
 
  
 
Монголд ажил эрхэлж буй насанд хүрсэн иргэд цалингаасаа орлогын татвар гэж 10 хувь, мөн худалдан авалт бүрээсээ дахиж 10 хувийн татвар төлдөг. Үүн дээр нэмээд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, машины даатгал төлдөг. Гэтэл энэ их даатгал татвар дээр нэмэгдээд сахлын татвар гээд аваад эхэлбэл нийгэмд эмх замбараагүй байдал үүснэ биз?
Тэгвэл яг ийм зүйл 18-р зуунд Орост тохиолдсон бөгөөд үүний эсрэг ард иргэд хэрхэн тэмцсэн тухай сонирхоцгооё.
Их Петер хааны сахлын бодлого

17-р зууны эхээр Их Петер хаан Оросыг Европ шиг өнгө үзэмжтэй болгохыг хүссэн бөгөөд үүний үндсэн дээр тэр “сахлын татвар”-ын бодлогоо хэрэгжүүлсэн байна. Уг бодлогын хүрээнд эрчүүд сахлаа заавал хусах ёстой буюу хэрвээ сахлаа авч үлдэхийг хүсвэл улсад татвар төлөх шаардлагатай болно гэсэн үг. Татвар төлсөн иргэд түүнийхээ баталгаа болгож зоосон хэмжээтэй жижиг тэмдэг авдаг бөгөөд сахал шалгагчидтай таарвал тэдэнд тэрхүү тэмдгээ үзүүлэх юм. Юутай ч Их Петер хаан тийм ч хүн чанаргүй хүн байгаагүй бололтой. Тэрбээр энгийн иргэдэд язгууртнуудаас авах татвараас хамаагүй бага хэмжээний татвар ногдуулсан байна.
Петер яагаад гоо сайханд тэгж их анхаарал хандуулсан бэ?

Энэ бүгд түүний 1697 онд Европ руу хийсэн аяллаас эхлэлтэй. Петерт барууны хүмүүсийн өмссөн хувцас, соёл, шинжлэх ухаан, хөлөг онгоцны загвар гээд бүхий л зүйлс таалагдсан гэнэ. Тэр бүр Голландын усан онгоц хийдэг газарт усан онгоц яаж хийх тухай сурахаар ажилласан гээд бод доо. Ингээд л тэр эх нутагтаа хөл тавьсан даруйдаа язгууртнуудын сахлыг хусаж эхэлсэн байна.
Ард иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулав

Сүмийн номлолын дагуу хүний царайнд бурхны дүр оршиж байдаг тул сахал хусна гэдэг нүгэл үйлдэхтэй адилтгагддаг байж. Зарим шашинд хэт итгэгчид өөрсдийн тайрсан сахлыг хадгалан нас барсныхаа дараа авсандаа цуг хийлгэдэг байсан нь үхсэнийхээ дараа бурхантай уулзахдаа үзүүлэхтэй холбоотой гэнэ шүү. Үүнтэй холбоотойгоор ард иргэд дунд Петерийг жинхэнэ хаан биш харин гаднаас Оросыг сүйрүүлүүлэхээр илгээсэн харь этгээд гэсэн яриа тархсан байна. Цуу ярианд итгэсэн иргэд 1705 онд бослого гаргасан бөгөөд харамсалтай нь бослогод оролцсон хүмүүс бүгд цаазын ял сонсжээ.
Сахлын дайны ялагч бол

Хэдийгээр Петерийн явуулсан сахлын бодлого тухайн үедээ ард иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж байсан ч цаг хугацаа өнгөрөхийн аясаар 1750-аад оноос язгууртнууд Европын хэв маягт уусан шингэж барууны хувцаслалт болон сахал хусах нь энгийн хэм хэмжээ болон хувирсан байна.
Эх сурвалж: JSTOR Daily
 
                Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
 
                Та энэ хүслийг биелүүлсэн байна!