Глютений мэдрэгшлийн шинж тэмдгүүд


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Глютен гэдэг уураг зарим хүнд хоргүй мэт санагддаг ч үнэндээ эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэж чаддаг. Тодорхой шинж тэмдэггүй үед нөлөө нь анзаарагдахгүй байсаар удаан хугацаанд дотоод эрхтэнд гэмтэл учруулж болзошгүй. 
Тиймээс биеийнхээ глютенд үзүүлэх хариу урвалыг ойлгох нь эрүүл мэндээ хамгаалахад чухал юм.

1. Үс унах

Глютений мэдрэгшил, ялангуяа целиаки өвчний үед үс унах, сормуус сийрэгжих шинж илэрч болдог. Мөн гэдэсний нарийн хана гэмтсэнээр тэжээлийн шингээлт муудаж, цайр, төмөр, биотин зэрэг үсэнд хэрэгтэй амин дэмийн дутагдал үүсдэг.

2. Аманд төмөр амтагдах

Аманд төмөр амтагдах нь хачирхалтай ч глютенд мэдрэг хүмүүсийн дунд тохиолддог. Ийм мэдрэмж гэнэт гарч, удаан үргэлжилдэг бөгөөд хоол ундны амтыг өөрчилдөг. Хэрвээ глютен хэрэглэсний дараа ийм металл амт” мэдрэгддэг бол энэ нь бие чинь глютенд сөрөг хариу өгч байгаагийн дохио байж болно.

3. Мэдээгүй болох, хатгуулах

Гар, хөл, хуруу мэдээ алдах эсвэл хатгуулах нь хоолтой холбоогүй мэт санагддаг ч глютений үрэвсэл мэдрэлийн системийг өдөөдөг. Ийм шинж тэмдгүүд глютен хэрэглэсний дараа сэргээн гарч ирдэг бол мэдрэгшлийн илрэл байж магадгүй.

4. Хоол боловсруулах эрхтний асуудал

Глютенд мэдрэг хүмүүсийн хамгийн түгээмэл зовиур нь гэдэсний хямрал байдаг. Бөөлжис хүрэх, хий дүүрэх, суулгах, гэдэс базлах эсвэл өтгөн хатах шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр нь гэдэсний цочромтгой хам шинж (IBS)-тэй андуурагддаг бөгөөд энэ нь оношийг буруу тавихад хүргэж зовиурыг улам даамжруулдаг.

5. Тайлбаргүйгээр жин өөрчлөгдөх

Глютен мэдрэгшил нь харьцангуй хурдан жин хасах эсвэл нэмэгдэх шалтгаан болдог. Энэ нь үрэвсэл, бодисын солилцооны өөрчлөлттэй холбоотой. Хэрвээ жингийн хэлбэлзэл нь хоол боловсруулах эсвэл шим тэжээлийн шингээлтийн асуудалтай хавсарвал глютен гол шалтгаан байж болно.

6. Дааврын тэнцвэр алдагдах

Глютен нь дааврын тогтолцоонд нөлөөлж, сарын тэмдгийн хэм алдагдах, жин хэлбэлзэх, нойргүйдэх зэрэг шинж илэрдэг.
Эдгээр нь өсвөр нас, жирэмслэлт, цэвэршилтийн үед илүү тод илэрдэг бөгөөд ихэвчлэн эмэгтэйчүүдэд ажиглагддаг.

7. Төв мэдрэлийн системийн асуудал

Глютен нь биеийн үрэвсэл, гэдэсний нэвчимтгий байдлыг нэмэгдүүлж, дараах шинжүүдийг үүсгэнэ:
анхаарал төвлөрөхөд хүндрэл, сэтгэл гутрал, түгшүүр, нойргүйдэх, ядаргаа, цухалрах гэх мэт.

Мөн глютенд мэдрэг хүмүүс толгой өвдөх магадлал илүү өндөр байдаг бөгөөд ихэвчлэн глютентэй хоол идсэнээс 30–60 минутын дараа толгой өвддөг.

8. Арьс, хумсны асуудал

Глютений мэдрэгшил нь арьсны өвчинтэй шууд холбоотой. Загатнах тууралт, арьсны улайх, хумс хэврэгших, экземтэй төстэй шинж хэлбэрээр илэрч болно.

9. Анхаарал дутмаг, хэт хөдөлгөөнт зан (ADHD)

ADHD буюу анхаарал төвлөрөл, өөрийгөө хянах чадвар муудах эмгэг глютенд мэдрэгшилтэй холбоотой байж болохыг судалгаанууд харуулж байна. Глютенгүй хоолны дэглэм баримтлах нь зарим тохиолдолд ADHD-ийн шинж тэмдгийг багасгадаг гэж үздэг.

10. Шүд, амны хөндийн асуудал

Глютен нь кальци зэрэг эрдэс бодисын шимэгдэлтийг бууруулж, дараах асуудлууд үүсгэнэ: шүдний паалан нимгэрэх, хэт мэдрэгших, цоорох, амны шархлаа.

Хэрвээ шүдний ариун цэврээ сайн сахиж байгаа ч эдгээр асуудал арилахгүй байвал глютен шалтгаан байж болно.

11. Төмрийн дутагдлын цус багадалт

Глютений мэдрэгшлийн хамгийн түгээмэл шинж нь төмрийн дутагдалт цус багадалт юм. Шинж тэмдэгт: ядаргаа, амьсгаадах, толгой өвдөх, арьс цайх, үе мөч өвдөх зэрэг орно. Учир нь гэдэс төмрийг бүрэн шингээж чадалгүй тэжээлийн дутагдалд ордог.

12. Дархлаатай холбоотой өвчин

Глютенд мэдрэг хүмүүсийн дунд дархлааны систем өөрийн эсрэг ажиллах автоиммун өвчин элбэг. Жишээ нь: бамбай булчирхайн үрэвсэл, элэгний автоиммун өвчин, чихрийн шижин, үе мөчний үрэвсэл гэх мэт.

ГЛЮТЕНД МЭДРЭГШЛИЙГ ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ?

1. Шинжилгээ өг

Цусны шинжилгээ өгч шалгуулаарай. Шинжилгээний өмнө глютентэй хүнс хэрэглэхээ зогсоохгүй байх нь чухал. Ингэснээр илүү нарийн үр дүн гарна.

2. Глютентэй хүнснээс зайлсхий

Глютен агуулсан хүнсэнд:
Гурил (flour)
Улаан буудай (wheat)
Хөх тариа (rye)
Булгур (bulgur)
Семолина (semolina)
Шошгон дээр “gluten-free” гэж бичсэн бүтээгдэхүүнийг сонгох нь хамгийн найдвартай.

#эрүүл мэнд #глютен #Глютений мэдрэгшил