MYSP ГЭЖ ЮУ ВЭ?: Өргөдөл явуулахад анхаарах зүйлс


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-04-26

Гадаадад чанартай боловсрол эзэмшихийг хүссэн ахлах ангийнхан анхаарлаа хандуулаарай! Энэ удаагийн нийтлэлээрээ уншигч та бүхэндээ Mongolian Young Scholars Program буюу Монголын Залуу Эрдэмтдийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэе.

MYSP гэж юу вэ?

Уг хөтөлбөр хамгийн анх 2011 онд эхлэн 7 жилийн турш тасралтгүй хэрэгжсээр байна. Гадаадад сурч, дэлхий ертөнцтэй танилцахыг хүссэн өсвөр насныханд зориулсан Монголдох хамгийн том хөтөлбөрүүдийн нэг нь яах аргагүй мөн юм. Жил бүр “Зориг сан”-гаас зохион байгуулагддаг энэхүү хөтөлбөрт тодорхой шалгуурыг давж сонгогдсон Ерөнхий боловсролын ахлах ангийн буюу 10,11,12 дугаар ангийн нийт 30 хүүхэд хамрагдаж бүтэн нэг долоо хоногийн туршид Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд байрлаж академик туршлагыг өөртөө хуримтлуулдаг.

MYSP-д хамрагдсанаар юу, юу сурах вэ?

MYSP-ын оролцогч болсноор чи бүтэн 7 хоногийн турш зөвхөн Англи хэлээр ярьж яг л их сургуулийн оюутан шиг лекцэнд сууж, үе тэнгийн манлайлагч хүүхдүүдтэй танилцан тэдгээрээс суралцаж, Дэлхийн шилдэг их дээд суралцах арга замаа олох болно. Лекцүүдийг Америкийн шилдэг их дээд сургуулиудад сурдаг 5-7 оюутнууд сонирхон судалдаг сэдвээрээ ордог бөгөөд үүнийхээ хажуугаар өөрсдийн их сургуульд элсэн орсон туршлагаасаа хөтөлбөрийн оролцогчидтой хуваалцдаг юм.

Мөн өдөр бүр салбартаа манлайлагч залуус ирж оролцогчдын асуултанд хариулт өгч тэдэнд мэргэжил сонгох болон цаашдын ирээдүйд нь нөлөөлөхүйц мэдээлэл, эрч хүчийг өгдөг. Уг хөтөлбөр хамрагдах нь маш их мэдлэг, чадварыг чамд олгохоос гадна ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явагддагаараа маш онцлог юм.

Mongolian Young Scholars Program 2015


Mongolian Young Scholars Program 2016


Хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Хөтөлбөрт хамрагдахын тулд чи дараах энгийн шалгууруудыг хангасан байх хэрэгтэй.
- Сурлагын дундаж дүн 75%-иас доошгүй байх
- Англи хэлний ярих, бичих, ойлгох чадвар дундаас дээш байх
- Нийгмийн идэвхтэй сайтай байх

Хамгийн эхлээд онлайнаар өргөдлөө явуулдаг бөгөөд зохион байгуулагчид чиний бичсэн эссэ, амжилт, хүсэл тэмүүлэл гэх зэргийг харгалзан үзэж ярилцлаганд дуудах эсэхээ шийддэг. Харин ярилцлага дээр чамайг илүү хувь хүн талаас чинь харахыг зорих бөгөөд Англи хэл дээр явагдах болно. Хэрвээ чи уг хоёр үндсэн шатыг давж чадвал Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд үеийнхээ төлөөлөл болсон маналайлагч 29 сурагч болон шилдэг оюутан багш нартай бүтэн нэг долоо хоногийг өнгөрөөх боломжтой.

