Spice Girls хамтлагийн гишүүн Виктория Бекхэмийн баримтат кино цацагдлаа


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Виктория Бекхэм бол 1990-ээд оны алдарт поп охидын хамтлаг Спайс Гёлс (Spice Girls) хамтлагийн гишүүнээр танигдсан дуучин, загвар зохион бүтээгч билээ. Тэрээр хамтлагтаа байхдаа “Posh Spice” хочтой байсан. Энэ нь дэгжин, загварлаг гэсэн утгатай аж. Дуучны карьерынхаа дараа Виктория өөрийн “Victoria Beckham” брендийг үүсгэн байгуулж дэлхийд танигдсан загвар зохион бүтээгч болж чадсан юм. Мөн алдартай хөлбөмбөгчин болох Дэвид Бекхэмтэй гэрлэсэн гэдгээр олон нийтийн хараанд өртдөг болсон билээ.

Түүний амьдралын талаар хийгдсэн баримтат кино саяхан Netflix-ээр цацагджээ. Виктория Бекхэмйн карьерын ард ямар нууцлаг зүйлс өрнөдөг, хүнд хэцүү юутай нүүр тулдаг зэрэг хүмүүсийн хардаггүй талуудыг харуулахаар зорьжээ.

Энэхүү цуврал нь Эмми шагнал хүртсэн “БЭККЭМ” багийн бүтээл бөгөөд  киноны найруулагч Надиа Халлгрений удирдлага дор бүтээгдсэн байна.

Баримтат киноны гол агуулга

Цуврал нь Викториягийн Spice Girls хамтлагтай хамтдаа бүтээсэн амжилт, алдартай хөлбөмбөгчин нөхөртэйгээ байх харилцаа, загварын салбарт тууштай хөдөлмөрлөж буйг харуулна. Мөн 2025 оны хавар, зуны цуглуулгаа Парисын загварын долоо хоногт танилцуулахад бэлдэж буй явц нь өнгөрсөн ба одоогийн түүхийг нэгтгэн амжилт болон сорилтыг илтгэнэ.

Hallgren найруулагчийн хэлснээр Викториягийн түүхийн сонирхолтой тал нь түүний байнга өөрчлөгдөж, шинэ зүйл рүү алхах зоригтой зан чанар байсан гэнэ. Тэрээр хэлэхдээ “Виктория саяхан 50 нас хүрсэн. Тэр одоо амьдралынхаа шинэ дүрд орж би одоо хэн бэ гэдэг асуултад хариулах аялалд гарч байгаа нь сонирхолтой” гэж байв.

Цуврал нь зөвхөн Викториягийн амьдралын амжилт, бэрхшээлийг харуулаагүй. Загварын салбарын томоохон мэргэжилтнүүд болон найз, гэр бүлийн хүмүүсийн үзэл бодол бүгд багтжээ.

Түүний нөхөр баримтат кинонд оролцсон уу?

Түүний нөхөр болох Дэвид цувралын гол дүрийн нэг бөгөөд камерын арын хөгжилтэй мөчөөс эхлээд илэн далангүй, нээлттэй ярилцлагад хүртэл оролцсон. Зохиолч хэлэхдээ хосуудын харилцааг сонирхолтой болгосон зүйл нь карьер болон хосын харилцаагаа хамт туулсан явдал гэсэн байна.

Дэвид амьдралынхаа олон жилд спортоор хичээллэсэн. Тэд хоёулаа маш их хүсэл тэмүүлэл, зорилготой хоёр хос. Энэхүү зан чанар нь тэднийг хамтдаа өсөж дэвшихэд ихэд тусалдаг байна.

Цуврал юу харуулахыг зорьсон бэ?

Виктория шоугаа бэлдэж байх үеийн бодит, зохиомжгүй үйл явцыг харуулна. Үүгээр олон нийтийн нүдэнд байнга өөрчлөгдөж буй эмэгтэйн олон талт дүр төрхийг харуулсан. Хоолны хэмнэл алдагдал, биеийн дүр төрхтэй холбоотой бэрхшээлүүд, хэвлэл мэдээллийн шүүмжлэл зэрэг түүний эмзэг талуудыг ч нэлээд тусгажээ.

Эх сурвалж: tudum

#Victoria Beckham #Spice Girls