

Жил бүрийн хавар сошиал медиа сувгууд Coachella-гийн өнгө төрх, сонин хачнаар дүүрдэг. Хөгжим сонирхогчид төдийгүй загварын хорхойтнуудын заавал очих ёстой газрын жагсаалтад багтдаг энэхүү наадмын талаар чи хэр мэдэх вэ?
COACHELLA ГЭЖ ЮУ ВЭ?
Албан ёсоор Coachella Valley Music and Arts Festival гэж нэрлэгддэг энэхүү арга хэмжээ нь АНУ-ын Калифорни мужийн Индио хотын Эмпайр Поло клубт жил бүр зохион байгуулагддаг хөгжим, урлагийн томоохон наадам юм. 1999 оноос эхлэлтэй энэ фестивал өдгөө дэлхийн хамгийн алдартай, хамгийн их ашиг орлоготой хөгжмийн наадмуудын нэг болоод байна.
ХӨГЖМИЙН ОЛОН ТӨРӨЛ, ОДОДЫН ЦУГЛАРАЛТ
Coachella-гийн тайзнаа рок, поп, инди, хип-хоп, электрон бүжиг (EDM) гээд бүхий л урсгалын шилдэг уран бүтээлчид гардаг. Түүнчлэн зөвхөн хөгжим гэлтгүй орчин үеийн сонирхолтой баримал, арт инсталляцуудыг байршуулдгаараа онцлогтой.
1999 онд анх байгуулагдсан энэхүү наадам нь "чанартай хөгжим, орчин үеийн урлаг"-ийг нэг дор цуглуулах зорилготой байв. Эхний жилүүдэд санхүүгийн хүндрэлтэй тулгарч байсан ч 2000-аад оны дунд үеэс эхлэн дэлхийн одод цугладаг томоохон арга хэмжээ болон өргөжжээ.
Сонирхолтой баримт: 2026 оны Coachella-гийн "Headliners" буюу гол уран бүтээлчдээр Sabrina Carpenter, Justin Bieber, Karol G, Anyma нар шалгарч, залуусыг байлдан дагуулж байна. Мөн энэ жил алдарт Katseye охидын хамтлаг анх удаа тайзнаа гарч байгаагаараа онцлогтой.
ЗАГВАРЫН ТАЙЗ УУ, НААДАМ УУ?

Coachella-г зөвхөн хөгжмийн наадам гэж тодорхойлбол дутуудна. Энэ бол жинхэнэ "Street Style" загварын шоу юм. Богемиан хэв маяг, өвөрмөц нүүр будалт, тод өнгийн хувцаслалтаараа залуус өөрийгөө илэрхийлдэг. Алдартай инфлүүсэрүүд, моделиуд болон одод энд ирж өөрсдийн стилийг тодорхойлдог учир загвар сонирхогчдын хувьд том контент болдог.
ТҮҮХЭН ДЭХ ОНЦЛОХ ҮЗҮҮЛБЭРҮҮД
Coachella-гийн тайзнаа дэлхийн хөгжмийн түүхийг өөрчилсөн олон үзүүлбэрүүд болж байв. Үүнд:
2006 он - Daft Punk: Тэдний алдарт "Пирамид" тайз нь электрон хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээж, Coachella-г дэлхийн хэмжээний наадам болоход гол түлхэц болсон.
2012 он: Snoop Dogg болон Dr. Dre нар таалал төгссөн реппер Tupac-ийг голограмм технологиор тайзнаа "амилуулсан".
2018 он: Beyoncé анхны өнгөт арьст эмэгтэй гол артист (headliner) болж, 100 гаруй бүжигчин, хөгжимчидтэй бүрэн хэмжээний шоу үзүүлсэн.
2019 он: BLACKPINK хамтлаг оролцсон нь K-Pop урсгалыг тус наадмын үндсэн хөтөлбөрт багтаах эхлэлийг тавьсан.
2023 он - Bad Bunny & BLACKPINK: Латин Америк болон K-pop урсгал анх удаа наадмын гол артистуудаар тодорсон нь хөгжмийн ертөнцөд хил хязгааргүй болсныг баталсан.
2026 ОНЫ ГОЛ ҮЙЛ ЯВДЛУУД
Justin Bieber: Удаан хугацааны завсарлагын дараа гол тайзнаа гарч, өөрийн хит дуунуудаа дууллаа.
Lisa (BLACKPINK): DJ Anyma-тай хамтран "Bad Angel" дуугаа анх удаа амьдаар дуулж, хиймэл оюун ухаан (AI) ашигласан үзүүлбэр үзүүлэв.
Katseye: Олон улсын охидын хамтлаг анх удаа Coachella-гийн тайзнаа гарлаа.
COACHELLA-ГИЙН ТУХАЙ ЧИНИЙ МЭДЭХГҮЙ СОНИРХОЛТОЙ 5 БАРИМТ
Нэрний "алдаа": Coachella гэдэг нэр угтаа "Conchilla" (испаниар жижиг хясаа гэсэн утгатай) байх ёстой байсан ч хэвлэлийн алдаанаас болоод Coachella болон үлджээ.
Амжилтгүй эхлэл: 1999 оны анхны наадам ашиггүй ажиллаж, зохион байгуулагчид нь их хэмжээний алдагдал хүлээж байв. Гэвч тэд бууж өгөөгүй бөгөөд 2001 оноос эргэн ирж, өнөөдрийн амжилтад хүрсэн юм.
Хамгийн том "Тайз": Наадмын гол талбай болох Эмпайр Поло клуб нь маш том тул наадмын үеэр 125,000 гаруй хүн нэг зэрэг цугладаг.
"Anti-Woodstock": Coachella-г анх хит дуунуудаас илүүтэйгээр урлаг, чанартай амьд хөгжмийг эрхэмлэдэг байсан тул "Anti-Woodstock" буюу арилжааны бус наадам гэж нэрлэдэг байв.
Хоёр долоо хоногийн дүрэм: 2012 оноос эхлэн наадмыг ижил хөтөлбөртэйгөөр хоёр амралтын өдөр дараалан зохион байгуулдаг болсон нь үзэгчдийн хэт их төвлөрлийг сааруулах зорилготой байжээ.
Coachella нь зөвхөн хөгжим гэлтгүй загварын чиг хандлагад ихээхэн нөлөөлдөг. Жил бүрийн наадмын үеэр алдартай инфлүүсэрүүд, одод цугладаг тул "Coachella-ийн хувцаслалт" гэх тусдаа тренд үүсдэг байна. Мөн наадмын талбайд байрлах аварга том баримал, арт инсталляцууд нь орчин үеийн урлагийн чухал хэсэг болдог.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!