Хөвгүүдийн үзэх 10-н кино


Сондор | YOLO.MN
2016-03-28

Кино театрт гардаг кино болгон сайн кино гэж боддог хэвээрээ юм биш биз? Тэгвэл маш том эндүүрч байгаа гэдгийг юун түрүүнд хэлье. Цөөн хүн амтай манай улсад кино театрууд бүх киног гаргах боломж байхгүй, учир нь үзэгчид тун хязгаарлагдмал сонирхолтой байдаг юм шүү дээ.

Дээрээс нь кино театрт зөвхөн шинэ кино л гардаг. Хуучны кино гаргавал хүн бас л үзэхгүй. Тэгэхээр кино театрт гардаггүй, хуучин киноны талаар энд дурдагдана. Гэхдээ зарим нь өнгөрсөн онд дөнгөж нээлтээ хийссэн нь ч бий шүү.

Энэ нийтлэлийг уншиж байгаа чамд гэж зөвлөхөд доорх кинонуудыг заавал үзээрэй гэж тулгаагүй бөгөөд харин авах гээхийн ухаанаар хандах нь бас зөв гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

10. Оддын дайн /Star Wars/



Сонгодог гэхээр чи заавал сонгох ёстой гэсэн үг биш л дээ. Гэхдээ маш олон хүн сонгодог учраас л аливаа гайхалтай бүтээлийг сонгодог гэж тодорхойлдог юм. Саяхан "Оддын дайн" киноны долдугаар анги нээлтээ хийсэн.

Бүх насаараа энэ бүтээлийн үнэнч шүтэн бишрэгч байсан үзэгчид ч сэтгэл хангалуун театраас гарч явсан учраас Оддын дайны цувралыг бүтнээр нь үзэхэд харамсахгүй. Харин чи өмнөх ангиудыг нь үзэж байгаагүй, “дээр үеийн” гэж боддог бол ярвайж байгаад ч хамаагүй үзэхийг хичээгэрэй. Харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

 

9. Терминатор /Terminator/

Компьютер графикийн хувьсал болсон бүтээлүүдийн нэг бол яах аргагүй "Терминатор 2" уран сайхны кино. 1991 онд гарсан энэ бүтээл чамд яагаад Жеймс Камерун гэдэг найруулагчийн бүтээл ийм өндөр амжилтад хүрдэг болохыг ойлгуулах биз ээ.

"Юрийн галавын цэцэрлэг", "E.T" зэрэг бүтээлүүдээрээ алдартай Стивен Спилбергээс ч илүү технологийн дэвшлийг уран бүтээлдээ шингээж чаддаг учраас уран зөгнөлт бус Титаник кино нь хүртэл гайхалтай өндөр амжилтад хүрч байсан юм.

Дээрээс нь хүн болон роботуудын харилцан хамаарал хийгээд, ирээдүйд юу болж болох болон юу болохгүй байх талаар өөрийн дүгнэлтийг хийж чаддаг болно гэдэгт итгэж байна.

 

8. Харри Поттер /Harry Potter/

Магадгүй чи хамгийн анхны "Харри Поттер" дэлгэцнээ гарч байхад үзэж байгаагүй байх. Хоёр гуравдугаар ангиас нь эхлээд үздэг болсон ч байж магад, үгүй ч байж магад. Хуучны гэж боддог, дэмий гэж сэтгэдэг бол энэ киног үзэхийг чамаас бүр шаардаж байна.

Яагаад чиний өмнөх үеийнхэн сонирхдог юм бол? Энэ кинонд зөвхөн илбэ шид, нисдэг морь, галт луунаас өөр олон зүйлс гардаг юм шүү. Анд нөхөрлөл гэдэг ямар чухал болох, гэр бүл гэж хүнд ямар нандин зүйл болохыг бүгдийг харуулна.

 

7. Харанхуйн баатар /Кристофер Ноланы гурамсан цуврал Batman/

Энэ тохиолдолд би чамд 2005-2012 оны хооронд гурван цуврал гарсан найруулагч Кристофер Ноланы Бетменийг санал болгож байна. Кино гэдэг бүтээл амилах гол шалтгаан нь зөвхөн жүжигчин биш учраас би энэ жагсаалтын турш жүжигчдийг биш найруулагчдыг голлон дурдахаар шийдсэн юм.

