Электрон тамхинд орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Электрон тамхинд орсон эсэхээ хэрхэн мэдэх, яаж түүнээс гарах талаар Донтох эмгэг судлаач Ж.Гантулгаас тодрууллаа.

ЭЛЕКТРОН ТАМХИНД ОРСОН ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА

Бусдын шаардлагаар ч юмуу эсвэл өөрийн хүслээр больчихъё гэж хүсээд зорисон боловч гарч чадахгүй байгаа бол хамааралтай болсон гэсэн үг. Хэрвээ сонирхох төдий байвал аав ээж мэдээд ч юмуу багш найз нөхөд нь хэлээд энэ ер нь дэмий юм байна гээд больчихож байгаа бол хамааралд ороогүй байна гэсэн үг.

Бие нь цаанаасаа нэхээд түүнийгээ хэрэглэж байж тайвширч төвлөрөөд байгаа бол, өдөр бүр л татаад байгаа бол донтох эмгэгтэй болчихсон байна гэдгийг харуулдаг. Тамхины төрлийн бодисууд ер нь донтолт үүсгэх хүчин чадлаараа хамгийн хурдан байдаг. Түүний цаана никотин байна гэсэн үг. 

Янжуур тамхи хэдийг татаж байгаагаа мэдэх боломжтой байдаг бол электрон тамхийг тооцоолох боломжгүй. Тухайн хүн завтай үедээ, хийцгүйрэхээрээ татаад байгаа бол өдөрт 10 янжуур тамхитай тэнцэх хэмжээний тамхи татаад байна уу 20 уу гэдэг нь тодорхойгүй. ДЭМБ-ийн зөвлөмжөөр та өдөрт нэг ширхэг татсан ч магадгүй электрон тамхийг нэг сороод үзсэн ч хор нөлөөнд өртөж байна. Ийм хэмжээтэй татвал гайгүй, эрсдэлгүй гэсэн үзүүлэлт байхгүй. 

ХЭРХЭН ГАРАХ ВЭ

Хамаарал бага байгаа, сонирхож байгаа түвшинд өөрөө зориод гарахад тийм ч хэцүү биш. Өөрөө гарах гээд чадахгүй байгаа тохиолдолд мэргэжлийн хүний дэмжлэг + сэтгэл заслын эмчилгээ байдаг. Эмч хүн өвчтөнд тусламж үзүүлэх аргачлалаар эмчилнэ. Шааардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ байдаг. 

Мэргэжлийн хүмүүс зэмлээд буруутгаад байдаггүй, анагаах ухаан талаасаа энэ нь эмгэг учраас тусламж үзүүлдэг. Тамхи татдаг хүмүүс ханиад хүрэх үед хүндэрдэг. Мөн санхүүд муугаар нөлөөлдөг гоо сайхан эрүүл мэндийн хувьд эрсдэлд ордог. Хараа муудна, ядардаг болдог, жин нэмдэг зарим нь хасдаг. Олон жил тамхи татсан хүн тамхи татдаггүй хоёр хүн мэс засалд ороход эдгэрэл нь их өөр байх жишээтэй.

Бидний бие сэлбэггүй ирсэн. Бие эрхтэн муудлаа гэхэд солиод тавьчих боломжгүй. Донтолт үүсэх зүйлээс ангид амьдрах боломжтой. Хааяа нэг татдаг гэдэг нь тамхи татдаг л гэсэн үг.  Энэ нь явцын дунд ихсэх тохиолдол нь олон.

#Электрон тамхи #донтох эмгэг