АНУ гэх мэт өндөр хөгжилтэй орнууд гадаад оюутнууд хүлээн авахдаа улаанбурханы эсрэг вакциныг заавал хийлгэсэн байхыг шаарддаг


Б. Чимэг | YOLO.MN
УРЖИГДАР

СХД-ийн Хүүхэд залуучуудын театрт Хүний папиллома вирусийн талаар мэдээлэл өгөх өдөр болов.

Тус дүүргийн ЕБС-ийн сурагчид өдөрлөгт оролцлоо. Тэд Chiki, Nartai, Cherry Bomb гэх мэт өсвөр насныхны дунд од болсон уран бүтээлчидтэйгээ уулзав.Мөн өөрт болон ах эгч, дүү нарынхаа эрүүл мэндэд хэрэгтэй мэдээллийг ч авсан юм.

Хүний папиллома вирус ямар эрсдэлтэй, хэрхэн дамждаг, эрэгтэй эмэгтэй хүмүүст ямар хорт хавдар үүсгэдэг талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма тэдэнд танилцуулав.

Тэрээр илтгэлдээ вакцин 154 сая хүнийг амиа алдахаас сэргийлсэн гэв. Улс орнууд 1974 оноос хүн амаа дархлаажуулж эхэлжээ. Вакцины ачаар олон оронд халдварт саа гэх мэт хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгодог өвчнүүд түүх болон үлджээ.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд хангалттай төсөв зарцуулдаггүй, халдварт өвчнүүдтэй байнга тэмцдэггүй, цөөн улсад л халдварт саа өвчнийг бүртгэж байна. Халдварт өвчнөөр хүн бүр өвдөх эрсдэлтэй, олон нийтийг хамрах аюултай байдаг тул Засгийн газрууд энэ төрлийн өвчинд ихээхэн анхаарч, иргэдээ үнэ төлбөргүй дархлаажуулсаар байна.Үүний үр дүнд бохир гарын шар гэх мэт олно хүүхдийг өвчлүүлдэг өвчнүүд манай улсад бүртгэгдэхгүй болжээ.

АНУ гэх мэт өндөр хөгжилтэй орнууд гадаад оюутнууд хүлээн авахдаа улаанбурханы эсрэг вакциныг заавал хийлгэсэн байхыг шаарддаг байна. Энэ нь иргэдээ халдварт өвчнөөс хамгаалж буй бодлого юм.

ВАКЦИН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ, БИДНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛДАГ

Эрдэмтэд вакцин нээхээс өмнө дэлхийн нийт хүн ам 3.9 тэрбум болжээ. харин хүн төрөлхтний түүхийн сод бүтээл болох вакцин нээн илрүүлснээр одоо дэлхий дээр 8 тэрбум хүн амьдарч байна.

О.Дашпагма эмч томуугийн вирус биднийг ханиадтай болгодог бол хүний папиллома, элэгний В, С вирус нь аминд ч халтайг анхааруулав. Иймд эдгээр вирусээс хамгаалж, товлолт вакциндаа тухай бүрд нь хамрагдаж байхыг уриалав.

Манай улсад 13 төрлийн, түгээмэл халдварт өвчнөөс хүүхдүүдийг хамгаалж, дөнгөж төрөхөд нь эхний вакциныг хийдэг. 15 насандаа хүүхэд хамгийн сүүлийн, товлолт вакцинаа хийлгэж байна. Мөн 11-14 насандаа хүний папиллома вирусийн эсрэг вакцины нэг тунг сургуульдаа эсвэл өрхийн эмнэлэгтээ хийлгэнэ.

Монгол энэ вакциныг хүүхдүүдэдээ тарьж эхэлсэн 147 дахь улс болжээ. Биднээс урьтаж 146 улс хүүхдүүдээ зургаан төрлийн хорт хавдраас хамгаалж, энэ вакциныг амжилттай нэвтрүүлсэн байна. Энэ жишгээр манай улс 11 наснаас нь эхлэн хүний папиллома вирусийн эсрэг вакциныг нэвтрүүллээ.

Хүүхдүүд сургууль дээрээ байхад нь өрхийн эмнэлгийн очиж, вакциныг хийн, тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойртуулжээ.

Энэ вакциныг хийлгэсний дараа 2-3 хоногт хүйтэн зүйл уухгүй байх, даарахгүй байх, тариулсан газарт цохихгүй байхыг эмч нар зөвлөв. Мөн ээж аавууд, эмээ өвөө нарт хандан "Хүүхэд эрүүл байхад вакцинаар яах вэ" гэж бодон,товлолт буюу цаг заасан вакцинд хүүхдийг хамруулахгүй байх нь харин ч эрсдэлтэй, энэ бол ташаа ойлголт гэсэн юм. Учир нь бидний нүдэнд харагддаггүй 500 орчим нян, вирус байдаг аж.

Эцэст нь ЭСЯ, ХӨСҮТ, ХСҮТ, ДЭМБ гэх мэт албан эх сурвалжаас л эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө авч байхыг өдөрлөгт ирсэн иргэдэд зөвлөв.

Гэрэл зургийг Т.Бархас

#өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт