Дэлхий даяар хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын хамрагдуулалтыг 80 хувьд хүргэвэл, 2100 он гэхэд умайн хүзүүний хавдаргүй болж 5–6 сая эмэгтэйг аврах боломжтой гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргажээ.
Монголд Улсад 2023 онд 465 хүн умайн хүзүүний хорт хавдраар шинээр өвчилж, тэдний 165 нь тухайн жилдээ нас баржээ. Энэ нь долоо хоног бүр ойролцоогоор 3-4 эмэгтэй амь насаа алдаж байна гэсэн үг.
Умайн хүзүүний хорт хавдар нь монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилох хорт хавдрын хоёрдугаарт бичигддэг. 15-44 насны эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл хорт хавдар бөгөөд амьдралын идэвхтэй, хөдөлмөрийн насанд байгаа олон эмэгтэйчүүдийг хамарч буй. Мөн эмэгтэйчүүдийн нас баралтын шалтгаанаар гуравдугаарт орж байна.
Дэлхийд хорт хавдраас хамгаалдаг хоёр л вакцин байдгийн нэг нь хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин /нөгөөх нь элэгний хавдар үүсгэдэг B гепатит вирусийн эсрэг вакцин/ юм. Бид хүний папиллома вирусийн (HPV)-ийн халдварын эсрэг вакцины талаар болон хэдэн наснаас уг товлолт вакциныг хийлгэх боломжтой талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.
- Дэлхий дахинаа хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хэзээнээс үйлдвэрлэн, нэвтрүүлсэн болон манай улсад уг дархлаажуулалт ямар шатандаа яваа талаар яриагаа эхэлье.
- Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг дэлхийн дахинд 20 гаруй жилийн өмнөөс үйлдвэрлэн хэрэглээнд гаргаж эхэлснээс хойш улс орнууд товлолт дархлаажуулалтдаа багтаах болсон. Манай улсын хувьд энэ вакциныг 2012 онд анх удаа зорилтот бүлгийн хүүхдүүдэд хийх дархлаажуулалтад багтаан хэрэглэж байсан ба түүнээс хойш бодлого, эрх зүйн зохицуулалтыг хийсний үндсэн дээр 2024 оноос эхлэн Монгол Улсад үндэсний товлолт дархлаажуулалтын нэг болж 11 настай хүүхдүүдийг дархлаажуулах үйл ажиллагаа эхэлсэн.
Уг вакциныг нэвтрүүлэх ажлын хүрээнд манай улсад маш олон төрлийн судалгаа, шинжилгээ, нотолгоонуудыг бүрдүүлж ажиллах ажлын хэсэг байгуулагдаж, бодлогын зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж байсан. Тэдгээрээс дурдвал, энэ вакциныг нэвтрүүлэхэд зардал үр ашгийн судалгаа буюу хүүхдийг 11 настайд нь уг вакциныг хийснээр ирээдүйд ямар үр дүн гарах болон түүнийг нь мөнгөн дүнгээр тооцвол хувь хүн болоод улсад ямар хэмжээний зардлын үр ашигтай байдал бий болж болохыг вакцин нэвтрүүлсний дараах үеийн болон түүнээс өмнөх үеийг харьцуулан судалдаг. Энэхүү судалгааг олон улсын байгууллагууд болон дэлхийн эрдэмтэн судлаачидтай хамтран хийсэн. Судалгааны үр дүнгээс дурдвал, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хийснээр хувь хүн болон эрүүл мэндийн салбарт түүн дотроо зардал үр ашгийн судалгааг хийхэд, өвдөөд эмчлэгдэх зардлаас хэд дахин бага байгааг тодорхойлсон.
