COACHELLA 2020: THE HU болон BIGBANG хамтлаг оролцоно


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-01-03

Жил бүр зохион байгуулагддаг хөгжмийн хамгийн том фестивалиудын нэг болох “Coachella” наадам дөрөвдүгээр сарын 10-19-ний хооронд зохион байгуулагдахаар болжээ.

Дэлхийн алдартай уран бүтээлчдийг оролцуулдаг уг наадамд манай улсаас “The Hu” хамтлаг оролцохоор болсон байна. Тэд дөрөвдүгээр сарын 10 ба 17-ны өдрийн жагсаалтад багтжээ. 

The Hu хамтлагийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Чингис Хаан” одонгоор шагнуулсан ба Европын 13 орноор аялан тоглолт хийж, дэлхий дахиныг шуугиулсан билээ. 

Мөн тус наадамд дэлхий даяар хүлээлт үүсгээд байгаа БНСУ-ын алдарт хөвгүүдийн хамтлаг болох BIGBANG оролцохоор болсон байна. Тэд дуу хөгжмийн ертөнцөөс нийт 3 жилийн хугацаанд завсарлага авсны эцэст "Coachella" наадмын тайзан дээр гарахаар болжээ.

BIGBANG хамтлаг нь одоогоор G-Dragon, T.O.P, Taeyang, Daesung гэсэн дөрвөн гишүүнтэй ба тав дахь гишүүн Seungri нь 2019 онд хамтлагаасаа гарсан аж. 

Тус хамтлагийн залуус 2019 онд цэргийн албаа хааж дуусгасан бөгөөд хамтлагийн гишүүн Taeyang “Цэрэгт байхдаа хийж чадаагүй зүйлсээ одоо хийх болно” хэмээн мэдэгдсэн билээ. Мөн YG энтэртайнментийн зүгээс BIGBANG хамтлагийн гэрээ сунгалтын тухай тодорхой мэдээлэл өгөөгүй ч 2020 онд BIGBANG хамтлаг үйл ажиллагаа явуулах нь тодорхой боллоо. 

Дашрамд сонирхуулахад 2019 оны "Coachella" наадамд BIGBANG хамтлагийн "дүү" болох BLACKPINK хамтлаг оролцож байсан билээ. 

Энэ жилийн "Coachella" наадам нь Калифорни мужийн Индио хотод зохион байгуулагдах юм байна.

#Coachella #The HU #Big Bang