Jennie: Багадаа ээжийгээ харсаар байгаад түүн шиг болох мөрөөдөлтэй болчихсон


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Blackpink хамтлагийнхан одоогоор “Deadline” гэх дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тэднийг Итали Улсад түр саатах үеэр “CR Fashion Book” сэтгүүл Женнигээс ярилцлага авчээ. Тэрээр энэхүү ярилцлагад өөрийн карьерын эхлэл, хөгжмийн жанр, хамтлагийн нэгдэл, загварлаг дүр төрх, өөрийн айдас зэрэг төрөл бүрийн сонирхолтой сэдвийг хуваалцсан байна. 

Ингээд энэ удаагийн нийтлэлээр түүний карьерын замнал болон тухайн мөчид юу мэдрэгдэж байсан сэтгэгдлийг нь орчуулан хүргэе. 


Ярилцлагын эхэнд сэтгүүлч түүнээс айдсынх нь талаар асуужээ. Хариултыг нь уншихаас өмнө эхлээд бид түүнийг юунаас айдаг тухай таамаглах гээд үзье. Хүн бүхний айдаг харанхуй, аалз, сүнс, эсвэл хэдэн зуу, сая фенүүдийнхээ өмнө зогсохдоо хэлэх үгээ мартах, цаашлаад шинэ цомгийн дуугаа санамсаргүй задруулах зэрэг ямар ч төрлийн айдас байж болох юм. Гэтэл тэрээр илүү сонирхолтой хариулт өгчээ. 

“Айдаг зүйл олон байгаа шүү. За байз бодоод үзье. Ялаа, шавж гэх энгийн зүйл хэлэхгүй ээ. /инээв/. Илүү гүн гүнзгий айдсынхаа тухай хэлэхийг хүсэж байна. Би юмс хэт удаан нэг хэвэндээ байхад дургүй. Урагшлахгүй, өөрчлөгдөхгүй байх… Амьдралаа тийм өнгөрөөх вий гэхээс айдаг даа.”

Дэлхийн хамгийн хүчирхэг охидын хамтлагийн гишүүн, “Human Chanel”, “Global It Girl” гээд түүний амжилтыг дурдаад байвал дуусахгүй. Гэхдээ энэ бүх алдар нэрээс өмнө Женни бол Шинэ Зеландын Окланд хотод сурдаг энгийн л нэгэн өсвөр насны охин байлаа. Тэрээр хуульч эсвэл багш мэргэжилтэй болохоор төлөвлөж байв. Тухайн үед R&B, хип-хоп урлаг дэлхий дахинд одоогийнх шиг алдартай байгаагүй бөгөөд Женни к-поп дууны талаар сонирхож эхэлсэн байна. 

Ингээд өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 14 настайдаа Шинэ Зеландын амьдралаа орхиж, Солонгос Улсыг зорьжээ. Тэр жилдээ Женни дуучин Рианнагийн “Take A Bow” дууг дуулсан бичлэгээ YG энтертайнмент руу илгээсэн юм. Төд удалгүй YG энтертайнментаас түүний авьяасыг нь үнэлэн, албан ёсоор бэлтгэгдэгч болгохоор урьсан байна. 

“Тэр үед надад бүх зүйл үнэхээр ноцтой санагдаагүй. Бүгд л мөрөөдлөө хөөж байгаа мэт харагдаж байсан, би ч бас өөрийн мөрөөдлийг хөөж байна гэж боддог байлаа. Хөгжмийн карьерын дарамтыг би сайн ойлгоогүй, зүгээр л дуртай зүйлээ л хийж байсан болохоор тэр байх.”

Үүнээс хойш зургаан жилийн дараа буюу 2016 оны наймдугаар сард Blackpink хамтлаг “Square One” цомгоороо дебют хийв. Jennie, Lisa, Rose, Jisoo гэх дөрвөн гишүүнтэй шинэхэн охидын хамтлаг “Whistle”, “Boombayah” зэрэг дуунуудаа цацсанаар дэлхий дахиныг шуугиулсан юм. 

Барууны ертөнцийн гол урсгалд ийм хүчтэй нэвтэрсэн к-поп хамтлаг түүнээс өмнө байгаагүй. 2019 онд тэд Coachella-д үзүүлбэр үзүүлсэн анхны охидын хамтлаг болж байв. Харин 2022 онд тэдний “Born Pink” аялан тоглолтыг нийт 1.8 сая хүн үзэж, к-попын түүхэнд хамгийн өндөр орлоготой охидын хамтлагийн аялан тоглолт болж байжээ. Мөн энэ жилийн Итали дахь тоглолтоороо Миланы “Ippodromo Snai La Maura”-г дүүргэн 60,000 хүн цуглуулж шинэ амжилт тогтоогоод байна. 