Мөн Монгол Улсад уг вакциныг ямар насанд нь хийх нь үр дүнтэй вэ гэдгийг хүртэл олон улсын судалгаануудтай уялдуулж судлан тодорхойлж, олон талын мэргэжлийн салбар холбоодтой хэлэлцсэн. Тиймээс дархлаажуулалтад нэвтрүүлэхдээ Засгийн газрын тогтоол, дархлаажуулалтын тухай хуулиудад оруулж Монгол Улсын хэмжээнд 11 настай хүүхдүүдэд үндэсний товлолт дархлаажуулалтад багтаан нэвтрүүлж, үйл ажиллагааг өргөжүүлсээр байна.
2024 онд нийт 70 мянга гаруй 11 настай хүүхдүүдийн 30 орчим хувь нь хамрагдаж чадсан. Мөн нөхөн дархлаажуулалт зохицуулалт буюу товлолтод хийлгээгүй, ямар нэгэн шалтгаанаар хоцорсон бол нөхөж дархлаажуулдаг. Энэ зохицуулалтын хүрээнд өмнөх дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хүүхдүүдээ нөхөн дархлаажуулах, мөн товлолт буюу энэ жил 11 нас хүрсэн хүүхдүүдээ дархлаажуулах ажлыг энэ онд /2025/ хийж байна. Бид уг дархлаажуулалтыг зорилтот бүлгийн 95 хувьд хүргэхээр зорьж буй ч хараахан түүндээ хүрээгүй байна. Тийм учраас дархлаажуулалтыг бусад олон улсад хийж байгаа жишгээр буюу сургуульд түшиглэж богино хугацаанд, үр дүнтэй зохион байгуулах ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг сургуульд суурилсан дархлаажуулалтын хэлбэрээр хийж буй.
- Заавал 11 нас гэж онцолдог шалтгаан нь юу байдаг вэ?
- Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг дэлхийн дахинаа нэвтрүүлж, хэрэглэхдээ хүүхдийн 9 наснаас нь хийж болдог заавартай. Мөн улс орнууд өөрсдийн хүн амын дундах энэхүү өвчлөлийн дарамт, судалгаа, нотолгоо ба дийлэнх улс орнууд сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг хийж ямар наснаас эхлэн бэлгийн харилцаанд орох эрсдэлтэй зэргийг тодорхойлсон байдаг. Үүний дагуу Монгол Улсад хүүхдийг 11 настай буюу 5,6 дугаар ангид нь дархлаажуулбал тохиромжтой нас гэдгийг тодорхойлсон. Уг вакциныг нэвтрүүлээд буй дэлхийн 150 гаруй улс орнуудын талаас илүү нь буюу 60-70 хувь нь мөн л 11-12 настайд нь хийдэг. Ер нь энэ нас бол дархлаажуулах хөтөлбөр талаасаа ч, вакцины зааврыг баримтлаад хийхэд ч хамгийн тохиромжтой нас гэж үзсэн.
- Уг вакцины сөрөг нөлөө бий юу? Зарим эцэг эх энэхүү вакциныг эсэргүүцэх хандлага ажиглагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
- Вакцин хийлгэсний дараа илэрдэг хариу урвалууд гэж бий. Энэ нь зөвхөн хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин бус бусад төрлийн вакцин хийлгэхэд ч илэрч болдог, илрэхгүй ч байж болно. Вакцины дараа ямар хариу урвал илрэхийг вакцин үйлдвэрлэгчээс дагалдаж ирсэн бичиг баримт бүхий заавар дээр дэлгэрэнгүй дурдсан байдаг. Гэхдээ хүн бүр харилцан адилгүй бие организмын онцлогтой байдаг учраас хариу урвал илрэхгүй ч байж болдог. Дийлэнхдээ илэрдэг хариу урвалууд нь халуурах, тарьсан хэсэгт өвдөж, хавддаг ба энэхүү шинж тэмдэг нь ямар нэгэн эмчилгээ шаардагдахгүйгээр 2-3 хоногт өөрөө арилдаг. Өөрөөр хэлбэл, хүний биед өвөрмөц сэргийлэлт буюу тухайн өвчний эсрэг өвөрмөцөөр дархлааг бий болгож буй хариу урвал. Биеийн дархлааны тогтолцоо ажиллаж байна л гэсэн үг.
