Гахууна, ахууна, гахууна...


YOLO.mn | YOLO.MN
2025-11-24

Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар тольд" Ахууна нь "цэнгэг уст нуур цөөрөмд өндөглөдөг, загасан идэшт ...нэг зүйл шувуу" гэж тайлбарласан байдаг бол сүүлдээ тэр шувууны дуу авианаас нь болж Гахууна гэж нэрлэсэн гэнэ. Тэр нь үзэсгэлэнт Хилэн гүет Гахууна (Gavia arctica).

Хилэн гүет Гахууна (Gavia arctica)

Өнгөрсөн онд Улаан гүет гахууна бас манайд харагдсан. Төвийн болон баруун нутагт уулын тахианы багийн хоёр ч зүйл шувууг бас Ахууна гэж нэрлэж ирсэн болтой. Цэвдгийн, бас зураг дээрх Цагаан ахууна (Lagopus lagopus). Ингээд хоёрын хоёр Ахууна, Гахуунатай болсон юм уу. Мэдэхгүй үгээ энэ толиос хараад бүр сурчихсан, шувууны нэршлийг ч хайж хардаг юм.

Цагаан ахууна (Lagopus lagopus)

Я.Цэвэлийн толийг 1933-37 оноос бэлдэж эхлээд 1947-1964 онуудад эцэслэн 1966 онд буюу бидний ахмад үе унаган уйгаржин бичигтэй, кирилл хос бичигтэй байх цагт эх зохиож нийтэлсэн байх юм. Дамдинсүрэн, Ринчин, Лувсанвандан, Лувсандэндэв, Х.Пэрлээ гээд том эрдэмтэд оролцсон аж.
 
Ийм ч учраас өнөө цагт босоо бичиг байтугай кирилл үсгээ алдаж, өмнөд хөршийн нөлөөнд орж байх мэт санагддаг учир тэр сүүлийн үеийн монгол хэлийг будлиулж, залуус битгий хэл төрийн алба нь ухаантай утсаараа үл уншигдах латин үсгээр бичиж байгааг ойлгох ухаан хүрдэггүй.
 
Ард олны эв нэгдэл, өв уламжлалыг хангах үүрэгтэй ерөнхийлөгч босоо бичиг заах нь сайхан харагдах авч тэр журамласан үгийн толь гэгчээ буцаан татвал олны бичиг үсгийн боловсролд бүр буянтай үйл болохсон гэж боддог доо. Би лав энэ толио хараад явна. Шувууны нэршлээс эхэлсэн ч хадуурчлаа, өршөөнө биз ээ. Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Нийтлэл бичсэн: Л.Жаргалсайхан

#Гахууна #амьтдын ертөнц