ЗАХИДАЛ: Хоёрдугаар сарын захидлын хариу №4


ССҮТөв | YOLO.MN
2021-02-26

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: 14 настайгаасаа хойш хэтэрхий их зүйлд санаа зовдог болсон

Сайн байна уу? Би 15 настай, 9-р ангийн сурагч. Би 14 настайгаасаа хойш хэтэрхий их зүйлд санаа зовдог болсон. Эмх замбараагүй дэлхий ертөнц сөнөөд, дараа нь юу болох талаар их боддог. Аймар санагддаг. Бурхан яагаад сайн санаатай хүмүүсийг бүтээгээгүй юм бол? Гэхдээ нэг алдартай эрдэмтэн бурхан байдаггүй гэж хэлсэн л дээ. Үнэхээр бурхан байхгүй бол сайн, мууг хэн ялгах юм бэ? Би өөрөө ч ойлгохгүй юм. Толгойд олон бодол орж ирж байна.

Өөрийгөө толинд харахаар хачин царай муутай, дэндүү туранхай. Хүмүүс намайг хараад юу гэж бодох бол? Би өөрийгөө бусадтай харьцуулахаа больж огт чадахгүй байна. Уг нь бол өөртөө итгэлтэй болох талаар боддог.

Би ер нь байнга төр засгийн талаар санаа зовдог. Хүмүүс яаж гаднах төрхөө тэгж нууж чаддаг юм бол? Бурхан яагаад хүнийг бүтээсэн юм бэ? Хүн болгонд санаа зовдог ч намайг тоохгүй. Сэтгэл зүсдэг. Би яаж зөвхөн өөрийгөө бодож амьдрах юм? Эсвэл муухай сэтгэлтэй бол гээд байгаа юм уу? Би одооноос өөрийгөө л бодсон хүн болж амьдрахгүй бол өөр арга алга. Намайг их үглэдэг, яршигтай л гэх юм. Би тэгээд яах юм? Бас би яаж тэнэг уйланхай байхаа болих вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Бүхий л зүйлийг ганц хүн зохицуулж чадахгүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Бурханд итгэх, итгэхгүй нь хувь хүний итгэл үнэмшил бөгөөд сонголт юм. Хорвоо ертөнцийн бүхий л зүй тогтол, экологийн систем, хүмүүс хоорондын харилцаа гэх мэт өргөн ойлголтын үйл явцыг дан ганц нэг хүн зохицуулж чадахгүй ээ. Өөрийн хүчнээс давсан зүйлийг бодох гэхээсээ илүүтэй би өөрийнхөө чадлын хүрээнд юу хийж чадах вэ гэж бодлоо хумьж, өөрт ирэх ачааллаа багасгаарай. Үүгээр өөрийн чинь бодлын хязгаарыг хязгаарлах гэж оролдоогүй юм шүү. Үүнийг ойлгоорой.

Бусад руу чиглэх бодлоо багасгаад өөр лүүгээ илүү төвлөрөөрэй. Нийгэм олон бүлгийн харилцаанаас бий болдог. Энэ том харилцааны талбарт сайн, муу хүмүүс их. Чи олон төрлийн хүмүүстэй учирч болно. Хүмүүстэй тааралдах, учрах үйл явц чамаас бүрэн хамаарах боломжгүй. Харин тааралдсан хүмүүсээс хэнтэй дотно танилцаж нөхөрлөх эсвэл хэнээс зайгаа барихаа чи өөрөө шийдэх боломжтой.

Мөн хүн бүр нэг л дүртэй байх боломжтой юу? Гэртээ байх би нэг өөр. Сургуульд байх би нэг өөр. Найзуудтайгаа байх би нэг өөр. Хүн нийгмийн ямар хэсэгт байгаагаас шалтгаалж тухайн орчинтойгоо зохицож байдаг. Гэхдээ гэртээ байхдаа л зөвхөн уурлаад, гадуур хүмүүстэй харилцахдаа л инээгээд байна гэсэн үг биш юм шүү. Өөр лүүгээ биш хэт гадагшаа, бусад руу чиглэсэн зүйл бодоод, тэднийг хэрхэн засах вэ гэсэн бодлоор өөрийгөө дүүргээд байвал чиний бодол тайван цэгцтэй болохгүй болов уу. Асуудлыг бусдаас биш өөрөөсөө хайгаад үзээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Аавын маань муу зуршил засарсан ч миний АЙДАС хэвээрээ

Сайн байна уу? Би 20 настай, эмэгтэй оюутан. Энэ миний бичиж байгаа гурав дахь захидал. Миний захидал бичих болсон шалтгаан бол АЙДАС. Аав маань амралтын, тэмдэглэлт өдрүүдэд, найзуудтайгаа гарах болгондоо согтуу ирдэг. Миний айдсын гол үндэс бол тэр. Ирээд чанга чанга орилоод, согтуугаар машинаа барих гэж зүүдэлдэг. Хэрвээ явуулчихвал явууллаа гэж уурлана. Явуулахгүй гэвэл явна гээд түлхүүрээ нэхэж хамаг байдгаараа л цухалдана.

