлжлэл хийхээр төлөвлөж байгаа юм байна. Кинонд Майкл өвчтэй хүүхдүүдтэй уулзах, Neverland Ranch-ийг дурдсан олон хэсэг орсон. Гэвч Майклыг буруутгаж байсан буруутгалуудыг хэрхэн харуулахыг оролдсон нь ойлгомжгүй” гэж бичжээ.
Эх сурвалж: Hollywood Reporter
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!