

Та хүнд хариугүй тусладаг уу, эсвэл өгснийхээ дараа ямар нэг зүйл авахыг илүүд үздэг хүн үү? гээд өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Өөрөө л болж байвал бусдаас илүү аз жаргалтай байна гэсэн итгэл үнэмшил нь биднийг амин хувиа хичээх зам руу түлхэж байдаг.
Бусдаас үргэлж авах сэдэлтэй хүний сэтгэл үргэлж хоосон байдаг бөгөөд энэ нь аз жаргалгүй байх, ямар нэгэн зүйл үргэлж дутуу байгаа мэдрэмжийг төрүүлж байдаг. Энэ хандлага хүнийг аз жаргалгүй байдал руу үргэлж хөтөлж байдаг. Аз жаргал гэдэг зүйл хүнийг баяр хөөртэй, сэтгэл ханамжтай болгодог зүйл.
Аз жаргалын суурь мэдрэмж бол таашаал. Хамгийн энгийн таашаалаас дээд түвшний таашаал хүртэлх бүхий таашаал, аз жаргалын мэдрэмжүүд нь тархины нэг үйл явцаар дамждаг. Сэтгэл судлаачид 4 түвшний аз жаргалыг ангилан авч үзсэн байна.

1-р түвшний аз жаргал
Энэ нь баяр хөөр, таашаал буюу агшин зуурын гайхамшигт мэдрэмж юм. Энэ нь ухамсраар төдийлөн зохицуулагдахгүй бөгөөд хүнд өөрт шууд үүсдэг аз жаргал, баяр баясал юм. Жишээ нь үрээ харсан эх хүний мэдрэмж, их ажлын дараах амралт, өлссөний дараах хоолны амт, хараа булаам үзэсгэлэн, сонсголонтой ая, гэх мэт бидний мэдрэхүйд нөлөөлсөн тэр цаг мөчид баяр хөөр, аз жаргалыг төрүүлдэг хүчин зүйлс юм.
Энэ мэдрэмжүүд нь хүнд автоматаар үүсдэг бөгөөд байгалийн буюу зөн билигт шинжээр бий болдог. Энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй ба хэсэгхэн хугацааны дараа энэхүү мэдрэмж сарниж үгүй болно. Мөн энэхүү түвшин нь зарим талаараа материаллаг буюу тодорхой шинж тэмдэгт тулгуурласан байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл хүний амьдралын материаллаг хэрэгцээ болох байр, машин, мөнгө, хоол хүнс зэрэг хэрэгцээнд тулгуурласан шинжтэй ч байж болно

2-р түвшний аз жаргал
Энэ түвшний аз жаргалыг мэдрэх үйл явцад танин мэдэхүйн үйл буюу ухамсарт тархины оролцоо нөлөөлж эхэлнэ. Өмнө нь ямар байсныг санаж өнөөдөр илүү сайхан болсон бол үүндээ сэтгэл хангалуун байх, одоогийн таны мэдрэмж, нөхцөл байдал хэн нэгнээс илүү байгааг олж анзаарах гэх мэт тохиолдолд үүснэ. Жишээлбэл ямар нэгэн уралдаан тэмцээнд амжилт үзүүлэх, бусдаас ялгарах үед энэ мэдрэмж хүчтэй үүснэ.
Энэхүү мэдрэмжийн нэг сул тал гэж хэлж болохоор зүйл бол амьдралын бүхий л зүйлийг харьцуулах гэж оролдож тэндээс аз жаргалыг мэдрэхэд чиглэдэг. Гэтэл хүн бүрийн хувийн ялгаа онцлогууд өөр өөр байдаг нэг хүн олон зүйлээр бусдаас илүү байх боломж хомс байдаг. Үүнээс үүдэж уг мэдрэмж нь зарим үед бусдаа илүүгээ мэдрэхэд хүчтэй илэрч заримдаа бусдаас ямар нэгэн зүйлээр дутуугаа мэдэрснээр сэтгэлээр унах үндсэн шалтгаан болдог.

3-р түвшний аз жаргал
Энэ түвшинд нь хүний амьдралын хамгийн чухал үнэт зүйл, ач холбогдлоо ойлгож түүнийхээ төлөө ажиллаж амьдрах үйл явцаас үүсэх аз жаргалын мэдрэмж юм. Хүн өөрийн зан үйл, үйл ажиллагаагаа ухамсартайгаар чиглүүлж зорилгоо хэрэгжүүлэх үйл явцтай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл амьдрал бол сонирхол татахуйц бөгөөд ажиллах хөдөлмөрлөх нь дур сонирхолтой, бүтээлч, өрнүүн үйл явц гэж үздэг.
Хэрэгцээний шатлалын онолоор бол энэ нь дээд түвшний хэрэгцээг хангахад чиглэсэн үйл явц ч байж болно. Гэхдээ энэ нь хүн бүрийн хувьд өөр өөр байдаг. Зарим хүмүүсийн хувьд амьдралын чухал зүйлсийн нэг бол мөнгө биш бөгөөд үүний төлөө бүхнээ зориулж, бүхий л үнэ цэнийг үүн рүү чиглүүлж болохгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл энэ хүн бүрт адилхан нэгэн загвар, хэлбэр гэж байхгүй юм.

4-р түвшний аз жаргал
Түр зуурын баяр хөөр, материаллаг тайвшрал төдийхөн биш, илүү гүн гүнзгий утгатай гэдгийг хүмүүс улам ихээр хүлээн зөвшөөрөх аз жаргалын шат. Хэсэгхэн мөчийн таашаал болон амьдралдаа сэтгэл ханамж мэдрэхээс гадна утга учир, зорилго, урт хугацааны тогтвортой баяр баясгалан гэх “eudaimonic well-being” бий. Энэ шатанд хүн хувийн өсөлт, чадамжаа илүү хөгжүүлэх, үйл хөдлөлийнх нь ард үнэт зүйлс, зорилго, үнэ цэнэтэй, бүтээлч, утга учиртай үйл ажиллагаанд оролцох зэргийг багтаадаг.
Судалгаагаар энэ шат хүний оюун, биеийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй, хэцүү, зовлонтой үед тэсэж гарах чадварыг нэмэгдүүлдэг. Мөн урт хугацааны амьдралын сэтгэл ханамжийг бататгадаг гэж тогтоогдсон.
Дээрхээс үзэхэд хүний амьдралын чиглүүлэгч чухал мэдрэмжүүдийн нэг аз жаргал, баяр хөөр, таашаалын мэдрэмж юм. Энэхүү мэдрэмжийг бид тодорхой хэмжээнд мэдэрч, амьдралын үйл ажиллагаандаа уялдуулснаар илүү бүтээлч, үр дүнтэй, амьдрах боломжтой. Чухам бусдаас авах биш өгөхөө боддог байвал илүү сэтгэл ханамжтай амьдрахад тань туслах юм шүү.
Эх сурвалж: “Subjective health in relation to hedonic and eudaimonic wellbeing” study
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!