Энэ байдал намайг төрөхөд л байсан. Жаахан байхад минь бараг өдөр болгон л ажлаасаа согтуу ирдэг байлаа. Сүүлийн 10-аад жил муу зуршил нь сард хэдхэн удаа болж цөөрсөн. Аав намайг хүүхэд байхад ээжид минь уураа гаргаж, заримдаа нүүр лүү нь яг л эрэгтэй хүн цохиж байгаа юм шиг цохидог байсан. Ихэвчлэн орилж, уйлж намайг айлгадаг. Аавын минь муу зуршил багассан ч гэсэн миний айдас яг л хүүхэд байсан шигээ хэвээрээ. Түүнийг согтуу ирж байгааг мэдэнгүүтээ л хаа нэг тийшээ явчихмаар, хэн ч байхгүй, олохгүй газар нуугдмаар санагдаж, айж, сандарч эхэлдэг. Одоо аав ээжид гар хүрэхээ, гарт тааралдсанаа авч шийдэхээ, унтахгүй гэж зөрүүдлэхээ, архи нэхэж уурлахаа больсон ч гэртээ ганцаараа байдаг юм шиг эрж хайж, дуудаж орилох нь хэвээрээ. Би чанга дуунаас айдаг. Хаалга чанга хаах, орилох, юм унагаах, нураах гээд хэвийнээс чанга дуу чимээ сонсохоороо айж чичирдэг.

Хамгийн гол асуудал бол АЙДАС. Энэ л намайг хамгийн тухгүй болгодог. Би нэг газраа тайван ч сууж чадахаа больчихдог, шөнө нь хар дарж зүүдэлдэг. Энэ байдлаасаа амархан гарч чаддаггүй. Аавыг согтуу ирэхээр маргааш нь болтол айдастай байдаг. Тэр гурван өдрийн өмнө согтуу ирсэн. Түүнээс хойш гурван шөнө би хар дарж зүүдэлж байна. Аав маань согтуу биш ч гэсэн хар дарж зүүдэлсээр байгаа болохоор шөнө унтахаасаа айдаг боллоо.

Диваажинд л амар тайван байх юм шиг... Яаж би энэ бүх айдсаас салах вэ? Яаж хар дарсан зүүд зүүдлэхээ болих вэ? Би юу хийх ёстой вэ? Намайг амиа хорлох бодлоос минь салгаж өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрт буй гомдлоо илэрхийлэхийг хичээгээрэй

Өдрийн мэнд. Өнгөрсөнд болсон таатай болон таагүй дурсамжууд маань бидний одоо цагт нөлөөлөхөөс гадна ирээдүйд ч нөлөөлсөөр байдаг. Бага насандаа харсан, мэдэрсэн таагүй үйл явдлууд өөрт чинь одоо хүртэл нөлөөлсөөр байдаг гэсэн үг. Мэдээж хүчирхийллийг харсан хүн яаж тайван байх билээ? Аюулгүй байх хэрэгцээгээ бид асран хамгаалагчаасаа мэдэрч өсдөг. Эцэг эхийн үйлдэл хүүхдэд ямар хүчтэй нөлөөлдөг болохыг тэд ойлгодог байгаасай. Архины хамаарлаас үүдэлтэй хүчирхийллээс болж гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэлийн түгшүүртэй байдалд байдаг гэсэн судалгаа бий. Хүчирхийллээс үүдэлтэй түгшүүр болон зовлонг олон хүүхэд мэдэрч өсөж байна.

Хүчирхийлэлтэй орчинд өсөж байгаа нь өөрийн чинь буруу биш гэдгийг ойлгоорой. Таныг архи уугаад ирэх үед байнга айж түгшүүрлэдэг, хар дарж зүүдэлдэг гэх мэт өөрт байгаа гомдлоо аавдаа хэлэхийг хичээгээрэй. Би айгаад байна, танаас болж би хар дардаг болсон гэх мэт бодлуудаа аавдаа хэлсэн ч магадгүй тэр хүчирхийллийнхээ үйлдлийг цаашид ч зогсоохгүй байж болно. Учир нь архины хамааралтай болсон хүн өөрийнхөө үйлдлийг хянаж чаддаггүй бөгөөд өөрчлөгдөхөд хэцүү.