“Бид бол зүгээр л амьдралынхаа хамгийн хөгжилтэй мөчийг өнгөрөөж буй охид. Гэтэл хүмүүс их хайрлаж, хүндэлж байгаад маш их талархдаг. Би фенүүдийнхээ хийсэн бичлэгийг хааяа үздэг л дээ. Тайзан дээр байхдаа хөгжим, дуулалт, үзүүлбэртээ илүү төвлөрдөг хэдий ч бичлэгүүдээ харахад би тэгж их жаргалтай харагдаж байгаадаа гайхдаг шүү. /инээв/”

2023 оноос хойш Blackpink-ийнхан хамтлагийн үйл ажиллагаанаас илүүтэй өөрсдийн хувийн карьертаа анхаарч, тус тусдаа уран бүтээлээ туурвисан юм. Женни 2023 онд HBO-гийн “The Idol” цувралд Dyanne дүрийг бүтээж, дараа нь ODDATELIER нэх өөрийн энтертайнментыг байгуулсан бөгөөд Columbia Records-той ч гэрээ байгуулсан билээ. Ингээд хоёр жилийн дараа Blackpink дахин нэгдэж, “Jump” дуугаа гарган, фенүүддээ гэнэтийн бэлэг барив. 

“Бид жил хагасын хугацаанд өөр өөрийн ажлаа хийж байсан болохоор дахин хамтдаа нэгдэж дуу хийх нь шинэ мэдрэмж төрүүлэх болов уу хэмээн бодсон л доо. Гэхдээ бодсон шиг тийм ч өөр зүйл байгаагүй. Тэдэнтэй тайзан дээр гарах нь яг л гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг.”

Женни Chanel, Calvin Klein, Gentle Monster зэрэг дэлхийн томоохон хэд хэдэн брэндтэй хамтран ажилладаг билээ. Түүний загварын мэдрэмжийг маш олон хүн сайшааж, түүнээс санаа аван хувцасладаг. Тэгвэл түүний энэхүү загварлаг, дэгжин дүр төрх ээжээс нь улбаатай аж. 

“Намайг бага байхад ээж минь өдөр тутамдаа хувцаслах үедээ өөртөө үнэхээр итгэлтэй, дэгжин харагддаг байсан. Түүнийг нь байнга харсаар байгаад ээж шигээ болох мөрөөдөлтэй болчихсон гэх үү дээ. Одоо би төрөл бүрийн хувцаслалт турших дуртай. Хэн нэгэнд харуулах гэхээсээ илүүтэй хувцсаа хэрхэн сонгож, зохицуулж өмсөх үйл явц нь надад таалагддаг.”

Өнгөрсөн жил тэрээр Ruby нэртэй анхны бүрэн хэмжээний соло цомгоо гаргасан юм. Тэрхүү цомгийн постер зурагт улаан үстэй, жижигхэн хувилбар дээш харан зогссон хэсэг дүрслэгддэг. Тэр бол Ruby буюу түүний өөр тал гэнэ. 

“Би өөрийгөө салгаж бодох дургүй, би зүгээр л шинэ талыг нээсэн гэж боддог. Ruby-аар дамжуулан би өөрийгөө оллоо гэж хэлж чадахгүй. Гэхдээ юунд дуртай, юунд дургүйгээ олж харсан.”

Түүний цомог нь Уильям Шекспирийн “As You Like It” жүжгийн хүний амьдралын долоон үе шаттай зүйрлэж буй хэсгээс сэдэвлэн бүтээгджээ. Тэрээр амьдралынхаа үе шатуудаа дуунуудаараа илэрхийлсэн байна. Тодруулбал, Like Jennie дуу хүчирхэг, өөрийгөө дахин батлан харуулж буй тун шийдэмгий дүр төрхийг нь харуулах бол With the IE (way up) нь түүний хоолойн цар хүрээг харуулж байгаа юм. “Love Hangover”, “Seoul City” зэрэг дуунууд нь илүү хөнгөн хэмнэлтэй, тайван цаг хугацааг нь илтгэх гэнэ. Харин “Twin” дуу нь хагацсан харилцааны тухай сэтгэл өвтгөм мөчийг нь дүрсэлжээ. 

“Би хөгжмийг одоо л жинхэнэ утгаар нь сурч эхэлж байна. Хип-хоп, R&B миний дуртай жанрууд. Өөрийнхөө өнгө аясыг тэндээс олмоор байгаа. Гэхдээ ирээдүйд өөр төрлийн жанраар ч турших бодолтой байна. Олон төрлийн зүйл туршиж үзэх нь надад сонирхолтой санагддаг.”

Ярилцлагын төгсгөлд сэтгүүлч түүнээс манифест хийдэг талаар нь тодруулжээ. 
/Манифест гэдэг нь өөрийн зорилго, үнэт зүйл, итгэл үнэмшил эсвэл хүсэж буй ирээдүйгээ тодорхой илэрхийлэхийг хэлнэ./

“Би өөрийгөө нээж, бүрэн эзэмшихийн тулд өдөр бүр манифест хийдэг. Ruby бол үүний хамгийн тод жишээ. Би үүнийг өөрийнхөө л төлөө хийсэн. Бас дасгал хийхдээ ч гэсэн манифест хийдэг талтай. Жишээ нь, дасгалаа хийж чадахгүй шантрах гээд байвал би халуухан, гоё биетэй харагдаж байна зэргээр өөртөө хэлдэг шүү.”

Эх сурвалж: CR Fashion Boo

#Jennie #Blackpink