ЗАХИДАЛ: Энэ удаа жинхэнээсээ салсан юм шиг байна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. Захидлын хариуг ЗӨВЛӨГӨӨ цэсний СЭТГЭЛЗҮЙ булангаас авдаг шүү.

ЗАХИДАЛ: 

Сайн байна уу? Би 21 настай. Эмэгтэй.

Саяхан найз залуугаасаа салчихсан чинь бүх зүйл явцгүй, өдөр хоногууд нэг тойрогт орчихсон юм шиг дахин дахин давтагдаад байгаа мэт санагдаад байх юм.

Анх 18 настайдаа араас нь гүйж байгаад үерхэж байсан. Надаас хэд ах залуу. Харин жилийн өмнө нэг салаад эргэж нийлье гэж тэр надаас гуйгаад эвлэрч байсан юм. Үерхсэн нийт 3 жилийн хугацаандаа зөндөө л салж нийлсэн. Хамт амьдраад жил гаран болсон.

Гэхдээ тэр үргэлж л эргэж ирдэг байсан. Энэ удаа жинхэнээсээ салсан юм шиг байна. Уг нь араас нь тэгж их шаналж уйлахгүй байгаа. Ер нь огт уйлаагүй. Тэгсэн хэрнээ л хоосон, гунигтай, бачимдмаар мэдрэмж төрөөд тайван байж сууж чадахгүй юм.

Салсан хэдий ч улам өөртөө арчаатай болж, ахиц дэвшил гаргаж байгаа ч сэтгэл санаа ийм байдалтай хэвээрээ.

Эргээд ирэх болов уу гээд хүлээгээд л байгаа бололтой. Яавал дээр вэ? Хэзээ зүгээр болно гээд хүлээх вэ? Санаад байх юм.

ЗАХИДЛЫН ХАРИУ: 

Сайн байна уу? Юуны өмнө бидэнд хандаж, захидал илгээсэнд тань баярлалаа.

Таны захидлаас салалтын дараах сэтгэл зүйн байдлаа даван туулж байгаа гэж ойлголоо. Салалт бол хүнд стресс үүсгэдэг хүчин зүйлсийн нэг юм. Таны энэ үйл явцыг хэрхэн хүлээн авч цаашид ямар шийдвэр гаргах нь чухал юм.

Үйл явцын хувьд та хосын харилцаагаа үргэлжлүүлэх, үргэлжлүүлэхгүй байх шийдвэрээ гаргаагүй байгаа мэт санагдлаа.

Тиймээс сэтгэл хөдлөлийн хувьд хоёрдмол байдал үүсдэг. Эргээд ирвэл харилцаагаа үргэлжлүүлнэ, ирэхгүй бол яах вэ гэсэн санаа зоволттой мэдрэмж гэсэн үг.

Тиймээс энэхүү харилцаагаа өөрөө хэрхэн шийдмээр байгаагаа эргэн тунгаан бодоорой.

Харилцаа хэр удаан үргэлжилснээс шалтгаалан салалтыг даван туулах, түүнд дасан зохицох хугацаа өөр өөр байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар 3 ба түүнээс дээш жил үргэлжилсэн харилцааны хувьд дунджаар 6-12 сар шаардагддаг гэж үздэг. Гэхдээ тухайн хүний онцлог, салалтаа даван туулах, дасан зохицохын тулд ямар үйлдлүүд хийж байгаа вэ гэдгээс хамааран хугацаа харилцан адилгүй байдаг.

Та хоёрын салалтад ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ? Хэрэв буцаж нийлбэл ямар давуу тал, эрсдэл гарч болох вэ? зэрэг асуултад хариулан тэмдэглэл хөтөлж, анализ хийгээрэй. Энэ нь нөхцөл байдлыг бодитоор харж, дүн шинжилгээ хийхэд тань тусалж магадгүй. Хэрэв та хүсвэл мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцаж, тусламж авахыг зөвлөж байна.

Танд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн

Сэтгэл судлаач Б. Буянжаргал

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#захидал #захидлын хариу