ALLDAY PROJECT-ийн Annie Колумбийн их сургуульд суралцана


Т.Онон | YOLO.MN
2026-01-14

ALLDAY PROJECT хамтлагийн гишүүн Annie энэ хавар АНУ-ын Колумбийн их сургуульдаа дахин суралцахаар боллоо.

Өнөөдөр ALLDAY PROJECT-ийн агентлаг болох THEBLACKLABEL дараах мэдэгдлийг хийжээ. “Annie энэ сард Нью-Йорк хот дахь Колумбийн их сургуульдаа эргэн орно. Тэр төгсөхөд бүх анхаарлаа төвлөрүүлнэ.” гэжээ.

Annie хамтлагийн эргэн ирэлтүүдийн хоорондох завсарлагын хугацааг ашиглан тавдугаар сар хүртэл үргэлжлэх хаврын семестрээ дүүргэж, уран бүтээл болон суралцахаа зэрэгцүүлэн авч явахаар хичээж байна.

Тэрээр хэдэн сарын турш Нью-Йорк хотод байж, их сургуулийн амьдралдаа төвлөрөх боловч энэ хугацаанд фенүүдтэй уулзах арга хэмжээ зэрэг гадаадад хийх зарим хуваарьт ажлуудаа мөн давхар гүйцэтгэх төлөвтэй байна. Annie-ийн суралцах хугацаанд ALLDAY PROJECT хамтлаг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд бусад гишүүд нь тус тусын бие даасан уран бүтээлд анхаарах юм.

Annie нь Шинсэгэ группийн ТУЗ-ийн дарга Ли Мён Хигийн ач охин, мөн Шинсэгэ компанийн ТУЗ-ийн дарга Чон Ю Гёны ууган охин бөгөөд нэр хүндтэй Колумбийн их сургуульд Урлагийн түүх болон Дүрслэх урлаг мэргэжлээр суралцаж байгаа.

Тэрээр өнгөрсөн оны зургаадугаар сард ALLDAY PROJECT хамтлагийн гишүүнээр хөгжмийн ертөнцөд дебют хийсэн бөгөөд төгсөлтийн өмнө сургуулиасаа чөлөө авсан байсан юм.

 

#ALLDAY PROJECT #Энни