АНУ-ын нэрт зохиолч Лили Кинг бусдын дотоод ертөнц, зүрх сэтгэлд хүрч чаддаг бүтээлүүдээрээ уншигчдын хайр, хүндлэлийг хүлээсэн нэгэн билээ. Түүний 2020 онд гаргаж байсан хайрын эрэлд гарсан эмэгтэйн тухай өгүүлдэг “Writers & Lovers” роман нь New York Times-ын бестселлер болж байлаа. Харин саяхан гаргасан ном болох “The Heart of a Lover” нь түүний уран бүтээлийн оргил үедээ туурвиж байгаа хайрын тухай өгүүлэх өвөрмөц бүтээл болж чаджээ.
Номын тухай
Лили Кингийн “The Heart of a Lover” ном нь 1980-аад оны их сургуулийн амьдрал болон өнөө цаг үе хоорондыг холбосон хоёр түүхийг харуулна. Энэ романд залуу насны гал халуун хайр, уналт, уучлалын тухай өгүүлэх бөгөөд уншигчдыг анхны хайрын гэгээн бас гашуун дурсамж руу буцаадаг. Түүхийн гол дүр болох Жордан нь их сургуульд гольфийн тэтгэлгээр орсон, ирээдүйд зохиолч болох хүсэлтэй нэгэн. Яш ба Сэм хоёр нь их сургуулийн оюутны байранд харгалзаж амьдардаг бөгөөд Жордан удалгүй тэдний ихэнх цагаа өнгөрөөдөг болно.
Гурвуул ном уншиж, карт тоглон, уран зохиол, бичгийн урлагийн талаар маргалдаж цагаа өнгөрөөнө. Тэдний нөхөрлөл аажмаар хайрын харилцаа болон хувирч сэтгэл хөдлөлийн уналт, өсөлтөөр дүүрэн аялал эхэлнэ.
Энэ ном гурван хэсэгтэй. Эхний хэсэг нь их сургуулийн дурсамж, хөгжилтэй үдэшлэг болон дуу хөгжимтэй хамт өрнөнө. Харин дараагийн хоёр хэсэг олон арван жилийн дараа Жордан нөхөр, хүүхдүүдтэйгээ амьдарч байх үед өрнөдөг. Гэвч нэгэн өдөр залуу насны тэр хайр нь дахин амьдралд нь орж ирнэ. Тэндхүү яриа, нулимс, дурсамжууд уншигч танд нулимс дуслуулж магадгүй л юм.
Номын бусдаас ялгарах онцлог
Зохиолч энэ номдоо хайрын халуун дулаан хүч болон өвдөлтийг нэгэн зэрэг мэдрүүлж чадсан нь онцгой. “Ингэж сайхан мэдрэхэд жаахан өвдөж байна.” хэмээх Яшийн хэлсэн үгс энэ романы бүх утгыг илэрхийлэх мэт. Хүн бүрийн дотор нуугдаж байдаг хайрын мөн чанар, гомдох, уучлах сэтгэлийг “The Heart of a Lover” ном сэтгэлд хүрэхүйц байдлаар дүрсэлж чаджээ.
Энэхүү бүтээл нь хайр бол зөвхөн аз жаргал бус өөрийгөө ойлгох, бусдыг уучлах, мөн алдсан мөчийнхөө дараа дахин гэрлээ олох тухай өгүүлдэг сэтгэл хөдөлгөм түүх юм. Зохиолчийн бичлэгийн хэв маяг намуун атлаа гүн ухаалгаар илэрнэ. Тэрээр хайрын энгийн мөч бүрийг өгүүлэх нь уншигчдад өөрийн амьдралаас энгийн жижигхэн хайрын мөчийг олж харах сэдэлд хөтөлнө.
Номын гол санаа нь жинхэнэ хайр бол төгс байдал биш харин өөрийн болон бусдын сул талыг хүлээн зөвшөөрөх чадвар юм. Заримдаа хайр бол аз жаргал бус харин итгэл, тэсвэр тэвчээр байдаг. Энэ нь зохиолын дүрүүдийн алдаа гаргаж, уучлал хүсэн дахин эхэлж буй хэсгүүдээр холбогдон гол санаагаа хүргэнэ. “The Heart of a Lover” нь уншигчдыг гүн бодолд автуулж “Би бусдыг хэрхэн хайрладаг вэ?” гэж өөрөөсөө асуухад хүргэх болно. Мөн номын үгс гашуун үнэн, хатуу сэдвийг зөөлөн аялгуугаар илэрхийлж чаддаг.
Зохиол хэрхэн бүтсэн бэ?
Лили Кинг энэ номоо анхлан бичихдээ хайрын тухай биш харин улс төрийн нууц сэдэвтэй зохиол бүтээхээр төлөвлөж байсан ч энэ сэдэв рүү хөтлөгджээ. Түүний найз зохиолч Анн Пэтчеттийн “Tom Lake” романы гар бичмэл түүнд урам өгч “The Heart of a Lover” санаа төрсөн байна.
Тэрээр “Хайрын тухай зохиолыг бид заримдаа хөнгөн, үнэ цэнгүй зүйл гэж үздэг. Гэхдээ хайргүй бол бидэнд юу үлдэх юм бэ?” хэмээн хэлсэн нь энэ бүтээлийн гол санаа болжээ. Лили Кингийн бага нас 14 хойд ах дүүтэй, ганцаардмал өнгөрсөн нь түүнийг ажигч, уран бүтээлч болгосон гэж тэр дурсдаг. Түүний дүрүүдийн дотоод ертөнцийн эмзэг байдал нь магадгүй түүний амьдралын тусгал юм.
Эх сурвалж: Guardians
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!