Сэтгэл бол хүн бүрд заяадаг ч нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдаж тэмтрэгдэхгүй хамгийн эмзэг эрхтэн. Энэ эрхтэн өвдөхөд бие махбод өвддөггүй ч сэтгэлийн гүнд нам гүмхэн харуусал, ганцаардал, түгшүүр үүсэж, амьдралын өнгө алдагддаг. Харамсалтай нь олон хүүхэд, өсвөр үе, залуус энэ үл үзэгдэх өвдөлттэй өдөр бүр ганцаараа тэмцэж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг сэтгэцийн хүнд эмгэг эсвэл амиа хорлолтоор хязгаарлаж болохгүй.
Анги хамт олноос тусгаарлагдах, ганцаардах, нойргүйдэх, өөрийгөө үнэ цэнгүй гэж бодох, сэтгэл гутралд автах зэрэг мэдрэмжээр илэрч өдөр тутмын амьдралын тэнцвэр алдагдах нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсны дохио юм.
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дахинд 10-19 насны долоон хүүхдийн нэг нь ямар нэг сэтгэцийн эмгэгтэй амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн талаас илүү нь 18 нас хүрэхээсээ өмнө сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай болж байна.
Монгол улсын хувьд өсвөр насныхны 30.5 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, 9 хувь нь сэтгэл хөдлөл болон зан үйлийн эмгэгтэй болох нь судалгаагаар тогтоогдсон.
Мөн 2023 онд 6-17 насны 361801 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулахад дийлэнхэд нь анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх, сэтгэл түгшилт, сэтгэл гутралын шинж тэмдгүүд илэрчээ. Цаашилбал өсвөр үеийнхний амиа хорлолт нийт нас баралтын 10 хувийг эзэлж байна. Үүнээс 15-19 насны 4 нас баралт тутмын нэг нь амиа хорлолт байна. Дээрхээс харахад хүүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд анхаарах ёстой асуудлуудын нэг болоод байгаа бөгөөд хүүхэд бүрийн цаана хэлж чадаагүй сэтгэлийн үгс, ойлгогдоогүй мэдрэмж, илэрхийлээгүй хэрэгцээ оршиж байна.
Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас гаргасан статистик мэдээллээр 2022 оны байдлаар 5347 хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол 2023 онд 5612 болж 4,7 хувиар өссөн байна. Хэдийгээр олон хүчин зүйлс нөлөөлж байгаа боловч хүүхэд бүрд нийтлэг нэг л шинж илэрдэг. Тэдний сэтгэл "сонсогддоггүй", өвдөлт мэдрэгдэхгүй байна. Хүүхдүүд дотроо маш их зүйл тээж явдаг ч гэр бүл, сургууль, найз нөхөд, нийгэм тэдэнд "зүгээр дээ", "том болоод мартана" гэж ханддаг.
Энэ бол үл анзаарах, үйл ойлгох хандлага юм. Энэ нөхцөл байдал нь зөвхөн хувь хүн, гэр бүл, сургуулийн хүрээнээс хальж, нийгмийн хэмжээнд арга хэмжээ авах шаардлагыг бий болгож байна.
Иймээс Монгол Улсын Засгийг Газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор баталсан "Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр", Монгол Улсын Эрүүл Мэндийн сайдын баталсан 2024 оны А/148 тоот "Сэтгэцийн эрүүл мэнд 2024-2027" арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн хүүхэд, өсвөр үе, залуусын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн асуудлыг ичих бус, ойлгох, хүлээн зөвшөөрөащх хандлагыг нийгэмд төлөвшүүлэх шаардлага тулгарч байна.
СЭМҮТ-ийн хэвлэл мэдээллийн алба
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!