"American Horror Story" цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-06-16

Бид өмнөх дугаараараа “When the Camellia Blooms” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаад 2011 оноос өнөөдрийг хүртэл 9 бүлгийн турш үргэлжлээд буй аймшгийн цуврал "American Horror Story" цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb: 8/10
Киноны үнэлгээ /Rotten Tomatoes/: 76%
Эхний анги цацагдсан огноо: 2011 оны аравдугаар сарын 5
Нийт бүлгийн тоо: 9
Үйл явдал: Бүлэг бүрд өөр цаг үеийн үйл явдлуудыг өгүүлэх уг цувралаас та өөр өөр төрлийн айдсуудыг мэдрэх боломжтой. Мөн энэхүү цувралын нэг бүлэгт тоглосон жүжигчид дараагийн бүлэгт тэс өөр дүрээр эргэн ирдэг учир үзэхэд их сонирхолтой. Хэрэв та дотор зарсхийлгэж, хүйт даалгам аймшгийн кино үзэх дуртай бол энэхүү цувралыг заавал үзээрэй. 

ХАМГИЙН ОЛОН БҮЛЭГТ ТОГЛОСОН ЖҮЖИГЧИД

Ердөө хоёр л жүжигчин "American Horror Story" цувралын 8 бүлэгт буюу хамгийн олон бүлэгт дүр бүтээсэн байдаг. Тэд бол Sarah Paulson болон Evan Peters нар билээ. Харин тоглосон анги бүрийг нь тоолбол жүжигчин Sarah Paulson 54, харин жүжигчин Evan Peters 64 ангид тогложээ. 

JESSICA LANGE ЦУВРАЛЫГ ОРХИСОН ШАЛТГААН

Үзэгчдийн хамгийн ихээр хайрладаг жүжигчдийн нэг Jessica Lange дөрөвдүгээр бүлгийг дуусгаад цувралыг орхисон билээ. Тэрээр “Entertainment Weekly” сайтад өгсөн ярилцлагадаа:

- "Ямарваа нэгэн зүйлийг тууштай хийнэ гэдэг хэцүү. "American Horror Story" цувралын нэг бүлгийн зураг авалт бүтэн зургаан сарын турш тасралтгүй үргэлжилдэг байсан. Дөрвөн жилийн турш жил бүр бүтэн зургаан сарын турш ажилласны дараа надад өөртөө хангалттай цаг зав гаргахгүй байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Тиймээс л өөртөө илүү их цаг гаргахаар шийдсэн юм" хэмээжээ.

БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРХ ХОСУУД 

Жүжигчин Evan Peters болон Emma Roberts нар 2012 оноос үерхэж эхэлсэн билээ. Шүтэн бишрэгчид нь тэднийг маш олон жилийн турш үерхэж байгаа тул удахгүй хуримаа хийнэ хэмээн хүлээж байсан ч хосууд маань 2019 онд хоёр тийш болсон юм. 

15 ЦАГ ҮРГЭЛЖЛЭХ ЗУРАГ АВАЛТ

"American Horror Story: Freak Show" буюу дөрөвдүгээр бүлэгт сиамын ихэр Bette, Dot нарын тоглох нэг үзэгдлийн зураг авалтын хийхийн тулд бүтэн 12-15 цагийг зарцуулдаг байсан аж. Дүр хувиргалт гэдэг амаргүй ажил шүү дээ. 

АЛИАЛАГЧИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДАВ

АНУ-ын алиалагчдын холбооны гишүүд "American Horror Story: Freak Show" буюу дөрөвдүгээр бүлэгт гардаг алиалагч Twisty-гийн дүрийг алиалагчийн нэр хүндэд хандсан гэж үздэг. Тус холбооны ерөнхийлөгч Glenn Kohlberger хэлэхдээ:

- “Бид алаглагчийн дүрээр хүний айдсыг төрүүлж, сэтгэл зүйд нөлөөлсөн ямар ч хэлбэрийг дэмждэггүй. Алиалагчийг ийм хэлбэрээр олон нийтэд түгээж буйд харамсалтай байна” хэмээжээ.

