"Harry Potter"-ийн 25 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэнэ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Найруулагч Крис Коламбусын 2001 онд гаргасан бүрэн хэмжээний кино Ж.К.Роулингийн зохиолоос сэдэвлэсэн найман ангит кино франчайзын эхлэлийг тавьсан юм.

Warner Bros. Discovery компани киноныхоо 25 жилийн ойг тэмдэглэх өргөн хүрээний төлөвлөгөөгөө танилцууллаа. 

Баярын үйл ажиллагаа энэ хавраас эхэлнэ. Гуравдугаар сараас тавдугаар сар хүртэл butterbeer (Harry Potter ертөнцийн чихэрлэг шидэт ундаа) зардаг явуулын худалдааны машинууд дэлхийн хотуудаар явж, төрөл бүрийн ундаа болон албан ёсны дурсгалын бараа бүтээгдэхүүн зарна.

Жилийн сүүлээр Harry Potter-той холбоотой албан ёсны үзвэрийн газрууд болон дэлхийн даяарх дэлгүүрүүд Harry Potter-ийн төрсөн өдрийг тусгай бүтээгдэхүүн, арга хэмжээгээр тэмдэглэнэ. Мөн фенүүдийг нэгтгэдэг алдарт "Back to Hogwarts" баяр найм, есдүгээр сард болно.

Harry Potter (дүр) 7-р сарын 31-нд төрсөн. Сонирхолтой нь, энэ өдөр зохиолч Ж.К. Роулингийн өөрийнх нь төрсөн өдөр ч мөн таардаг. Тиймээс фэнүүдийн хувьд онцгой өдөр.

Ойн хүрээнд анхны Harry Potter кино театруудад дахин гарч, үүний дараа өмнө нь том дэлгэцээр гарч байгаагүй киноны арын 10 минутын бичлэг гарна. Эдгээр үзвэрүүд 8-р сарын 27-ноос 9-р сарын 3 хүртэл дэлхийн олон оронд зохион байгуулагдах бөгөөд дараа нь гэнэтийн бэлгүүд задарна.

Ойг тохиолдуулсан шинэ бүтээгдэхүүн, цуглуулгуудыг брэндүүд гаргана. Lego Group шинэ сетүүд танилцуулж, MinaLima урлагийн бүтээл болон хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлнэ. 

АНУ, Лондон, Токио дахь болон онлайн Harry Potter Shops дэлгүүрүүд 25 жилийн ойд зориулсан хязгаарлагдмал тоотой бүтээгдэхүүнүүд, тэр дундаа баярын баавгайг санал болгоно.

Сонирхуулахад кино франчайз дэлхий даяар тасалбарын орлогоор 7.7 тэрбум ам.доллар давсан бөгөөд энэхүү ертөнц кино бус, 2027 онд нээлтээ хийх HBO-ийн шинэ цувралаар үргэлжлэх юм.

Эх сурвалж: Hollywood Reporter

#Harry Potter