Монголын ирээдүй болсон 58 мянган хүүхэд аюултай хөдөлмөр эрхэлж, 30 жилийн амлалт ахицгүй хэвээр байна


О.Батхишиг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монгол Улс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг таслан зогсоохоор хууль баталж, олон улсын өмнө чамгүй олон амлалт өгсөөр 30 гаруй жил болжээ. Гэвч бодит байдал дээр ахиц гарав уу гэдэг асуултад Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа үнэлэлт тавьчихаж.

Монгол улсын 3.5 сая хүн амын 1.376 сая буюу 40% орчим нь хүүхэд. Гэтэл өнөөдөр 138 мянган хүүхдүүд хөдөлмөр эрхэлж,  58 мянган хүүхэд аюултай хөдөлмөр эрхэлж байгааг ҮСХ судалж тогтоожээ. Хүн ам цөөтэй улсын хувьд энэ бол хэтийдсэн өндөр үзүүлэлт.

Хуулиар 18 нас хүрээгүй хүн бүр хүүхэд. Тэд эрүүл, аюулгүй орчинд өсөж торних эрхтэй, ирээдүйд улс эх орондоо ихийг бүтээх хариуцлагатай иргэн болох ёстой. Харин эцэг эх бол хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй. Гэтэл хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөрийн дараах хэлбэрүүдэд өртөж хохирогч болсоор байна.

  • Аюултай нөхцөлд хүүхдийг албадан ажиллуулах
  • Бэлгийн мөлжлөгийн золиос болгох
  • Гудамжинд гуйлга гуйлгуулах, эсвэл гэмт хэрэгт татан оролцуулах
  • Өсвөр насны охидыг албадан гэрлүүлэх
  • Хүүхдийг хууль бусаар худалдах, үрчлүүлэх

Хүүхдийн тусламжийн “108” утсанд 2024 онд хүүхдийн хөдөлмөрийн талаарх 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн бол 2025 оны долдугаар сарын 31-ний байдлаар энэ тоо 113 болж өсчээ.

“108” төвийн захирал М.Отгонгэрэл хэлэхдээ, дуудлагын ихэнх нь гуйлга гуйлгуулах, 14–18 насны хүүхдийг хөдөлмөр эрхлүүлээд цалин хөлсийг олгохгүй байх, баар, ресторанд ажиллуулах зэрэг тохиолдлууд байдаг гэв. 

Нөгөөтээгүүр хүүхдийн хөдөлмөрийн уламжлалт хэлбэрүүдийн нэг болох хурдан морины уралдаан өнөөдөр ч хууль зөрчин зохиогдсоор байна. Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл хурдан морины уралдааныг хориглодог ч 2025 оны эхний таван сард гурван удаагийн зөрчлийн таслан зогсоосон гэв.

“108”  төвийн мэдээлснээр амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур өрх,  эцэг эх нь архины хамааралтай айлын хүүхдүүд үл хайхрах, хүчирхийлэлд өртөн, хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрийн хохирогч болдог байна.

Мөн шилжилтийн насны хүүхдүүд бүлгээрээ нийлж хялбар аргаар мөнгө олж хэрэгцээгээ хангаж, сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд гуйлга гуйх тохиолдол ч бүртгэгддэг гэв.

Үүнээс үзэхэд хүүхдийн хууль бус хөдөлмөрийг таслан зогсоохын тулд зөвхөн хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй, бодит хэрэгжилт үнэлгээ, тал талын хариуцлага шаардлагатай байгааг харж болох. 

Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ын  тэргүүн Г.Ганбаясгахаас хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийг таслан зогсооход яагаад ахиц гарахгүй байгаа талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ, асуудлыг шийдэхэд юу дутагдалтай байна гэвэл хүсэл, нэгдсэн ойлголт.

Бодлого боловсруулагчид хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг, тэвчишгүй хэлбэрийг зогсоох асуудлыг шийдэхэд хүсэл сонирхолтой байх хэрэгтэй. Чиг үүргийн байгууллага нь хариуцах ёстой юм шиг бодоод бусад нь хаячихдаг.

Бодлогын харалган, уялдаагүй байдлын үр дагавар нь энэ. Хаана хэрэгжилт сул байна тэр газар л асуудал илүү өргөн хүрээг хамардаг. Эцэг, эх, эдийн засаг нийгэм рүү бурууг чихэж болохгүй.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл дээр тухайн жил хүүхдийн чиглэлээр хийсэн / хүүхэд хамгааллын чиглэлээр хийсэн хэдэн судалгаа байна/ тэр болгоны үр дүн, зөвлөмжүүдийг сонсож хэрэгжүүлдэг байгаасай. Хүүхдийн хөгжил, оролцоо, эрүүл мэндийг ч үнэлэх хэрэгтэй. 