Харин зарим тохиолдолд давхцаж илэрч болдог. Тухайлбал, тухайн хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийхэд илрээгүй, эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаан байж байгаад, вакцин хийхтэй зэрэгцэж илрэх тохиолдол байдаг. Энэ тохиолдлыг заримдаа вакцин хийсэнтэй холбож үзэх эрсдэлүүд гардаг. Тухайн хүүхэд вакцин хийхэд эрүүл, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байвал вакцин хийдэг зохицуулалттай учраас вакцин хийхийн өмнө эмчийн үзлэг хийдэг. Өсвөр насны хүүхдүүд учраас зарим тохиолдолд зүү тарианаас айж, эмээснээс үүдсэн хариу урвал гарах тохиолдол бий. Тиймээс эмч мэргэжилтнүүд хүүхдүүдэд мэдээлэл өгч, тайлбарлаж хийдэг. Энэ мэт хариу урвалууд байдаг ч вакцинаас үүдэлтэй гаж нөлөө дэлхий дахинаа одоогоор бүртгэгдээгүй байна.
Аливаа шинэ технологи, вакциныг нэвтрүүлэхэд иргэд маань тухайн асуудлыг хариуцсан мэргэжлийн төв байгууллагууд болон салбар яамдаас нь мэдээлэл авах нь зөв юм. Эс бөгөөс мэдээлэл дутмагаасаа болж нотолгоонд суурилаагүй, ам дамжсан яриаг сошиал орчинд түгээх, түүнд итгэх хандлага ажиглагддаг. Гэтэл угтаа баталгаат, үнэн зөв мэдээллийг дээр дурдсан эх сурвалжуудаас авах бүрэн боломж бий. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн салбар, эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтнүүдээс сайн асууж тодруулж, үнэн зөв мэдээлэл авсны үндсэн дээр хүүхдэдээ вакцин хийлгэх нь зөв шийдэл. Иргэдийн дунд үүсээд буй ташаа мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй, эмч биш, эрүүл мэндийн салбарт ажилладаггүй иргэд өөрсдийн үзэл бодлыг сошиал хуудсаараа дамжуулан бусдад түгээдэг нь бусдад эргэлзээ төрүүлэх эрсдэлийг бий болгодог. Гэхдээ вакциныг нэвтрүүлснээс хойш 80 мянга гаруй хүүхэд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциндаа хамрагдсан нь маш өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч бидний зорилт болгож буй 11 настай хүүхдүүд маань цаг хугацаандаа хамрагдах нь энэхүү халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдээ 11 нас хүрэх үед нь сургууль дээр нь хийгдэх товлолт вакцинд нь хамруулах, магадгүй ямар нэгэн шалтгаанаас үүдэн хоцорсон тохиолдолд бусад товлолт дархлаажуулалтын адил өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төв дээр хийлгэж болно.
- Хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцинаасаа 11 настай хүүхэд хоцорсон тохиолдолд дараа нь нөхөн хийлгэж болдог гэлээ. Тэгвэл хэдэн нас хүртлээ нөхөн хийлгэх боломжтой байдаг вэ?
- Хэрэв ямар нэгэн шалтгаанаар хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциндаа хамрагдаж чадаагүй, хоцорсон тохиолдолд тухайн хүүхэд 14 нас хүртлээ өмнө нь дурдсанчлан өрхийн эрүүл мэндийн төв дээрээ нөхөн дархлаажуулалтад хамрагдаж болдог. Өөрөөр хэлбэл 11,12,13,14 настай хүүхдүүд үнэ төлбөргүйгээр уг товлолт вакциндаа хамрагдаж болно. Харин 15 болон түүнээс дээш насныхан сайн дурын дархлаажуулалтад хамрагдах буюу иргэн өөрөө төлбөрөө төлж ХӨСҮТ болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хийлгэх боломжтой.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!