Хүчирхийлэл гэдэг нь бие махбодын өвдөлтөөс гадна сэтгэл санаатай асар их холбогддог. Архины таагүй үнэрийг үнэртэх төдийд хүүхдүүдийн хувьд энэ нь хүчирхийлэл болж байдаг. Өөрийн айдсаа сэдрээхгүй байя гэвэл айдсыг чинь сэдрээж байгаа зүйлээс хол байх нь үр дүнтэй. Гэвч эцэг эхээсээ тусдаа гарах боломж өөрт чинь бий юу? Энэ үед яах аргагүй өөрийн чинь сэтгэлийн хат чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ бүхэн үүрд үргэлжлэхгүй бөгөөд би тусдаа гарч, бие дааж амьдарна гэх мэт бодлууд өөртөө бий болгоорой. Чамайг айлгаад байгаа орчноос хол байхыг хичээгээрэй гэдэг нь өөрийнхөө мэдрэмжийг өөртөө дотроо нуугаад бай гэсэн үг биш юм шүү. Чамайг ойлгож сонсож чадах хүмүүст өөрийнхөө нөхцөл байдлыг хэлээрэй. Урт хугацааны турш ийм байдалтай явсан тул нэг удаагийн захидлаар өөрт чинь тусламж үзүүлж чадахгүй тул мэргэжлийн сэтгэл зүйч дээр цаг авахыг санал болгож байна.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Өөрийгөө үзэн ядаж байна

Сайн байна уу? Би 13 настай, 8-р ангийн сурагч охин. Би үргэлж л өөртөө дургүй хүрээд байдаг болчихлоо. Юм хийх болгондоо хэтэрхий удаад, бусдыг бухимдуулж, яаж ч хичээсэн зорьсондоо хүрэхгүй юм шиг санагдаад, юу ч хийсэн эцсийг нь үзэж чадалгүй хаячхаад, ангийнхаа хүүхдүүдтэй байнга л тааруу харилцаатай. Хичээл сурлагын тал дээр ч гэсэн яаж ч хичээгээд өөдөлж өгөхгүй. Тэгэх тусам нь уур хүрч өөрийгөө үзэн ядаад бас дээр нь шантраад байна.

Зарим үедээ өөрийгөө дэлхийн төв мэт бодоод, бүх хүн намайг муулж байгаа мэт санагдаад, өөрийгөө бусадтай харьцуулж “тэр ийм гоё биетэй байхад би яагаад ийм байдаг байна”, “тэр тийм амжилттай, бусдад магтуулаад, чадварлаг байж чадаад байхад би яагаад ингээд байгаа юм бэ” гэх мэт бодлууд сүүлийн үед толгойноос гарахаа болилоо. Би яаг яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хүн цаг тутамд шилдэг, мундаг байх албагүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өсвөр насны хүүхдүүдээс би хэрхэн амжилттай байх вэ? Бусдаас илүү байж чадахгүй байна, одоо яах вэ? Хичээсэн ч нэг л болж өгөхгүй байна, одоо яах вэ? Өөрийгөө яаж бусдад харуулах вэ гэх мэт нийгэмд өөрийгөө таниулахыг, харуулахыг хүссэн захиа их ирдэг. Мэдээж нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай байхыг хүсэх нь хэвийн зүйл. Гэвч нийгмээс ирэх хүлээлт биднийг бусдаас илүү бай, амжилттай бай, бусад хүмүүсийг манлайл гэж хүсдэг. Энэ нь эерэг зүйл боловч ихэнхдээ бидэнд дарамт болж байдаг. Хүн цаг тутамд шилдэг, мундаг байх албагүй бөгөөд байх ч боломжгүй.

Бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ чухал хэдий ч өөртөө зөөлөн хандахаа битгий мартаарай. Жишээ нь хичээлдээ сайн төвлөрч чадахгүй байгаа бол өөртөө таван минутын амралт өгч байх. Шантарсан, сэтгэл санаа таагүй, гунигтай болдог энэ үед мэдэрч байгаа мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэхээр сэтгэл санаа бэлэн биш байхад хүчээр өөдрөг байх арга олох гэж яарах хэрэггүй. Хасах хасахын нэмэх гэдэгтэй яг ижил. Таагүй мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх нь эерэг сэтгэл хөдлөл бий болох суурь болдог. Тиймээс өөртөө зөөлөн хандаж өөрийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрөөд дараагийн хийх алхмаа бодоорой. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Жишиг даалгавар хийх тусам оноо буурч байна

Сайн байна уу? Би 19 настай, 1-р курс. Миний чин хүсэл бол Солонгос улсад суралцах. Тийм ч учраас би гурван жилийн туршид солонгос хэл судалж байна. Шийдсэн хүний хувьд гэхэд хэтэрхий бага хугацааны турш сурч байгаа гэдгээ мэдэх боловч үр дүндээ гүнзгий түвшний мэдлэгтэй гэдгээрээ бахархдаг юм. Солонгос явахын тулд хамгийн эхэнд түвшин тогтоох шалгалт чухал. Харамсалтай нь би шалгалтдаа бүртгүүлсэн боловч ковидоос болоод өгч чадахгүй нэг жил хүртэл хойшиллоо. Гэсэн ч “цаг үе нь ингээд таарчихлаа, хичээгээд бэлдээд байхад өндөр оноогоо авч чадна” гэсэн бодлоор өдийг хүртэл бэлдэж байна даа.

