Монгол болон бусад улс орнууд IELTS шалгалтыг цаасаар авахаа больж байгаа юу?


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

2026 онд IELTS шалгалтыг бэлтгэгчид маш олон улс орнууд уг шалгалтыг цаасаар бус харин зөвхөн компьютероор авдаг болж буй тухай мэдээлжээ.

Тэдний хэлж буйгаар 2026 онд Ойрх Дорнод, Өмнөд Ази болон Азийн орнуудад энэхүү үзэгдэл олноороо гарах төлөвтэй байна. Ялангуяа Бахрейн болон Йордан улс 2026 оны 02 сарын эхээр цаасан шалгалтыг албан ёсоор авахаа болих төлөвлөгөөтэй байгаа ба Бангладеш ч мөн шалгалтын үеийн аюулгүй байдлыг бодолцож үзсэний улмаас ийнхүү шийдвэрлэжээ.

Өмнө нь Вьетнам, Малайз, Пакистан, Нигер зэрэг улсууд IELTS-ийг дан компьютероор авах ажлыг хийж гүйцэтгээд байсан юм.

Ази, Ойрх Дорнод, Африкийн арав гаруй улс орнууд IELTS-ийн шалгалтыг цаасаар авахаа бүрэн зогсоосон болон цаасаар авахгүй хэмээх мэдэгдлийг хийгээд байгаа. Харин Тайван болон Узбекистан зэрэг улсууд нэг мөр цаасаар шалгалт авахыг зогсоохгүй, хэсэг хугацааны дараа эргээд цаасаар авах боломжтой болгоно гэдгээ илэрхийлсэн.

Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, Индонез, Хонконг зэрэг олон газарт цаасан хэлбэрийн IELTS шалгалтыг бүрэн халаагүй, зөвхөн тухайн нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин сууж байгаа шалгуулагчдад ч зөвшөөрч байгаа буюу гадаадын иргэд болон хил дамнан шалгалт өгөх гэж буй хүмүүс цаасаар шалгалт өгөх боломжгүй байх нь ээ.

Үүний шалтгаан нь тухайн улсад оршин суудаггүй шалгуулагчдад нийтлэг ажиглагддаг шалгалтын үеэр хуурах үйлдлийг бууруулдаг байна.

АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад болон бусад олон Европын орнуудын хувьд шалгалтын төвүүд цаасан суурьтай шалгалтыг авах ч жилд цаасан шалгалт авах товлогдсон өдрүүд цөөн, давтамж бага, мөн зөвхөн тодорхой байршлуудад л авагддаг сул талтай.

Бүр ихэнх барууны орнууд компьютер суурьтай шалгалтын систем рүү шилжиж, цаасан шалгалтыг хоёр дахь сонголт болгосон буюу цаасан шалгалтыг зөвхөн нас дээр гарсан эсвэл тусгай хэрэгцээт шалгуулагчдаас авах шийдвэрийг гаргажээ.

Ийнхүү IELTS-ийг цаасаар авахаа больсноор шалгалт өгөгчдийн хуулах асуудал багасах, шалгалтын хариу хурдан гарах, шалгалтын жилд авах давтамж нэмэгдэх зэрэг эерэг талтай.

IELTS шалгалтыг дэлхий даяар жилд дунджаар 2 сая гаруй хүн өгдөг гэх статус байдаг. Тиймээс шалгалтыг бүрэн компьютерт тулгуурласан болговол ачаалал ч багасах юм. Үүн дээр нэмээд зөвхөн нэг л чадварын хэсгийг дахин өгөх гэх мэт боломж компьютер суурьтай шалгалт дээр гарч ирж байгааг дуулгах нь зүйтэй.

Монгол улсын хувьд IELTS-ийн шалгалтыг цаасан хэлбэрээр нь зөвхөн ESP Foundation авдаг байсан ч тухайн байгууллага өөрийн албан ёсны facebook хаяг дээрээ 03 сарын 21-ээс эхлэн дахиж цаасан хэлбэрийн шалгалт авахгүй гэдгийг мэдэгджээ.

ESP Foundation-оос гаргасан мэдэгдлийг орчуулан хүргэвэл:

03-р сарын 21-ээс эхлэн бүх IELTS-ийн шалгалтуудыг илүү хурдан, үр дүнтэй, хялбар компьютер хэлбэрээр авахаар болсныг зарлахдаа таатай байна.

Компьютерт суурилсан IELTS нь цаасан хэлбэрийн IELTS шалгалттай ижил хэлбэр бүтэцтэй ба асуултууд, оноо өгөх байдал нь ч адил юм. компьютероор шалгалт өгөхөд нэмэлт төлбөр шаардахгүй мөн хэд хэдэн чухал давуу талуудтай:

  • Илүү хурдан хариу: Шалгалтын хариугаа 1-2 өдрийн дотор авах боломжтой
  • Цагт баригдахгүй: Шалгалтын бүртгэл дуусахаас нэг өдрийн өмнө ч шалгалтдаа бүртгүүлэх боломжтой
  • Олон шалгалт авах өдрүүд: Илүү олон өдөр шалгалт авах тул цаг хугацааны хувьд уян хатан
  • Нэг чадварын хэсгийн дахин өгөх: Хэрвээ та оноогоо дээшлүүлэх хүсэлтэй бол бүх хэсгийн шалгалтыг ахин өгөлгүй зөвхөн сайжруулахыг хүссэн чадварынхаа хэсгийг дангаар нь өгөх боломжтой

Эх сурвалж: Vietnam.vn, ESP Foundation

#IELTS