Ах дүү Нолан гэж кино урлагт амьдралаа зориулсан хоёр эрхэм бий. Тэдний хамтран бүтээсэн "Харанхуйн баатар" цувралыг үзээд магад чамд Мементо, Интерстеллар зэрэг бусад бүтээлийг нь үзэх хүсэл төрж болохыг үгүйсгэхгүй. Ер нь кино үзэхдээ найруулагчийг нь дагаж сонголт хийхэд нэг их буруутахгүй шүү. Кино зөвхөн хөгжөөгөөд зогсохгүй чамд шинжлэх ухааны мэдлэг, амьдралын үзэл төлөвшүүлэхэд хэрэгтэй учир тун няхуур хандах хэрэгтэй.

 

6. Сүнсээр туугдагсад /Spirited Away/

Хаяао Мияазаки гэдэг нэрийг чи сонссон л биз дээ. Төрөл бүрийн Аниме үзэж өссөн чамд магадгүй энэ нэр дэндүү танил байж болох юм. Зүгээр л Мияазакигийн бүтээлд маш олон хүн дуртай байдаг гэдгийг л хэлэх гээд...

 

5. Гладиатор /Gladiator/

Максимус Децимус Меридиус. Жинхэнэ эзэн хаан Маркус Аурелиусын үнэнч албат, Генерал Феликс Легионы Умардын армийн удирдагч,  алагдсан хүүгийн эцэг, хөнөөгдсөн эхнэрийн нөхөр. Би өшөөгөө заавал авна, энэ насандаа эсвэл хойт насандаа... Жүжигчин Рассел Кроун бүтээсэн гайхалтай дүрүүдийн нэг. Найруулагч Риддли Скоттын бүтээл.

 

4. Ноён Хэн ч биш /Mr Nobody/

Тэр энэ хорвоогийн хамгийн сүүлийн үхэлтэй учрах нэгэн. Амьдралд бидний гаргасан сонголт бүр өөр нэгэн үр дагаварт хүргэдэг болохыг харуулсан тийм нэг бүтээл. Бельгийн найруулагч Жако Ван Дормалийн хамгийн гайхалтай кино гэвэл энэ л байна. Хүний амьдрал гэдэг сонголтоос хамаарч байдаг гэдгийг тун сонирхолтойгоор харуулжээ.

 

3. 2001: Сансрын Одиссей /A Space Odyssey/

Сансар огторгуйн тухай, физикийн шинжлэх ухаан, хувьслын онол гээд энэ кинонд өгүүлээгүй орхисон зүйл цөөхөн биз. Ялангуяа робот, хиймэл оюун ухаан гэдэг ямар үр дагаварт хүргэж болохыг бас л өөр өнцгөөс нь харуулсан. 1968 онд дэлгэцнээ гарсан хэдий ч киноны хөгжим, зураг авалт, өгүүлэмж нь дэндүү сонирхолтой.

 

2. Сайн Вилл Хантинг /Good Will Hunting/

Киноны нэр нь хоёрдмол утгатай. Хэдийгээр шууд утгаараа Вилл Хантинг бол сайн хүн гэсэн санааг илэрхийлэх боловч “Сайхан хүслийн төлөө” гэж орчуулж болох юм. 20 настай гоц ухаантан залуу. Гэвч амьдрал түүнийг аймшигтай адайр ааштай болгожээ.

Түүний сэтгэлд хүрч, бусадтай хэвийн харилцдаг болгохын тулд доктор Шонн сонирхолтой аргуудыг ашиглана. Вилл Хантинг сайн залуу болж чадах болов уу?

 

1. Эхлэл /Inception/

Толгой гашилгана гэдгийг жинхэнэ утгаар нь хийдэг кино бол Inception. Мөн л найруулагч Кристофер Ноланы бүтээл. Зүүдний ертөнцөд цаашилсаар, цаашилсаар наашилсан эсэх нь ч тодорхойгүй дуусдаг тийм кино.

Энэ киног ойлгож байвал ер нь чиний кино ойлгох чадвар, үнэлэх үнэлэмж өндөр боллоо гэж үзэхэд буруутахгүй. Ямар академийн шүүгчдийн бүрэлдэхүүн орох гэж байгаа биш киног таашааж, утгыг нь ойлгож үзэж байгаарай.
 

Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд энэ дэлхий дээр зөвхөн хүн гэдэг амьтан л бусдын аж амьдрал, замналыг харуулсан зүйлийг үзэж цагаа нөхцөөдөг ажээ. Кинонд дуртай байж болно, кино чиний хувьд амьдрал ч байж магадгүй. Тэгвэл сайн муу киног ялгаж салгаж үздэг болоорой. Тэгж байж л цагаа хий дэмий үрэхгүй шүү дээ.

#Кино #Movie #Сонирхол #Hobby #ЧөлөөтЦаг #Freetime