Хонконгод орон сууцны хороололд гал гарсны улмаас 44 хүн амиа алдлаа


А.Номин | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хонконгийн Тай По дүүрэгт байрлах орон сууцны хороололд өчигдөр буюу лхагва гарагт гал гарч 44 хүн амиа алджээ. 

Мөн 279 хүн сураггүй байгаа бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн 45 хүний биеийн байдал хүнд байна. Одоогоор галын шалтгааныг тодорхой болгоогүй байна. 

32 давхар барилгуудаас бүрдэх уг хотхоны галыг унтраахаар өчигдрөөс эхлэн 700 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа юм. 

1983 онд баригдсан энэ орон сууцны хорооллын гадна талыг шинэчлэх ажлын хүрээнд хулсан шат, ногоон тороор бүрсэн байсан нь гал хурдацтай, өргөн хүрээнд тархах шалтгаан болсон гэж үзэж байна.

Түүнчлэн засварын ажил явуулж байсан компани хөөсөнцөр ашиглаж байсан гэв. 

Хонконгийн цагдаа нар тус компанийн гурван ажилтныг хүний амь хөнөөсөн байж болзошгүй гэх үндэслэлээр баривчлаад байна. 

Одоогоор дөрвөн барилгын галыг хяналтдаа аваад байгаа бөгөөд дээд давхруудад хүрэхэд хүндрэлтэй байгааг холбогдох албаныхан мэдээлжээ. 

2021 оны байдлаар уг орон сууцны хотхонд 4600 орчим хүн оршин сууж байгаа аж.

Эх сурвалж: Straits Times

#Хонконг