

Дани улсад 12 сарын 31-ны өдөр айл бүрийн дагаж мөрддөг тун хачирхалтай уламжлал байдаг. Иргэд хэрэглэдэггүй таваг эсвэл гал тогооны хэрэгслүүдийг гаргаж хаяхын оронд 12 сарын 31-ны өдөр хүртэл тэвчээртэйгээр хадгална. Хүлээсэн өдөр ирэхэд даничууд жил гаруй хадгалсан тэдгээр гал тогооны эд хэрэглэлээ найз нөхөд, хамаатан садныдаа авч очин гадна хаалга руу нь шидэн хагалдаг байна. Уг уламжлалд тусдаа нэр хүртэл байх бөгөөд “таваг хагалах нь” хэмээн нэрийддэг аж.

Баярын өдөр үйлдэгддэг энэхүү таваг хагалах “ёслол” яг хэзээнээс, яаж явж байгаад бий болсон нь тодорхойгүй ч уламжлалын цаадах санаа нь өөрийн амьдралд буй хайртай дотны хүмүүстээ талархлаа илэрхийлж байгаагийн илрэл гэнэ шүү. Тэгэхээр Дани улсын иргэдийн хувьд “баярлалаа” гэдгээ илэрхийлэх хамгийн хүндтэй хэлбэр нь энэ болж таарах нь.

Гэхдээ заримдаа таваг хагалах уламжлалыг өнгөрснийг ардаа үдэж шинээр бүхнийг эхлүүлэх санаатай ч холбож тайлбарладаг. Энэ тайлбараар явбал, таваг хагалж буйн логик хуучин жилд тохиолдсон бүх муу муухай, сөрөг энергитэй зүйлсийг тухайн хагалж буй тавагтайгаа хамт хаяж буйтай адилтгагдах юм.

Даничуудын хувьд энэхүү онцгой заншилдаа бэлтгэхийн тулд дээр дурдсанчлан хэрэглэдэггүй гэрийнхээ тавгийг цуглуулдаг. Хэрвээ тийм төрлийн таваг байхгүй бол хуучин бараа зардаг газраас юм уу өөр дэлгүүрүүдээс хямд таваг худалдаж аван хагалах нь олонтоо. Тавгийг шууд хагалж болох ч зарим хүмүүс тавгийнхаа дээр үгс бичиж зураг зурж байгаад хагалдаг байна.

Хэдий хүн бүрийн нүдэнд таваг хагалах тийм ч таатай харагдахгүй ч яг өөрөө туршаад үзвэл уг уламжлал нь тун сонирхолтой бөгөөд хөгжилтэй. Шинэ жилийн шинэхэн өдрийг дотны хүмүүстэйгээ таваг хагалан угтах танд зугаатай сонсогдохгүй байна гэж үү?
Эх сурвалж: Medium
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!