Суурь судалгаануудаа нямбай хийгээд тэрийгээ бодлого болгож хүүхдийн төлөө зөвлөл үйл ажиллагааны чиглэл төсөвтөө тусгаад хэрэгжүүлэгч байгууллагуудаараа хэрэгжүүлж явбал илүү оновчтой гэж яриад би олон жил боллоо. Яах гэж судалгаа хийдэг юм тэрийг суурьтай ажил болгох хэрэгтэй. 

Хүүхэд хөдөлмөр эрхлэхдээ өөрийн амь нас, эрүүл мэнд, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхгүй ажил хийх ёстой. 

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн хамгийн тод жишээ бол хурдан морь унаач хүүхдийн асуудал.Сүхбаатар аймагт гэхэд л бага ангийн хүүхдүүдийн 70 хувь нь хурдан морь унаж байна.

Ёс уламжлал ярьж энэ сэдвийг улс төржүүллээ гэж үгүйсгэх хүмүүс бий. Гэхдээ эртний уламжлалаараа хүлгийнхээ хурд, эзэн уяачийнхаа чадварыг сорьж жилдээ нэг, хоёр удаа л морь уралддаг байсан. Эзэд нь мөнгөөр зодож, туслах уяач, хүүхэд хоёр зараал нь болж байгаагүй л монгол ёс. Одоо бол хэдэн сая, тэрбумаар морийг үнэлж, уралдаанаас уралдааны хооронд мөнгө угаалт болчихсон гэвэл үнэнээс хол зөрөхгүй.  Хүүхдийн амралт, өсөлт бойжил, сурч боловсрох хэрэгцээ бүгд орхигдсон нь бодит үнэн.

Адаглаад  үүний цаана чухам юу болж байгааг Эдийн засгийн хөгжлийн яам, аудитын газар нь үнэлгээ хийж үзэх ёстой.  Бид урьдчилан сэргийлэх ажил хийхгүй үр дагавартай нь харьцаад байна.

Хурдан морины уралдаанд жилдээ хэдэн төгрөгийн бооцоо тавьдаг, хэдэн морь уралддаг, нэг уяач дунджаар хэдэн төгрөгийн орлого олж байна,унаач хүүхэд, хэдэн цагийг морьдоо зарцуулж байгааг нарийвчлан үнэлэх ёстой.  

Улирал харгалзахгүй морь уралдуулмаар байгаа бол бусад улсууд шиг морин тойруулгаа хийх хэрэгтэй. Уламжлалаа хадгалах гэж байгаа бол уламжлал чигээр нь бизнес болгох гэж байгаа бол бизнес чигээр нь авч явахгүй бол, үүний цаана хүүхэд хохирч байна. Бид аливаа зүйлийг ул үндсээр нь харж шийдвэрлэхгүй бол улам даамжирна. Үнэхээр хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгая гэж байгаа бол дотооддоо байгаа салбар дундын  асуудлуудыг бодитоор үнэлэх ёстой гэв.

Араб улс уламжлал дагасан хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг халж чадсан улсын нэг. Хот тосгодын тарчигхан амьдралтай айлын хүүхдүүдийг тэмээ унуулдаг ёсноос болж олон хүүхэд бэртэж, амиа алддаг байсан аж. Тиймээс Засгийн газраас нь судалгааны нэгж гарган ажиллаж заавал хүүхдээр биш роботоор унуулж болно гэх дүгнэлтээр төсөл хэрэгжүүлжээ. Ингээд Араб хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэлбэрийг халаад 10 гаран жил болсон байна.

Нэг талаас хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг нийгмийн халамжийн хавтгайрлын нэг хүчин зүйл болжээ. Учир нь олон хүүхэдтэй байвал хүүхдийн мөнгөөр амьдарч болно гэх хандлага нийгмийн тодорхой хэсэгт суусан гэдгийг 108 төвөөс хэлсэн юм.  Хүүхэд нь хөдөлмөр эрхэлдэг архины хамааралтай гэр бүлийг тухайн дүүрэг хорооны хөдөлмөрийн хэлтсээс ажилд жуучилдаг ч ихдээ сар болоод ажлаас гардаг байна. Нэг үгээр ажлын дадал суугаагүй, хөдөлмөр эрхлэх ямар ч сонирхолгүй эцэг эх олгон байгааг ч дурдаж байлаа. 

Өнөөдөр Монголын 138 мянган хүүхдийн 58 мянга нь хөдөлмөр эрхэлж байна. Энэ тоо бодлогын хоосон амлалт, хэрэгжилтийн хяналт сул байгаагийн тод илрэл юм. Суурь шалтгааныг олж харахгүйгээр зөвхөн үр дагавартай зууралдсаар байвал хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр улам гаарах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

#Мэддэгмэдээлдэгбайя