Би бэлдэж байх нэг жилийн хугацаандаа өнгөрсөн арваннэгдүгээр сард л нэг удаа сургалтад суусан. Түүнээс өөрөөр бие даан бэлддэг. Сургалтад суух боломж тийм ч их олдохгүй байгаа болохоор л тэр. Анх 2020 оны дөрөвдүгээр сарын шалгалтад бүртгүүлсэн ч хойшилсоор одоо дөрөвдүгээр сард шалгалттай болсон. Ахиад хойшлохгүй байгаасай л гэж хүсье.

Би интернетээс бие даан ном сурах бичиг татаж, өөрөө жишиг шалгалт хийж хэрэндээ л зүтгэнэ. Боломжоороо л..... Гэвч сүүлийн үед жишиг даалгавар хийх бүрд оноо буураад байх юм. Өндөр оноо авахын тулд 10-с их алдах эрх байхгүй. Би тэгэхэд юун 10. 13, 15 л алдахад сэтгэлээр унана. Маш энгийн, амархан, дунд түвшний асуултууд дээр алдаад, гүнзгий түвшний асуултыг алдах нь маш бага байгаа юм. Шинэ үг, дүрэмдээ анхаарч, тактик ч сурч байгаа боловч яагаад ийм амархан асуулт дээр алдаад байна вэ гэдэг минь ойрд намайг шаналгасаар. Анхааралгүй суусанд байна уу, хангалттай хичээхгүй байна уу... Ойлгохгүй юм. Бүтэн нэг жил хойшилж байхад хамгийн өндөр оноог авах ёстой гэсэн зорилгоор өглөөнөөс орой болтол бэлдэж, хажуугаар нь Монголд сурч байгаа болохоор хичээлээ ч хийж байгаа. Яг одоо юу дутаад байна, юун дээр анхаарах ёстой бол, яавал оноогоо дээшлүүлэх вэ гэдэг асуудал л чухал байна. Энэ эргэлзээнд минь жаахан ч болов гарц олж өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө гомдохгүй гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй байх нь түгшүүрийг бууруулна

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Захиаг чинь уншиж байхад ямар сайн бие дааж хичээж байгаа юм бэ гэж бодлоо. Зүгээр суугаагүй байна. Өөрийн зүгээс чадах зүйлээ хийж байна. Одоо байгаа хэмжээндээ үргэлжлүүлэн хийвэл алзахгүй болов уу?

Шалгалтын өмнөх стресс өөрт чинь бий болж байгаа байх. Шалгалтаас үүдэлтэй стресстэй оюутан залуусаас шалгалтын өмнө болон шалгалтын дараа судалгаа авахад шалгалт өгсөн оюутнуудын стрессийн түвшин илт буурсан байв. Иймээс шалгалтын стрессийг шалгалтаа өгч байж даван туулна гэсэн үг.

Стресс нь сөрөг ч байдаг, эерэг ч байдаг. Стресс нь дан муу зүйл биш бөгөөд аливаа сорилтод биднийг идэвхжүүлж байгаа тархины хариу үйлдэл юм. Мөн стрессийн хариу үйлдэл нь тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, улмаар анхаарал, төвлөрөлт, эрч хүч болон шийдэмгий байдал сайжирч байдаг.

Шалгалт бол нэгэн төрлийн бэрхшээл хэдий ч давах ёстой сорилтуудын нэг. Аливаа сорилт болгон амаргүй байдаг. Шалгалтдаа ач холбогдол өгч байгаа болохоор санаа зовж байгаа. Санаа зовж байгаа болохоор үйлдэл хийж байгаа. Санаа зовоогүй байсан бол одоо байгаа шигээ бэлдэж чадах байсан болов уу? Өөрт чинь ач холбогдолтой болохоор зорилго бий болгоод түүнийхээ төлөө хичээж байгаа юм.

Шаардлагатай бол энэ шалгалтын талаарх туршлага солилцож чадах хүмүүстэй холбогдож ярилцаж үзээрэй. Хамгийн өндөр оноо авна гэж зорилго тавьсан нь сайн байна. Гэхдээ шалгалтын хариу ямар ч гарсан би хамгийн сайнаараа хичээсэн болохоор өөртөө гомдохгүй гэдэг сэтгэлийн бэлтгэлтэй байх нь анхаарал сарних, санаа зоволт, түгшүүрийг тодорхой хэмжээнд багасгана. Мөн ирээдүйд төвлөрөх биш одоо цагт төвлөрөхийг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter