Spooky October: Сүнстэй холбоотой болсон явдлууд


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Spooky October цуврал маань үргэлжилсээр. Энэ удаад илүү урт түүхүүдээр эргэн ирлээ. Танд доорх болсон явдлуудтай төстэй зүйл тохиолдож байв уу?

@deleted

Тэр үед би 7-той л байсан байх. Зул сарын баяр болох дөхөж байлаа. Тухайн явдал болохын өмнөх өдөр нь би том өрөөнд кино үзэж байхдаа дэрээ үлдээчихсэн тул дэрээ авахаар очтол өрөөний захад дэгжин хувцасласан залуу эргэн тойрныг гүйлгэж хараад зогсож байсан. Гэхдээ тэр над руу харах нь байтугай тоогоогүй л дээ. Хачирхалтай нь түүний өмссөн хувцасны өнгөнөөс эхлээд толгойноос хөлийн ул хүртэлх бүх зүйл нь саарал өнгөтэй байсан. Өмнө нь хэзээ ч тийм зүйлтэй учирч байгаагүй болохоор дэмий л амаа ангалзуулан түүн рүү харсан чигтээ хөшин зогсож байтал тэр намайг өөрийг нь хараад байгааг сая л анзаарав бололтой энгийн хүн ангайлгаж чадахаас том хэмжээгээр амаа ангайлгаж байгаад хана нэвтлээд яваад өгсөн. Бодвол над руу хашхирч байсан юм шиг байна лээ. Гэхдээ түүнээс ямар ч дуу гараагүй.

@musicman0326

Намайг хүүхэд байхад манайх нэрлэж болох бүхий л далд ертөнцийн зүйлс цугларсан байшинд амьдардаг байсан. Ухаан орсон цагаас минь хойших анхны дурсамжуудын нэг бол тэдгээр юу гэдэг нь үл мэдэгдэх зүйлстэй таарсан явдал. Тэр үед би дөрөв орчим настай байсан санагдана. Нэг өдөр  гэртээ гүйн тоглож байхдаа үүдний хажууд хоёр хүн зогсож байгаа нь нүдэнд сүүтэгнэн тэр зүг рүү бататгахаар хартал, үнэхээр л хоёр хүн над руу цоо ширтээд зогсож байв. Тэдний нэг нь нэлээд өндөр, 1900-ээд оных юм уу гэмээр загварын хувцас өмссөн, дундаж насны эр байсан бол нөгөөх нь 20 арай хүрээгүй ч юм уу эсвэл 20 гараад тийм ч удаагүй байрны төрхтэй, ингээд бодох нь ээ бейсболын гэмээр улаан бэлтгэлийн хувцас өмссөн байсан. Хүү нь намайг тэднийг хараад зогсчихсонд сандарсан аятай хажуудаа байгаа эр лүү хараад “Тэр яагаад бидэн рүү ширтээд байгаа юм бэ?” гэхэд нөгөө эр тайвнаар “Зүгээр ээ. Тэр биднийг харж чадахгүй” гэж хариулсан. Харин үүний дараа юу болсон талаар санадаггүй юм.

@deleted

Өвөө маань архинд толгойгоо мэдүүлсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, бүр эмээг минь хүүхдүүдийнх нь нүдэн дээр алах гэж оролдсон гэдгээс түүнийг ямар муу хүн байсан гэдгийг харж болно. Түүний хийсэн бүхий л муу муухай үйлдлүүдээс хамгийн хохирол багатай байсан зүйл нь эмээг минь бага насны хүүхдүүдтэй нь орхиж явсан явдал байв. Хэдий тийм ч хүүхдүүд нь буюу манай аав болон авга ах, эгч нар насанд хүрээд, бүгд биш ч зарим нь өвөөтэй ойр зуурын холбоотой байдаг байлаа.