“Хиймэл оюун ухаан”, “Ёс суртахуун” гэх зэрэг зургаан лекц орно

Энэ жилийн хувьд Харвард, Стэнфорд, Йэл (Harvard, Stanford, Yale) гэх зэрэг дэлхийд тэргүүлэх сургуулиудаас нийт 6 оюутан багш ирэх бөгөөд эдгээрийн гурав нь MYSP-ын сурагч байснаараа онцлог юм. Үүнээс үзэхэд энэхүү хөтөлбөр төгсөгч хүүхдүүддээ Дэлхийн шилдэг их дээд сургуульд ороход маш их тус дэм болж чаддаг нь илт харагдана. Дан ганц мэдээ, мэдээлэл биш, олж авч болох хамгийн чухал зүйл бол яахын аргагүй танилын хүрээ юм. Чи өөртэйгээ ижил хүсэл сонирхолтой үе тэнгийн эсвэл тухайн салбартаа мэргэшсэн, туршлагатай хүмүүстэй холбоо тогтоож, улмаар өөрийн хүсэл мөрөөдөлдөө нэг шатаар ойртож чадна.  Мөн сонирхуулах үүднээс дурдахад энэ жил Хиймэл оюун ухаан, Ёс суртахуун гэх зэрэг зургаан лекц орно.

Өргөдөл бөглөх болон ярилцлаганд ороход анхаарах зүйлс

Маш олон хүүхдүүдэд уг хөтөлбөрт оролцох хүсэл байдаг боловч хараахан арга барилаа олоогүй байдаг тул MYSP 2016-д оролцсон өөрийн туршлага дээрээ суурилан дараах зөвөлгөөг бичлээ.

Үнэнч байх хэрэгтэй. Ихэнх сурагчдад хийгээгүй ажлаа хийсэн мэтээр, гаргаагүй амжилтаа гаргасан мэтээр давс нэмэн бичих, ярих хандлага маш их байдаг. Нэг талаар тэнцэх магадлал өсөх ч эсрэгээрээ эдгээр чинь чиний эсрэг болох ч тохиолдол маш олон. Зөвхөн шударгаар үнэнгээ бичих нь богино хариултууд болон эссений хоорондын уялдаа холбоог бий болгож өгдөг. Ярилцлага дээр ч мөн адил зөвхөн үнэнгээ л хэл. Шударга зан гэдэг хүний хамгийн үнэт зүйл гэдгийг сайтар санаарай.

Хэт өөрийгөө магтах хэрэггүй.  Зарим хүүхдүүд өөрийгөө төгс мэтээр бичдэг. Би ч бас тэгж л бичиж байсан. cheeky Гэхдээ нэг талаараа энэ нь маш буруу. Нэгэнт л төгс хүн гэж байдаггүй учраас чи үргэлж сайн талаа бичих гэсний хэрэггүй. Бага ч гэсэн өөрийгөө “муул”. Гэхдээ энэ муулсныгаа эргээд өөрийг тань тэнцэхэд дэмжлэг байхаар бодолцож бичээрэй.

Тусламж ав. Ялангуяа бичсэн эссэгээ багшаараа, найз нөхдөөрөө эсвэл гэр бүлийнхэнээрээ уншуулж сэтгэгдлийг нь асуугаарай. Орж ирсэн маш олон санаагаа оролцуулж эмх цэгцтэй бичих гэж толгой чинь нэлээн их хашилсан байдаг тул өөрөө уншаад найруулгын эсвэл дүрмийн алдаагаа олж харахгүй байх тохиолдол цөөнгүй байдаг.

Эдгээр дээр нэмээд аль болох нэг зүйлээ олон давтаж нуршихгүй байхыг хичээгээрэй. Үгийн тоог заасан байдаг тул өгүүлбэр болгоноороо өөр өөр чадвар болон бодол санаагаа илэрхийлэхийг зорих нь хамгийн зөв юм. Мөн өргөдөл бөглөж эхлэхээсээ өмнө сайтар бодож төлөвлө. Бичих гэж яарсны хэрэггүй. Ямар, ямар зүйлээ бичмээр байна тэдгээрээрээ жагсаалт гаргаарай. Энэ мэтээр маш сайн зохион байгууалттай байхад чи тэнцэж чадах л болно. Амжилт хүсье! Энэ боломжийг бүү алдаарай.


Хэрвээ бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дараарай.
Бүртгэлийн эцсийн хугацаа 5-р сарын сарын 1-ний Даваа гараг учир яг одооноос бэлдэж эхлэхийг зөвлөе. wink

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://mysp.world , zorigsan.mn, https://www.facebook.com/mongoliaysp хуудаснаас тус тус аваарай.

#English #Teenagers #Scholarship #ZorigFoundation #MYSP