NAOMI GROSSMAN ЗУРАГ АВАЛТЫН ТАЛБАЙГААС ХӨӨГДӨЖ БАЙВ

Мөн л дөрөвдүгээр бүлэгт Pepper-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Naomi Grossman-ий нүүр хувиргалтыг хийхийн тулд ойролцоогоор 3 цагийг зарцуулдаг байжээ. Тэр ч бүү хэл нэгэн удаа тэрээр нүүр хувиргалтаа хийлгэчихээд зураг авалтын талбай руу орох гэтэл хамгаалагчид түүнийг танихгүй хөөж байсан гэдэг. 

EDWARD MORDRAKE БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР

Хоёр нүүрт хүн буюу Edward Mordrake-ийн дүрийг бодит явдлаас сэдэвлэсэн аж. Язгууртан Edward Mordrake их царайлаг, сайхан залуу байсан гэдэг. Гэвч түүний толгойн дагзан хэсэгт бас нэгэн нүүр байх бөгөөд тэр нь хэзээ ч унтдаггүй, үргэлж муу муухай зүйл ярьдаг байсан тул Edward үүнийг нь тэсэлгүй амиа хорлосон байна. 

“CORTEZ” ЗОЧИД БУУДАЛ БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР БАЙДАГ

"American Horror Story: Hotel" буюу тувдугаар бүлгийн гол үйл явдал өрнөдөг “Cortez” зочид буудлыг АНУ-ын Чикаго хотын “Аллагын цамхаг” хэмээх нэртэй буудлаас сэдэвлэн бүтээсэн гэдэг. 1800-аад оны үед H.H.Holmes гэгч залуу уг зочид буудлыг байгуулсан бөгөөд зочид буудалд нь хоноглохоор ирсэн зочдоо алж, нуудаг байжээ. Мөн яг л кинон дээр гардаг шиг маш олон нууц хаалга, өрөөнүүд уг буудалд байсан гэдэг. 

ҮНЭНЧ ШҮТЭН БИШРЭГЧ

Маш олон алдартнуудын адилаар дуучин Lady Gaga ч мөн энэхүү цувралд дүр бүтээгээд амжсан. Тэрээр уг цувралын томоохон шүтэн бишрэгч байсан бөгөөд зохиолч, продюсер Ryan Murphy-тэй өөрийн биеэр холбогдож, цувралд дүрээ мөнхөлмөөр байгаагаа хэлсэн гэдэг. Ryan ч түүний саналыг нааштайгаар хүлээн авсанаар дуучин бүсгүй маань цувралын тавдугаар бүлэгт "Cortez" зочид буудлын эзэн Elizabeth-ийн дүрийг чадварлагаар бүтээсэн билээ. 

ЦУВРАЛ ХИЙГДЭХ БОЛСОН ШАЛТГААН

Алдарт "Glee" цуврал мөн л зохиолч Ryan Murphy-гийн бүтээл. Тэрээр "Glee" цувралын үйл явдлыг цаашид хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхгүй байсан учир тэс өөр төрөл жанрын "American Horror Story" цувралын зохиолыг бичиж эхэлсэн байна. 

БҮЛГҮҮД ХООРОНДОО ХОЛБООТОЙ

Зохиолч Ryan Murphy 2014 онд өгсөн нэгэн ярилцлагадаа:

- "Бүлгүүд маань хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдсон. Харин ямар аргаар холбогдсон гэдгийг үзэгч та бүхэн өөрсдөө олж мэдэх нь чухал” хэмээжээ.

ЦУВРАЛД ДҮР БҮТЭЭСЭН АЛДАРТАЙ ЖҮЖИГЧИД

Дээр дурдсанчлан "American Horror Story" цувралд олон алдартнууд дүр бүтээж байсан. Үүнээс дурдвал: 

"Maroon 5" хамтлагийн дуучин Adam Levine - Хоёрдугаар бүлэг: "American Horror Story: Asylum"

Бүжигчин, жүжигчин Jenna Dewan - Хоёрдугаар бүлэг: "American Horror Story: Asylum"

Жүжигчин Mark Consuelos - Хоёрдугаар бүлэг: "American Horror Story: Asylum"

Жүжигчин Neil Patrick Harris - Дөрөвдүгээр бүлэг: "American Horror Story: Freak Show"

Загвар өмсөгч Naomi Campell - Тавдугаар бүлэг: "American Horror Story: Hotel"

Дуучин, жүжигчин Billy Porter - Наймдугаар бүлэг: "American Horror Story: Apocalypse"

Эх сурвалж: MTV, Factinate, Mental Floss

#Бидний мэдэхгүй баримтууд #American Horror Story