Өвөө 80 хүрдэг жилдээ нас барсан. Түүнийг нас барсны маргааш өглөө нь эмнэлгээс авга эгч рүү минь залгаж хэлсэн юм байна лээ. Эгч эмнэлэг дээр очоод буцаж явахдаа энэ мэдээг эмээд дуулгахаар гэрт нь очоод амаа ч нээж амжаагүй байхад эмээ “Өө яасан гунигтай өдөр вэ? Тэр өнгөрсөн шөнө 12 цаг өнгөрөөд  үхчихсэн юм шиг байна” гэж хэлсэн. Эмээ сүүлийн жилүүдэд нас дээр гараад зөнөчихсөн байсан болохоор утга учиргүй зүйл ярих нь тийм ч гайхмаар асуудал байгаагүй. Тиймээс авга эгч үүнд нь тэгж их зүйл бодолгүй хэн нэг өөр хүн л түүнд өвөөгийн тухай хэлж дээ гээд өнгөрөөсөн байгаа юм.

Эгч маань тэр өдөр буцаж эмнэлэг рүү яван өвөөгийн нас барсан цагийг хартал шөнийн 12:10 минутад нас барсан хэмээн бичсэн байсан нь түүнийг гайхширалд оруулан тэр шууд л эмээгийнх рүү явсан гэсэн. Тэгээд эмээгээс яг яаж энэ бүхнийг мэдэж байгаа талаар нь тодруултал эмээ “Тэр над дээр өнгөрсөн шөнө 12:30 болж байхад ирээд бид жаахан ярилцаж суусан юм. Тэр өөрийн хийсэн буруу үйлдэлдээ надаас болон хүүхдүүд та нараас уучлалт гуйхыг хүссэн гэсэн. Миний бодлоор тэр амар амгалангаа олсон байх. Үнэхээр тэгсэн бол ямар сайхан бэ” гэж хэлээд дуу аялан буцаад л эрүүл бус байдал руугаа шилжсэн гэдэг юм байна лээ.

@cycostinkoman

Манай эмээ ээжийг минь тээж байсан үе гэхээр нэлээд олон жилийн өмнөх явдал. Нэг шөнө хоёр цагийн хавьцаа эмээгийн дотны найз нь гэнэт нойрноосоо сэрээд эмээ дээр аль болох хурдан очих хэрэгтэй юм шиг санагдсан гэсэн. Яг л бурхан эсвэл ямар нэгэн далдын хүч түүнийг хурдан явахыг шаардаад ч байгаа юм шиг... Тиймээс тэр эмээ рүү минь залгах ч үгүй шууд гэр лүү нь хамаг хурдаараа машинаа барин явсан. Сонирхуулж хэлэхэд тэдний гэрээс эмээгийнх хүртэл машинаар явахад дунджаар 40 минут байдаг.

Түүнийг ирэхэд эмээ яг төрөх гээд өвдөлт өгөөд тун хэцүүхэн байдалтай байж байсан гэнэ лээ. Өөр бусад нарийн ширийн юмыг санахгүй байгаа ч хамгийн чухал нь ээж маань бараг л үхэх шахсан гэдгийг л санаж байна. Азаар эмээг цагт нь эмнэлэгт хүргэсэн болохоор ээж амьд үлдсэн л дээ.

Гэхдээ бодоод үз дээ? Манай ээжийн амьдрал, миний амьдрал, ах дүү нарын минь амьдрал бас бидний ирээдүйн хүүхдүүд ач зээ нарын амьдрал бүгд эмээгийн минь найзын шөнө мэдрэгдсэн хачин мэдрэмжнээс болоод аврагдсан гээд.

@BuckeyedWolfpack

Өнгөрсөн жил эгчийндээ хонож байхад үнэхээр аймшигтай хар дарсан зүүд зүүдлэгдэн хамаг хөлсөндөө хутгалдсан хүн зүүднээсээ сэрэхэд яг нүүрний минь өмнө хав хар өнгөтэй сүүдэр нүүр лүү тонгойгоод байж байсан. Би яаж ч хөдлөхийг оролдсон бие минь яг л өөр хүний бие болсон мэт надад ер захирагдаагүй. Гэтэл миний нүүрийг ямар нэг зүйл долоож эхэлсэн бөгөөд тэр үед л би биеэ хөдөлгөж чадан хажуу тийш харахад эгчийн минь тэжээвэр нохой байж байсан даа. Хөөрхий нохой намайг зүүдэндээ тарчлан дугарч байгааг сонсоод хүрээд ирсэн юм шиг байгаа юм.

Эх сурвалж: Reddit

#Spooky October #аймшгийн түүх